
Дэлхийн оюутны 26 дугаар “Универсиад” наадам долоо дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр буюу наадмын зургаа дахь өдөр болсон тэмцээн, уралдаанд Монголын тамирчид хэрхэн оролцсон талаарх мэдээлэл хүргэж байна.
Жүдо бөхийн багийн тэмцээнд Монголын эрэгтэй жүдочид Укрианы багийг хожиж, Өмнөд Солонгос улсын багт хожигдсон. БНСУ-ын баг Францын багт хожигдсоноор манай тамирчдын барилдаан өндөрлөсөн. Харин эмэгтэйчүүд Японы багт хожигдсон бөгөөд Японы баг зоноос гарсан тул дагах барилдаан хийж, Францтай хүрлийн төлөө хүч үзсэн ч 4:1 харьцаагаар хожигдон шагналт тавдугаар байрт орсон юм. Эрэгтэй багийн хувьд 19 багаас шигшээ наймд орсон байна.
Байт харвааны тамирчид өчигдөр хувийн шигшээ харваанд эрэгтэй 67, эмэгтэй 59 тамирчид орсноос СМ Б.Золбоо, СДМ Б.Нямцэцэг нар 1/48-д хасагдаж, бусад тамирчдын хувьд ялж цааш тэмцээнээ үргэлжлүүлсэн. 1/24-д СМ А.Энхтуяа, СДМ Н.Амармэнд, СТ У.Оргил нар хасагдан ОУХМ Ч.Оюунсүрэн 1/16-д Оросын тамирчинд 6:2-оор ялагдан 17 дугаар байр эзэлсэн. Холимог харваанд манай тамирчид 15-аар гаран Мексикийн тамирчидтай өрсөлдөн 10:14 харьцаагаар хожигдож есдүгээр байрт шалгарлаа.
Өнөөдөр буудлагын тэмцээн тамирчдын тосгоноос 26 км зайд байрлах Шенжень хотын буудлагын төвд 10 м-ийн хийн урт бууны төрлөөр эхэллээ. Тус төрөлд эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Д.Ганзориг, ОУХМ Н.Баяраа, эмэгтэйчүүдээс Ө.Саранцацрал, О.Янжинлхам, Ч.Нарантуяа нар онч мэргэнээ сорих юм.
Талбайн теннисний тамирчин Б.Оюунбат 15-ны өдөр Ливаны тамирчин Мохамед Еидотой тоглон 2:0 харьцаагаар хожсон бөгөөд өчигдөр Тайванийн тамирчинд хожигдож 64 тамирчнаас 32-т орсон байна.
Харин ширээний теннисний тэмцээнд нийт 223 тамирчид өрсөлдөж байгаагаас Э.Лхагвасүрэн Японы тамирчинтой тоглон 3:0 харьцаатай хожигдсон бол Л.Алтантулга Австралийн тамирчинг 3:1-ээр, З.Төрболд Австрийн тамирчинг 3:0 харьцаатай тус тус буулган авчээ. Холимог хосын төрөлд Б.Тамир, Х.Цэнд нар Латвийн тамирчдыг 0:3 харьцаагаар хожсон ч Хятадын тамирчдад 0:3 харьцаатай хожигдсон. Эрэгтэй хосын төрөлд өрсөлдөж буй тамирчид маань Латвийг 3:0-ээр, Гана улсын тамирчдыг 3:0-ээр хожоод байна.
Дашрамд дуулгахад, жүдо бөхийн 60 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн ОУХМ О.Чинбат өнөөдөр эх орондоо ирэх ажээ. Мөн “Универсиад”-ын гимнастик, талбайн теннисний төрөлд өрсөлдөж, тэмцээнээ дуусгасан тамирчид түүний хамт өнөөдрийн Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ 298 нислэгээр 16.20 цагт эх орондоо ирэх юм байна.