
Атар газар эзэмших аяны хүрээнд сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар өндийж, хөл дээрээ зогсоод буй. Дотоодынхоо гурилын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчдийнхээ тарьсан буудайгаар хангах зорилт ч биеллээ олж байгаа. Одоо гол нь хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангачихдаг болох нь чухал. Тиймдээ ч Засгийн газраас импортоор орж ирэх хүнсний ногооны татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьсан. Энэ шийдвэр хэрхэн үр дүнгээ өгөх нь тун удахгүй хурааж эхлэх хүнсний ногооны борлуулалтаас хамаарна. Ямартай ч Монгол Улс энэ жил улсын хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа түүнээс 276.5 мянган га-д улаан буудай тариалсан. Мөн төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг үндэсний тариаланчдынхаа тарьсан ургацаар хангана гэсэн өөдрөг мэдээг энэ үеэр дуулгалаа.
.