Ус, эрчим хүчний асуудалд анхаарахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Ус, эрчим хүчний асуудалд анхаарахыг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөж байна. УИХ-аас баталсан тогтоолын хүрээнд дээрх ордоос Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр болоод буй. Мөн давуу эрхийн хувьцааны хүрээнд тус бүр 1 ширхэг хувьцааг Монгол Улсын 2.7 сая иргэнд эзэмшүүлэх шийдвэрийг өнгөрсөн хавар Засгийн газраас гаргасан. Харин одоо монголчууд дээрх хувьцааныхаа үр ашгийг жинхэнэ ёсоор хүртэхийн тулд Тавантолгойн ордын нүүрсийг олборлож, экспортод гаргах шаардлагатай болсон. Энэ дагуу “Эрдэнэс тавантолгой” компани Тавантолгойн ордын Зүүн цанхид хөрс хуулалтын ажлаа эхлүүлж, 20 шахам хоногийн өмнөөс урд хөрш рүү нүүрсийг экспортолж эхэлсэн билээ. Гэвч хэлэлцүүлгийн шатанд энэхүү урд хөрш рүү гаргаж буй нүүрсний экспортын үнэ хэт хямд байгааг шүүмжилж байна. Учир нь нэг тонн нүүрсээ Монгол Улс 70 ам.доллараар үнэлэн Хятад улсад худалдаалж байгаа. Гэтэл энэ нь хэтэрхий бага үнэ гэнэ. Учир нь нэг тонн нүүрснээс зөвхөн 10 ам.долларын ашиг харж суугаа нь хэтэрхий үнэгүйдүүлсэн наймаа гэж үзэж байна. Мөн УИХ Тавантолгойн ордтой холбоотойгоор гаргасан тогтоолоо шинэчлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг ч хэлэлцүүлэгт оролцогч онцоллоо.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Тавантолгойн ордыг үр ашигтай ашиглахын тулд хөрөнгө оруулагч нарыг сонгон шалгаруулахтай зэрэгцүүлэн, ус, эрчим хүчний асуудалд Засгийн газар анхаарах шаардлага байгааг хүслээ. Хэрэв эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж чадахгүй гаднаас худалдаж авах байдлаар асуудлыг харвал энэ нь эдийн засгийн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх талтай. Усны асуудал ч мөн анхаарлын төвд байх ёстой. Учир нь Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг ирээдүйд угаана.  Ингэхийн тулд кокс химийн үйлдвэр байгуулах ёстой болж байгаа. Хэрэв усны нөөцөө сайн судалж, тогтоохгүй бол үйлдвэрээ байгуулчихсан хойно усны нөөц хангалтгүй гэсэн тооцоо судалгаа гарвал Тавантолгойн нүүрсийг угааж, экспортлох асуудал бүтэлгүй болох талтай. Тиймээс энэ хоёр асуудалд анхаарлаа хандуулах нь чухал гэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном урьдчилгаа төлбөр нь зээл болж хувирдагийг санууллаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж