Залууст ховор номтой танилцах ховор боломж олгов

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Залууст ховор номтой танилцах ховор боломж олгов

Манай улсын нийт хүн амын  76,3 хувийг 0-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл сүүлийн үед залуучуудад зориулсан тэднийг боловсролтой болгоход чиглэсэн олон үйл ажиллагаа  зохиогддог болсон. Өчигдөр Монголын Залуучуудын холбоо, Үндэсний номын сантай хамтран “Хүүхэд залуучуудын сэдэвт номын үзэсгэлэн яармаг”-ийг  зохион бай­гуул­лаа. Энэхүү үзэсгэлэнд хүрэл­цэн ирсэн залуучууд,  залуу зохиолч­дын шинэ номын нээлтэд орол­цож, тэдэнд зориулсан шил­дэг бүтээлүүдийг хямдралтай үнээр худалдан авч байсан юм.  Мөн монголчуудын соёлын их өв, шинж­лэх ухааны гайхамшигт бүтээл Ган­жуур, Данжуур болон Үндэсний төв номын сангийн номын фондтой танил­цах боломжийг олгосон аж.

 
Монголын Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Д.Доржсүрэн: ЗАЛУУС ЭХ ОРНЫХОО ТҮҮХ, СОЁЛЫГ ХАЙРЛАДАГ БАЙГААСАЙ

-Өнөөдрийн энэ номын баярт танайх ямар оролцоотой байна вэ. Мэдээж хоёр байгууллагын томоо­хон ой болж байгааг бас дурьдах хэрэгтэй байх. Тийм үү?

-Монгол улсад залуучуудын хөдөлгөөн үүсч, хөгжсөний 90 жил, Залуучуудын байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын залуучуудын холбооноос олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь энэхүү номын үзэсгэлэн юм. Уг арга хэмжээнд залуус оролцсо­ноор залуу зохиолчдын бүтээлүүдтэй танилцан, хямд үнээр худал­дан авахаас гадна бүтээл туур­вих санаа өгөх, цаашлаад санааг нь дэмжих ач холбогдолтойгоор зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь, улс орны ирээдүй болсон залуус эх орныхоо түүхийг мэддэг, хайрладаг, хадгалан үлддэг байгаасай гэдэг үүднээс түүхийн холбогдолтой ном зохиолуудыг илүү их дэлгэн тавьсан байгаа.

 

Монголын Үндэсний номын сангийн дэд дарга Д.Бямбасүрэн: МОНГОЛ ЗАЛУУ ХҮНИЙ ШИРЭЭНИЙ НОМУУДЫГ ТАНИЛЦУУЛЛАА

-Энэ арга хэмжээнд танай но­мын сангаас ямар бүтээлүүдийг залуу­чуудад зориулж дэлгээд байна вэ?

-Монголын Үндэсний Төв но­мын сангийн 90 жилийн ой тохиож  бай­гаа энэхүү жил Монголын Залуучуудын Холбоотой хамтран үзэсгэлэн зохион монгол эрдэмтдийн ур ухаанаа шингээж бичсэн хосгүй үнэт гар бичмэлүүд, монгол түмний түүхэндээ хэрэглэж ирсэн, уйгар­жин, дөрвөлжин, тод үсгээр зохиосон шинжлэх ухааны ач холбогдол­той олон бүтээлийг нээлттэй танилцуулж байна. Мөн залуучуу­дын тухай хэвлэгдэж байсан ховор түүхэн номуудаар үзэсгэлэн гаргасан байгаа. Түүнээс гадна энэ зууны монгол залуу хүн ямар номуудтай танилцсан байх ёстой вэ гэдэг үүднээс ширээний ном болон тэдний сонирхон уншиж байгаа номуудыг дэлгэн тавилаа.

Үзэсгэлэнгийн үеэр иргэд олноо­роо ирж шинэ, хуучин номуудтай танил­цаж байлаа. Мөн хичээлийн шинэ жил ойртож байгаа энэ үед номын үзэсгэлэн зохион байгуулж бай­гаад талархах хүмүүс цөөнгүй байв. Арга хэмжээний үеэр зөвхөн хэдэн ном өрж тавьж, худалдаалах бус залуу зохиолчид шинэ номынхоо нээл­тийг хийснээрээ онцлог байлаа. Тухайлбал, “Монгол фермерийн аж ахуй” коллеж өөрсдийн багш нарыхаа гаргасан бүтээлүүдийг анх удаа олон нийтэд дэлгэж, эрчимжсэн мал аж ахуй болон шинэ цагийн мон­гол малчны ур ухааны талаар танил­цууллаа.

Үзэсгэлэнд 1919 онд монгол бичгээр хэвлэсэн “Залуучуудын хуралын товч тогтоол”, 1948 он Х.Чойлбалсан “Залуучуудын зорил­гын тухай” , 1931 онд монгол бичгээр ”Хувьсгалт залуучуудын анхдугаар бага Хуралын товч тогтоол” , 1971 он “Нийгэм ба залуучууд”, 1974 он “Мал аж ахуй бол залуучуудын гавшгай үйлс мөн” зэрэг хуучны ном, товхимолыг дэлгэн тавьсан байлаа. Үзэсгэлэнг сонирхож ирсэн нэгнээс сэтгэгдлийг нь сонссон юм.

 

Иргэн Н.Гэрэлээ: ХУДАЛДААНД ТЭР БҮР БАЙДАГГҮЙ НОМУУД БАЙНА

-Таны харж буйгаар энэ үзэс­гэлэн бусад номын баяруудаас юугаа­раа онцлог байна вэ. Таны хувьд ямар ном сонирхож ирсэн бэ?

-Би аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг. Гадаадын зочид монго­лын түүхийн тухай ном зохиолыг сонирхдог тул энд байгаа түүхийн холбогдолтой номуудыг үзэж байна. Мөн зөвхөн түүхийн холбогдолтой бус өмнө нь  авахыг хүсч байсан ч худалдаанд тэр бүр байдаггүй номууд ч энд харагдлаа. Цаашдаа залуу­чуудад номыг сурталчилсан ийм үйл ажиллагааг олноор нь зохиож байвал үр дүнтэй байх болов уу.

 Д.МӨНХГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж