Өмнөд Солонгосын цэргүүд АНУ-аас тусламж гуйсан уу

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын цэргүүд АНУ-аас тусламж гуйсан уу

Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 17-оос 27-ны хооронд болох гэж буй талаар өчигдөр CNN агентлаг мэдээлсэн юм. Энэ талаар АНУ-ын Ази номхон далайн командлагч, АНУ-ын генерал Жэймс Турман хэвлэлийн бага  хурал дээр зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “АНУ, Өмнөд Солонгосын энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилтын гол зорилго, хоёр улсын цэрэг техникийн бэлэн байдал, хилийн зурвасийн аюул­гүйн байдлыг бүрэн хангаж чанаржуулахад оршино. Нийт арав хоногийн бэлтгэл хийх бөгөөд 530 мянган цэрэг хамрагдах болно. Мэдээж АНУ-ын Батлан хамгаалах яаманд хамааралтай, Ази, номхон далайн бүсийн орны  3000 гаруй цэргийн мэргэжилтэн энэхүү сургалтад хамрагдах болно. Мөн сургалтын үеэр АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгосын цэргүүдэд Афганистан болон Иракийн дайны талаар цуврал хичээл заах юм. Ингэснээр цэргүүдийн туршлага солилцох явц нэг ч гэсэн алхам урагшилна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солон­госын эзэн­гүй арал руу гурван удаа гал нээсэнтэй холбогдуулан уг цэргийн сургуулилтыг хийж байгаа хэмээн зарим ажиглагчид онцолж байна. Мэдээж энэ бүхэн ямар нэг байдлаар үүнтэй холбоотой байгаа талаар ажиглагчид таамаглаж байгаа аж. Нөхцөл байдал одоогоор хэвийн байгаа ч хоёр талаас сэрэмжлүүлсэн сануулгыг өгч байгаа талаар Өмнөд Солонгосын KBS агентлаг мэдээлсэн билээ. Хойд Солонгосын зүгээс энэхүү арав хоногийн цэргийн сургуулилтыг шүүмжилж, өөрсдийн хил дээр байгаа хүчээ зузаатгах болно гэдгийг ч анхааруулсан юм. Мөн энэ удаагийн хамтарсан сургуулилтыг “Томоохон өдөөн хатгалт” хэмээн өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа аж. Хойд Солонгосын Батлан Хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “Шаардлагатай гэж үз­вэл манай улсын зүгээс тодорхой арга хэмжээг авах болно гэдгийг анхааруулж байна. Хэрэв энэ нь дайны өдөөн хатгалт бол дэлхий дахинд зарлах хэрэгтэйг анхаарна уу. Улаан армийн сүр хүч үүрд мандан бадраг” хэмээн мэдэгдэв.

CNN агентлагийн мэдээлж буйгаар Өмнөд Солонгос АНУ-ын хамтарсан сур­гуулилтад “Хойд Солонгос, ихээхэн уур, уцаартай байгаа. Мөн Хойд Солонгосын талаас тэдний цөмийн зэвсгийг сөнөөх гэж оролдож магадгүй бөгөөд ямар нэгэн сэдэлтэй ийнхүү хамтарсан сургуулилт хийж байгаа” талаар мэдээлсэн. Хачирхалтай нь дайны бэлэн байдалд суурилсан сургуулилт хийх талаар шинэ мэдээлэл  цацагдсан аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Хойд Солонгост “Өлсгөлөн” болж олон зуун хүн өвчнөөр нас барсан золгүй явдал болсон. Тухайн үед БНХАУ-ын зүгээс хоол хүнсний тусламж үзүүлж нөхцөл байдлыг зөөлрүүлсэн. Харин тухайн үед Өмнөд Солонгосын зүгээс жил бүрийн эхний хоёр сард Хойд Солонгост илгээдэг байсан тусламжийг зогсоосонд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан билээ.

Ямартай ч хоёр Солонгос хоорондоо гал нээсэн энэ удаагийн үл ойлголцол дараа дараагийн болзошгүй сөрөг үйлдэлд нө­лөөлөхүйц хүчин зүйл болж хувирахгүй гэх баталгаагүй талаар Их Британий улстөр судлаач, геополитикийн мэргэжилтэн Сти­вен Андерсон BBC агентлагт онцолсон аж. Тэрбээр “АНУ-ыг зүгээс сүүлийн хоёр жил иймэрхүү мэтийн ажиллагааг Өмнөд Солонгостой хамтарч явуулдаг уламжлал гэмээр зүйл  тогтлоо. Хамтарсан цэргийн ажиллагаа болж байхад Хойд Солонгосын талаас өөрсдийн байр сууриа хатуухан илэрхийлж байгаа нь олон улсад байдаг энгийн л жишээ. Тусгаар улсын хийх ёстой, авах ёстой арга хэмжээний нэг. Түүнээс биш хамтарсан цэргийн ажиллагаа нэрийдлээр өөрсдийн сүр хүчийг Хойд Солонгост харуулах хэрэггүй л болов уу. Тэр дундаа Хойд Солонгос шиг оронд” хэмээн АНУ-ыг шүүмжилсэн өнгө аястай зүйл ярьжээ.

Өмнөд Солонгостой хиллэдэг Хойд Солонгосын хилийн ойр орчимд баллистик пуужин байр­луулсан байж магадгүй талаар өмнөдийн “Yonhap” агентлаг мэ­дээлжээ. Мөн хамтарсан сур­гуулилт хийх нэрийдлээр АНУ-ын хиймэл дагуулаас умардынхны идэвхжиж байгааг NASA дахь АНУ-ын ажиглагчид Цагаан ордонд мэдээ хүргэсэн талаар www.washingtonpost.com сайт мэдээлэв. Нийт арав хоногийн цэргийн сургуулилтын үр дүнг АНУ-ын болон Өмнөд Солонгосын хэвлэлийн төлөөлөгчид манай цагаар энэ сарын 28-нд мэдэгдэх аж.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж