Гал сөнөөгчийг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Гал сөнөөгчийг шүүх хурал эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн алба хаагч, шадар түрүүч Б.Батсоёлд холбогдох хүчингийн хэргийг шүүх хурал өнөөдөр 14.30 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд  эхэллээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө таксигаар үйлчлүүлэхээр гар өргөсөн 22 настай З гэх бүсгүйг өөрийн эзэмшлийн “Hyundai Excel” маркийн автомашиндаа суулгаж, гэрт нь хүргэж өгөлгүй Баянзүрхийн товчооны гүүрэн доор аваачиж, хүчирхийлсэн байна. Хэрэг гарах үеэр эргүүлийн цагдаа нар Б.Батсоёлыг үйлдэл дээр нь саатуулжээ. Түүнд эрүүгийн хуулийн 126.1 дүгээр зүйлд  зааснаар буюу хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол  таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай юм байна. Сэжигтэн гурван сарын хугацаанд саатуулагдаад өнгөрөгч долдугаар сард батлан даалтад гарчээ. Шүүх хуралд яллагчаар н.Ундраххэрлэн, шүүгдэгч Б.Батсоёл, түүний өмгөөлөгчид, хохирогч З, түүний өмгөөлөгч нар оролцож байна. Шүүгдэгч Б.Батсоёл “Намайг хохирогч З гүтгэсэн” хэмээн мэдүүлж байгаа аж.

Шүүх хурлын шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

Дашрамд дуулгахад, ОБЕГ-ын Авто баазын дарга, ахмад С.Золжаргал найман настай охиныг хүчирхийлсэн хэрэг гараад удаагүй байхад тус газрын алба хаагч дахин хүчингийн хэрэгт холбогдсон нь олон нийтийг цочирдуулж байгаа юм. Дээрх хэргийн талаар ОБЕГ-аас ойрын хугацаанд мэдээлэл хийнэ гэлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж