Евробүсийн хямрал “Төмөр хатагтай”-г зэврээж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Евробүсийн хямрал “Төмөр хатагтай”-г зэврээж байна

Сүүлийн жилүүдэд Герман улс хөгшин Европын хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож ирсэн. Германыг тойрсон бусад Европын улс орнууд эдийн засгийн гэнэтийн цохилт, хямралыг даван туулахаар тэмцэж ядан байхад Герман улсын эдийн засаг тогтвортой, тууштай замаар хөгжиж, Германы эдийн засаг болоод эдийн засгийг жолоодож яваа удирдлагууд дэлхий дахинд үлгэр жишээ болж ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд бат тогтвортой байсан Герман улс бусад хөрш орнуудынхаа эдийн засгийг унагаж, дампууруулахгүй байх үүрэг амлалтандаа үнэнч байж, урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгогчдын тэргүүн эгнээнд элссэн явдал нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж хөршүүдийнхээ нэгэн адил санхүү төсөвтөө анхаарч ажиллахад хүргэлээ.

Еврог аварч үлдэх хамгийн чухал арга зам гэдгийг эс тооцвол Германы хийж буй үйлдэлд ард түмэн нь тун дурамжхан байна. Еврогийн хямралын үед Германы засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг ард түмэн сайшааж эсвэл буруушааж байгаа эсэхийг танадах зорилготой “Bloomberg”-ээс явуулсан олон нийтийн санал асуулгын дүн мягмар гаригт гарахад нийт санал асуулгад оролцогчдын 15 хувь нь дэмжсэн санал өгч, үлдсэн 75 хувь нь огт дэмжихгүй байна гэсэн санал өгчээ.

Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл, тусламжууд чухамдаа зөвхөн эдийн засагт төдийгүй нийгэмд ямар халдвартай, хөгжлийг хэрхэн хойш татдаг болохыг Евро бүсийн орнуудад олгосон олон тооны зээл тусламж батлаад өглөө. 

Хэзээ ч унтаршгүй, хатуу чанад Германы “Ган төмөр хатагтай”-д энэ удаагийн хямрал нэлээд хүнд тусч, тэрээр “Зэвэрсэн төмөр” хатагтай болоод байна.

Өдгөө 57 настай Меркел Коммунист Зүүн Германд өсч, хүмүүжсэн нэгэн бөгөөд улс төрд орж, барууны хүчний Христийн Ардчилсан консерватив намд элсэхээсээ өмнө эм зүйн мэргэжлээр суралцжээ. Тэрээр парламентад ороод 15 жилийн дараа буюу 2005 онд анхны эмэгтэй канцлераар сонгогдож, улмаар 2009 онд дахин улиран сонгогдож өнөө хүртэл энэ албыг амжилттай хашиж яваа нэгэн юм. Хэдий өнөөг хүртэл сайн нэртэй, сайхан түүхтэй яваа ч хатагтай Меркелийн рейтинг цаашид буурах хандлагатай байгааг Германы үндэсний телевизээр саяхан явуулсан судалгаа харуулжээ. Түүний нэр хүнд аажмаар унаж байгаа явдал нь Христийн Ардчилсан намын рейтингд ч нөлөөлж байгаа бөгөөд еврогийн хямралын эрин үед ирэх сонгуульд тус намын гишүүдийн эзлэх суудлын тоо цөөрч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тоо баримтаар хатагтай Меркел болон түүний намын хөтөлж яваа эдийн засаг жолоогоо алдах зүгтээ хандаж байгааг анхааруулжээ. 2011 оны хоёрдугаар улиралд Германы ДНБ ердөө 0,1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ үзүүлэлтийг нэгдүгээр улирлын 1,3 хувийн өсөлттэй харьцуулахад тун хангалтгүй гарсан нь харагдаж байна.

Гэхдээ удаан хугацаанд тогтвортой байсан Германы эдийн засаг хямралын шуургыг бусад хөршүүдтэйгээ харьцуулахад харьцангуй хурдан даван туулна гэсэн таамаг ч мөн ажиглагчдын дунд байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж