Монголын тал Лондонд дипломат хориг тавив. Английн шүүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан нь хоёр орны харилцаанд ээдрээтэй асуудал үүсгэх нь тэр. Учир нь англичууд цэргийн тагнуулч Уилъям Диксоныг Монголд Элчин сайдаар илгээж, монгол тагнуулчийг “олзлох” операци зохион байгуулсан. Харин үүнийхээ дараа Элчин сайдаа Улаанбаатараас эгүүлэн татаж, энэ суудлыг нэг хэсэг эзгүй орхисон нь дипломат үймээн даамжрахаас болгоомжилсных биз. Гэвч Ерөнхий сайд С.Батболд Англид хийх айлчлалаа гэнэт цуцалсны дараахан, англичууд Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргахаас өмнөхөн Лондоноос Монголд нэгэн элч ирэв. Тэр эрхэм бол Уилъям Диксоны оронд Мон¬голд Элчин сайдаар ажил¬лах хатагтай Торхилда Мэри Вивий Абботт-Уотт юм. Манай улсад 2008-2009 онд Элчин сайдаар ажиллаж, “Рио Тинто” компанийнхан уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг уламжилж байсан энэ хатагтайг Лондон “Монголчуудтай учраа ололцож чадна” хэмээн дахин илгээсэн нь тодорхой.
Лондоны элч Монголд Элчин сайдаар ажиллах “виз”-ээ сар гаруй хүлээж байна. Харин Монголын тал Б.Хурцын хувь заяаг англичууд хэрхэн шийдэхийг харзнаж сууна. Хоёр улс нэг нэгнээ болгоомжлонгуй харцаар ширтэх зуур Reuters агентлагийнхан “Б.Хурцыг Лондонд баривчилснаас болж, Монголд улс төрийн нөхцөл байдал хурцадлаа. Тус улс дахь Английн Элчин сайдын яамны үүдэнд монголчууд Английн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсав” хэмээн мэдээлсэн бол өрнөдийн бусад хэвлэлд “Монгол, Английн хооронд дипломат “дайн” дэгджээ. Б.Хурцыг баривчилснаас үүдэж, хоёр орны дипломат харилцаа хурцадлаа” хэмээн мэдээлж байна. Гэхдээ “Монгол, Англи улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Тиймээс энэ мэт ан цав үүсэхгүй” гэх ажиглагчид ч байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь Англи улсаас томилогдон ирсэн Элчин сайдын итгэмжлэх жуух бичигт “Хатан хааны нэрийн өмнөөс…” гэсэн тодотгол бичигдсэн байдаг аж. Тэгвэл Элчин сайд асан Уилъям Диксоны хувьд “Английн Хатан хааны нэрийн өмнөөс…” гэсэн халхавчаар Монголд ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг хулхидсан талаар Английн хэвлэлүүд ч дуулиан болгон бичиж байна. Зарим эх сурвалжийн хэлснээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин өнгөрсөн онд Уилъям Диксонтой уулзаж “Танай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээхэд тэрбээр “ОК” хэмээсэн гэдэг. Харин үүнийхээ дараа буюу өнгөрсөн оны гуравдугаар сард Б.Хурцад “Б” ангиллын виз олгож, Лондонд мөн оны намар газардмагц нь саатуулах бүх ажлыг зохион байгуулалцсан хэмээх хэрэгт экс Элчин сайдыг буруутгаж байгаа.
Өмгөөлөгч Алан Жонс шүүх хурлын үеэр “Тусгай үүргийн олон улсын конвенцийн хүрээнд Б.Хурц халдашгүй эрх ямба эдлэх ёстой. Тиймээс түүнийг суллах бүрэн үндэслэлтэй” гэж мэдэгдсэн ч Английн шүүгч “Б.Хурц “Б” ангиллын визтэй зорчсон” хэмээн үл тоомсорлосон байдлаар хандсан нь Монголын талынхны эгдүүг хүргэжээ. Гадаад харилцааны яамныхны тайлбарласнаар, “Б” ангиллын виз нь ажил хэргийн шугамаар тухайн улсад зорчих эрхтэй гэсэн үг юм байна. Түүнээс биш албан бус, зөвхөн бизнес хийх зорилгоор зорчихтой үүнийг адилтгаж болохгүй. Шүүх хуралд Монголыг талыг төлөөлөн оролцсон албаны хүмүүс энэ талаар англичуудад тодорхой тайлбарласан ч ойшоогоогүй аж.
Английн шүүх монголчуудад 17 хоногийн дотор давж заалдах хугацаа өгсөн. Харин давж заалдах өргөдлийнх нь хариуг гурван сарын дотор өгөх учиртай. Тэгвэл Монголын тал хатагтай Торхилда Мэри Вивий Абботт-Уоттын итгэмжлэх жуух бичгийг хэзээ хүлээж авах вэ. Энэ нь харин тодорхойгүй байна. Монгол дахь Английн Элчин сайдын яамныхан энэ асуултад “Гадаад харилцааны яамныхан хуваариа гаргаагүй байна” хэмээн хариулсан бол Гадаад харилцааны яамны зарим ажилтан “Тухайн улсын Засгийн газар “Энэ хүнийг Элчин сайдаар хүлээн авна уу” хэмээх хүсэлтээ ирүүлдэг. Уг хүсэлтийг хүлээн авах эсэхээ Монголын тал шийднэ. Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч ч болно, авахгүй ч байж болно” гэх тайлбарыг өгөв. “Англи хатагтай итгэмжлэх жуух бичгээ энэ сард өргөн барина” гэсэн албан бус мэдээлэл бий ч эх сурвалжууд ийм л тайлбар хэлж байна.
Б.Хурцыг хүн хулгайлсан хэрэгт буруутгаж, өмнөх шүүх хуралд бие төлөөлөгчөө илгээж байсан Германы талд монголчууд буулт хийсэн нь үнэн. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргахад зөвлөх хүсэлтэй дэлхийн шилдэг 16 банкнаас “Дойче” банкийг сонгосон нь үүний нэг илрэл юм. Олон улсын санхүүгийн зах зээлд багагүй хэл ам дэгдээж буй тус банкийг зөвлөх банкаар сонгосон нь англичуудын амбицыг ч хөдөлгөсөн хэрэг болов. Тэд Б.Хурцын асуудлыг хэрхэн шийдэхээсээ илүү гуравдагч хөршүүдтэйгээ харилцах Монгол Улсын бодлогыг тандах болжээ. Тэр ч атугай “Монголчууд Хятад, Оростой ижил тэгш харилцах сонирхолтой. Гуравдагч хөршийн тухайд АНУ-ыг эн тэргүүнд тавьж байна” гэсэн дүгнэлтийг ч гаргачихаж. Үүнээс гадна “Монгол Улсын стратегийн нөөц ордуудыг эзэмших гол түлхүүр хаахна байна вэ” гэдгийг эрэлхийлж байгаагаа мэдээллийн “машинууд”-аараа дамжуулан ил тод зарлах болжээ.
Английн шинэ Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авахгүй удах тусам Монголын авлигын индексийг дэлхий нийтэд томруулдаг шилээр харуулж, геополитикийн тоглолт хийх санаархал англичуудад бий. “Авлига хэмээгч нь монголчуудын нуруун дээрх томоохон “хатги”. Transparency international байгууллагаас хийсэн судалгаагаар, Монгол Улс авлигын индексээрээ 2008 онд дэлхийд 102 дугаарт орж байсан бол 2009 онд 120-д, харин өнгөрсөн онд 116 дугаарт оржээ” хэмээн тэд мэдээлсээр байна. Харин үүнийгээ Б.Хурцыг баривчилсан үйл явцтай холбохоо мартсангүй. Тэр ч атугай “Монголын төр иргэнийхээ асуудлыг нааштай шийдүүлэхийн тулд Англиас гадна Германы талтай хэлэлцээрийн ширээний ард суухыг үгүйсгэхгүй юм” гэжээ. Өрнөдийн хэвлэлүүд “Монгол, Английн хооронд дэгдсэн дипломат “дайн” хэзээ эцэслэх вэ” хэмээн таамаглаж байх зуур Монгол дахь Английн Элчин сайдын яамныхан монголчуудын шаардлагын хариуг саяхан өгчээ. Мэдээж хэрэг, тэрхүү шаардлага нь “Бид шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх эрхгүй” гэсэн дипломат утгатай. Харин монголчууд “Хатан хааны нэрийн өмнөөс…” Монголд дахин хөл тавьсан англи хатагтай болон Лондонд ямар хариу барих бол.
С.Баттулга.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.