
Шүүмжилж буй хүмүүс төрд ядаж жил ажиллаад үзэх хэрэгтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн газрын дарга Б.Наранзуныг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яам олон чухал салбарыг өөртөө багтаасан,
төрийн том байгууллага байна. Гэхдээ боловсролыг соёл, шинжлэх
ухаанаас илүү анхаардаг нь ажиглагддаг. Өмнө нь бид Соёлын яамтай
байсан болохоор ингэж асууж байна?
-Ерээд оноос өмнө
нийгмийн тогтолцоо маань өөр байсан. Үүнтэй адилаар Соёл, урлагийн
асуудлыг өөр өөр хүрээнд авч үзэж үзэл суртал, нийгмийн давхарга, хүн
ам руу чиглэсэн үйл ажиллагаа нь нэг намын бодлогод суурилсан гээд бүх
зүйл өөр байсан. Харин өнөөдөр бол нийгэм өөрчлөгдөхөөр тогтолцооны
хувьд ч нээлттэй, чөлөөтэй биеэ даасан хэлбэр рүү орсон. Тэгэхээр бид
өнөөдөр ямар тогтолцоогоор явж байна вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Өмнөх
нийгэмтэй хольж, хутгаад, “Тэр үед сайхан байсан, хуучнаараа байх нь
зөв байж” гэж зарим хүмүүс ярьдаг. Гэтэл бид одоо байгаа нөхцөл
байдалдаа тохирсон бодлогыг зөвхөн соёл, урлагаар зогсохгүй бусад бүх
салбарт чухалчлах ёстой шүү дээ. Тийм байсан гэдэг үг өнөөдөр сонин
биш. Улс оронд тулгамдаад байгаа асуудал олон байна. Дэд бүтэц, эдийн
засгийн тогтвортой байдалд илүү анхаарах тухай ярьж байна. Энгийнээр
ярих юм бол эхний ээлжинд эдийн засгаа босгож, хөрөнгө мөнгөтэй болох
хэрэгтэй байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр эхлээд соёл,
шинжлэх ухаанд оруулах нь юу л бол. Дэс дараатай, төрийн, улс орны
хөгжлийн нэгдсэн бодлого, зорилт нь ийм. Гэхдээ энэ салбар бүр
орхигдсон, анхаарахгүй байна гэсэн үг биш л дээ. Жил бүр соёл урлагт
зарцуулдаг төсөв, хөрөнгө оруулалт харьцангүй нэмэгдэж байгаа. Хууль эрх
зүйн шинэчлэлүүд хийгдэж байна. Соёл, урлаг угаасаа улсад ашиг орлого
авчирдаг салбар биш. Харин ч мөнгө зарах салбар болчихоод байна.
Хүмүүс өнөөдөр гэдэс нь өлсгөлөн, халаас нь хоосон байхад хүсэл
зорилго нь амьдралынхаа баталгаа руу илүү чиглэсэн, соёл урлагаас арай л
хол байх шиг байна. Тиймээс яг одоо Соёлын яам хараахан шаардлагагүй
гэж төрөөс үзэж байгаа. Энэ нь цэвэр хөрөнгө, санхүүтэй холбоотой юм
билээ. Харин хууль эрх зүй, зах зээлийн судалгаа, зөв менежмент, арга
зүйг өнөөдөр хийх нь эхний ээлжинд шаардлагатай байна.
-Гэхдээ үүнийг анхаарсан бодлого гаргаж л байгаа биз дээ?
-Бид
бодлогогүй биш, бодлоготой шүү дээ. Харин ч манайх шиг сул эдийн
засагтай хэрнээ ардын болон сонгодог, орчин үеийн урлагаа тогтвортой
санхүүжүүлээд явж байгаа улс орон тийм олон биш. Соёлоо бүр алдчихсан
улс ч байдаг шүү дээ. Бидний хувьд соёлоо авч явах нь зайлшгүй зүйл. Энэ
бол бидний нэрийн хуудас. Наад зах нь биднийг хятад, солонгос хүнээс
ялгаж өгнө шүү дээ.
-Та өөрөө продюсераар ажиллаж байсан хүн.
Яагаад гадны орнууд шиг урлагийг цэвэр шоу бизнесийн зарчмаар яваг гээд
орхиж болдоггүй юм бэ?
-Миний продюсераар ажиллаж байсан үе
бол өөрийн минь хоббитой илүү холбоотой. Залуу үеэ дэмжиж, өөрөө уран
бүтээл туурвиж, орчин цагийн урлагт хувь нэмрээ оруулах гэж зүтгэж
байсан. Тодорхой хүрээнд хийх зүйлээ хийсэн гэж боддог. Гэхдээ миний
үндсэн мэргэжил бол урлаг судлаач, урлагийн менежмент шүү дээ. Энэ ажлаа
хийх бололцоо надад өмнө нь байгаагүй л гэсэн үг. Одоо яг үндсэн
мэргэжлээрээ ажлаа хийгээд сууж байна. Чиний асууж байгаа асуулт бол
арай өөр талтай л даа. Ер нь бол урлаг өөрөө өөрийгөө л хөгжүүлдэг. Тэр
бол үнэн. Чиний асууж байгаа шоу энэ тэр чинь зүгээр л урлагийн нэг л
хэсэг нь. Уран бүтээл, шоу хийж байгаа талаас нь л хараад байна. Үүнээс
гадна олон чиглэл байна. Музей, номын сангаар шоу хийж болох уу. Шоу
болдгоороо болж байгаа. Тийм л учраас дуучин С.Жавхлан, Д.Болд нар
өөрсдөө тоглолтоо хийгээд бие даагаад өөрсдийн хүчээр явж байна. Олон
продакшн, нэгдэл байгуулагдлаа. Шоуг бол гялалзуулж л байна. Гэхдээ
нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хэт шоу хөөгөөд явбал ард нь үлдэх уламжлал,
сонгодог урлаг, хэл бичиг соёлоо яах билээ. Ардын уламжлал гэдэг чинь
шоу байж таарахгүй шүү дээ. Энэ бол уламжлалаараа л үлдэнэ. Монгол хүн,
Монгол Улс, Тусгаар тогтнол, цаашилбал үндэсний аюулгүй байдалтай
холбоотой зүйл шүү. Жишээ нь гадны хүмүүс “Монгол гэж юу вэ?” гэхээр “Их
содон үндэсний хувцастай юм билээ. Дуу нь бас их сонирхолтой. Бас
өөрсдийн босоо бичигтэй, Хэл утга зохиол, яруу найрагтай, соёлын өв, зан
заншилтай юм байна билээ” гэж ойлгож авах л ёстой. Би өнөөдөр
нүүдэлчний соёл гэж зөвхөн хөдөө нутгийг яриад байгаа хэрэг биш гэж
ойлгох хэрэгтэй. Би өөрөө ардын урлаг судлаач мэргэжилтэй хүн л дээ.
-Нүүдэлчин соёл гэж үлдсэн болов уу. Наад зах нь хөдөөгүүр нил хятад мотоцикл унасан хүмүүс байгаа юм биш үү?
-Байлгүй
яахав. Бүгдээрээ тийм мотоцикль унаад яваад байгаа гэж хэлж болохгүй.
Би сая хөдөө явж байгаад ирлээ. Морио унасан, дуу дуулж яваа хүмүүс
байж л байна лээ. Бид мэдээллийг хүлээж авахдаа замбараагүй
болгочихож. Тиймээс л бид өнөөдөр аливаа юмыг өргөн утгаар нь
харахдаа сул болчиж. “Тэр тэнд тасархай баян болчихож. Тийм жийп
уналаа” гэсэн мэдээллийг шууд хүлээж авч байна. Гэтэл “Энд ийм хүн
морин хуур сурчээ. Бусдадаа зааж байна” гэх мэдээлэл олны чихний
хажуугаар өнгөрөөд байна.
-Гэхдээ таныг ардын урлаг гэхээс илүү рок, попын салбарт элэгтэй гэх юм билээ?
-Наад
үг чинь бусдын л бодол. Бүх салбараар нь адил үзэж, ажиллаад л явж
байна. Үнэндээ соёл урлагийн салбар ийм их ажилтай байдаг гэдгийг би
өөрөө анх сайн мэдээгүй л явсан. Зарим хүмүүсийн адил “Энэ хүмүүс юу
хийдэг юм бол” гэсэн бодолтой байлаа. Гэтэл юм мэдэхгүй, мэдэхийг
хүсэхгүй байгаа хүн л тэр талаас нь хардаг юм билээ. Монгол хүн, Монгол
нутагтаа амьдарч байгаа бол улс эх орныхоо төлөө төрийн ажлыг
тодорхой хугацаанд хийж үзэх л хэрэгтэй. Цэргийн алба хааж, улс орноо
хамгаалдаг шиг төрдөө ч бас ажиллаад, хүчээ өгөөд үзэх ёстой.
Тэгвэл шал өөр зүйлийг мэдэрнэ. Төрийн ажлыг ойлгохгүй шүүмжилж
сууснаас төрийн албанд жил ч болтугай ажиллаад үзэх хэрэгтэй.
Төрийн албан хаагч яагаад тангарага өргөдөг юм, юу хийх ёстой юм
гэдгийг ойлгоно. Хууль тогтоох дээд байгууллага хуралдаж ажиллаад
гаргасан шийдвэр, тогтоол хуулийг нь бид хэрэгжүүлэхээр ажилладаг.
Түүнээс биш бид энд хууль гаргаж, хэрэгжүүлээд байгаа хэрэг биш. Тийм
бололцоо ч байхгүй. Зарим журам, дүрэм бодлогын бичигт цаг үедээ
таарсан өөрчлөлтүүдийг бид оруулаад л явж байна. Маш олон асуудал гарна
л даа.
-Ер нь соёл, урлагийн асуудалд хүн хүч, хөрөнгө санхүү дутагдалтай байдгийг урлагийнхан өөрсдөө хэлдэг?
-Ер
нь урлагийн хүмүүс уран бүтээлдээ л ач холбогдол өгөөд байдаг. Түүнээс
биш миний тоглолтыг хэдэн хүн үзэх бол гэдэг тал дээр тэр болгон
анхаардаггүй. Огт зах зээлээ мэдрэхгүй бол өнөөдөр тэрбум төгрөгөөр
баримтат кино хийх шаардлага бидэнд байхгүй. Өнөөдөр Холливудад гарсан
хэдэн сая ам.долларын зардалтай киног монголынхоо 50 сая төгрөгт бүтсэн
кинотой харьцуулчихаад эргээд бодит байдлаа нэг сайн харах хэрэгтэй.
-Бидэнд гадаад зах зээл хэрэгтэй байх. Тийм үү?
-Улс
орнууд өөрсдийнхөө зах зээлийг хамгаалж байгаа. Тэд биднийг
“Манайхаас ирж соёл урлагаараа мөнгө олооч “ гэж хэзээ ч хэлэхгүй.
Тэдэнд монгол соёл хамаа байхгүй. Тэд өөрсдийнхөө соёлыг л бидэнд
“чихээд” байдаг шүү дээ. Гэтэл Монголчууд асар авъяастай ард түмэн.
Үүнийг би хаана ч хэлнэ. Монгол хүний нэг сайхан хандлага байдаг. Монгол
хүний цээжинд дэлхий тэр чигтэй багтсан явдаг. Хуучин социализмын үед
ингэж ярьдаг байлаа шүү дээ. “Монгол хөгжлөөрөө дэлхийд хоёрт байгаа.
Нэгдүгээрт, Орос байдаг” гэж. Мэдээлэл үнэхээр хомс байж дээ. Тэгвэл бид
ирээдүйд жинхэнээсээ нэгдүгээрт орно гэж итгэж явах ёстой
-Та энэ ажлыг авангуутаа нэлээд бухимдангүй ярилцлагууд өгч байсан санагдах юм. Асуудал их байв уу?
-Хэл,
ам их байсан нь үнэн. Өнгөрсөн жил гэхэд л 900 гаруй санал гомдол
өргөдөлд хариу өгсөн. Гэтэл тэднийх нь дунд хов, живийн зүйл ч байсан.
Хүмүүс чинь дээхнэ үед байсан шиг ээ хов бичдэг хэвээрээ юм билээ. “Тэр
хүн тэгдэг шүү” гэж бичнэ. Баахан түүхий төсөл авчираад өгчихнө. Өнөөх
нь зах зээл, бодит байдалдаа уялдахгүй байх нь ч бий. “Энд сандал,
ширээ, хөгжмийн зэмсэг хэрэгтэй байна” гэх зэргээр байнга орж ирдэг. Нэг
дор тийм их асуудал гарахаар хүнд амар санагдахгүй нь ойлгомжтой.
-Соёл, урлагийн газар гэхээр зүгээр л шагнал гардуулдаг хүмүүс сууж байдаг гэх ойлголт байна?
-Соёл,
урлагийн ажилтнуудыг хөрөнгө мөнгөөр урамшуулж, олон жилийн хөдөлмөрийг
нь үнэлэх бололцоогүй байгаа учраас тодорхой хэмжээнд урамшуулах л
хэрэгтэй. Тэр соёл урлагт хийсэн гавъяаг нь үнэлэх ёстой. Гэхдээ ялгаж
салгаж ойлгомоор байгаа юм. 20 жил урлагт зүтгэсэн хүнд СТА өгөхөөр бид
шагнаад явж байдаг болж таарах уу. Энэ салбарыг хариуцсан хүн болохоор
би шагнахгүй бол өөр хэн тэр шагналыг өгөх юм. “Би шагнал өгөхөөр хэл
аманд ороод байна. Ингэмээргүй байна” гээд нэг таксины жолоочоор
дамжуулж хүний шагналыг өгөх үү. Хүмүүс намайг шоудаж байна. Шагнал
гардуулаад байгаа, удахгүй сонгуульд нэр дэвших гэж байгаа байх гэж
хараад байдаг. Надад ямар ч улс төрийн сонирхол байхгүй. Би төрийн албан
хаагч шүү дээ. Түүнээс улс төрийн албан тушаалтан биш. Надад хийх ёстой
өчнөөн ажил байна. Үүнийгээ л хийж явах үүрэгтэй. Хүмүүсийн олон юм
ярих нь надад хамаа байхгүй.
-Танд студид очиж, уран бүтээл дээр ажиллах зав чөлөө гарч байна уу?
-Би
ер нь урлагаа хаяхгүй гэж боддог. Тийм учраас амралтын өдрүүдээр заавал
нөгөө муу компьютерээ асааж, хөгжмөө бичдэг. Энэ нь миний тархинд
байгаа хэрэгтэй, хэрэггүй мэдээлийг ялгахад тусладаг. Бас өмнө нь би
хөдөө явах нэг их дургүй байсан. Сүүлийн үед боломж л гарвал хөдөө
гардаг болоод байгаа.
-Хөдөөнийхөн наашилж, хотынхон хөдөө рүүгээ чиглэдэг болж дээ?
-Бараг
л тийм. Яагаав загасчны яриа байдаг шүү дээ. Нэг загасчны хажууд баян
хүн дэгээгээ шидээд зогсч байснаа загасчинд хандаж хэлдэг. “Би ингэж
загас барьж зогсохын тулд юуг туулсан гэж бодож байна. Би ийм сургууль
төгсч, компани байгуулаад, сонгуульд дэвшээд, сайд болоод, корпораци
байгуулаад явсны хүчинд, мөнгөтэй болж тэр мөнгөөрөө өнөөдөр ингээд
сайхан загасчлаад зогсч байна” гэж хэлдэг дээ. Тэгтэл яриаг нь сонсож
байсан загасчин, “Би угаасаа л загасчин байсан” гэж хэлсэн юм гэнэ лээ.
Үүн шиг л болчихож дээ.
"Улс төрийн тойм" сонин
