“Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихгүй нь бололтой

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

“Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихгүй нь бололтой

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд хэрэгжиж байсан “үдийн цай” хөтөлбөрийг энэ жилээс сайжрууулан “үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ хэмээн төр засгаас амласан ч хэрэгжихгүй нь бололтой. Учир нь үдийн цайг үдийн хоол болгох төсөл одоо хэр нь нэгдсэн байдлаар яаж шийдэх нь тодорхойгүй явж байна. Тиймээс нийслэл хот болон орон нутгийн  723 ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн  275  мянган хүүхэд өдөрт 400 төгрөгийн төсөвтэй оногддог “үдийн цай”-тайгаа шинэ хичээлийн жилийг угтахаар болж байна. Үдийн цайнд зориулж 18 тэрбум төгрөг батлагджээ.

Харин өнөөх хэрэгжих үгүй нь тодорхойгүй шилжилтийнхээ шатанд хийгдэх “үдийн хоол” хөтөлбөрт зориулан засгийн газраас 64 тэрбум төгрөг шийдэж өгсөн байна. Үдийн цай  нэг хүүхдэд 400 төгрөгөөр хүрч байгаа бол үдийн хоол 1500 төгрөгөөр босох гэнэ. Эхний ээлжинд үдийн хоолонд зориулагдах  64 тэрбум төгрөгийн  дөрвөн тэрбумийг нь тоног төхөөрөмж авахад зарцуулна гэж салбар хариуцсан яамны мэргэжилтэн тайлбарласан. Мөн энэ хичээлийн жилд бэлтгэл ажлууд хийгдэж, хүнсний үйлдвэр барина гэнэ. Харин ердөө гуравхан сургуулийн азтай хүүхдүүд буюу нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58, Архангай аймгийн төвийн хоёрдугаар  сургууль, Булган аймгийн Дашинчилэн сумын сургуулийнхан үдийн хоолыг туршилтаар загвар болгон хэрэгжүүлэх юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж