Хойд Солонгосын өдөөн хатгалт уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын өдөөн хатгалт уу?

Хойд Солонгосын өдөөн хатгалт уу, Өмнөд Солонгосын сануулга уу?

“Нэг үндэстэй, адил цустай Солонгосын ахан дүүс өөр хоо­рондоо хоёр өөр замаар, хоёр өөр нийгмийн баримжаагаар хөгжиж буй. Энэ бүхний гол буруутан нь ОХУ болон АНУ” хэмээн зарим улс төрчид дүгнэдэг нь нууц биш. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос, Өмнөд Солонгос руу гал нээсэн талаар олон улсын хэвлэлүүд онцолж байсан. Асуудлын гол нь  эхэлж гал нээчихээд “Барилгын ажлын дуу чимээ сонсчихоод андуурч эндүүрээд байгаа юм биш үү” хэмээн хойд солонгосын тал мэдэгдсэн явдал. “Өнөө цагт их бууны нүргээн байна уу, барилгын ажил байна уу гэдгийг ялгахтайгаа болсон байхад “Утгагүй” шалтгаан хэлэх ч гэж” хэмээн Өмнөдийн тал үзэж байна.

Хоёр Солонгосын энх тайвны асуудал ойр ойрхон хөндөгдөж, жилийн хугацаатай эвлэрч, мууддаг уламжлал тогтсон гэж дүгнэж болно. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хойд солонгосчууд Өмнөд Солонгосын Ёнпёнду арал руу их буугаар гал нээж өмнөдийн хоёр усан цэрэг болон  хоёр энгийн иргэн амь үрэгдсэн хэрэг гарсан.  Тухайн үед Өмнөд Солонгосын тал “Ямар ч шалтгаангүй гал нээсэн нь дайн эхлүүлэх өдөөн хатгалга” хэмээн үзэж, дэлхий нийтийг “хоёр Солонгосын дайн эхлэх нь” гэсэн  айдаст автуулсан удаатай. Уг хэргийн өмнө буюу 2010 оны аравдугаар сард Өмнөд Солонгосын “Чёнан” хөлөг онгоц руу Хойд Солонгосын шумбагч онгоц гал нээсэн талаар олон улсын шинжээчид нотлох баримт дэлгэж байсан. Харин Хойд Солонгосын зүгээс гал нээсэн уг явдлаа “Чёнан хөлөг онгоц руу огтхон ч дайраагүй” хэмээн булзайруулж байв. Энэ мэт тоглоом шоглоомтой гэмээр хорлонтой хэрэг явдлаас болж сүүлийн хоёр жилд хоёр талаас 53 хүний амь үрэгдээд байгаа талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт Хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ.

Хамгийн сүүлд болсон дай­ралтаас болж хүний амь эрсдээгүй ч ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа талаар Өмнөд Солонгосын KBS агентлаг мэдээлжээ.

Мөн энэ сарын 9-нд умардууд Өмнөд Солонгосын Батлан хамгаа­лахын сайдын  аминд хүрэх гэж оролдсон талаар “Yonhap” агентлаг  мэдээлж байв. Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын үзэж буйгаар тус улсын Батлан хамгаалахын сайд  Ким Кван Жиныг умардууд мөрдөж байгаа талаар нууц мэдээлэл тэдэнд олдсон аж. Уг мэдээллийн дагуу шалгаж, Батлан хамгаалахын сайдыг өндөржүүлсэн хамгаалалтад авсан байна. Өмнөдийнхөн сөрөг тагнуулын ажиллагаа эхлүүлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсний дагуу хүчний байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч байж магадгүй хэмээн АНУ-ын зүгээс  таамаглал,  дэвшүүлсэн аж. АНУ-ын зүгээс “Хэрэв шаардлагатай гэж үзвэл” зэр зэвсгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ  ч мэдэгдэж байсан удаатай. Тэр ч бүү хэл өнгөрсөн жил болсон умардын халдлагаас болж цэргийн салбарт шинэчлэл хийх санал тавьж байжээ. 

Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак өнгөрсөн долоо хоногт умардууд гурван удаа гал нээсэн явдлыг “Цэвэр өдөөн хатгалт” хэмээн үзэж буйгаа олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр “Манай хоёр улсын харилцаанд ямар нэг зөрчил гаргах түвшний шалтгаан үүсээгүй гэдэгт итгэлтэй байна. Харин Умардын зүгээс ийнхүү гал нээж байгаа нь цэвэр өдөөн хатгалт гэдгийг сануулж байна. Манай ард түмэн сайхан сэтгэлийн үүднээс Хойд Солонгост чадах чинээгээрээ хоол, хүнсний тусламж үзүүлж байхад ийнхүү бидний өмнөөс утгагүй шалтгаан хэлж байгаа нь гутамшигтай” гэжээ.

Өмнөд Солонгосын тал АНУ-тай цэргийн сургуулалт хийх болсноос хойш Хойд Солонгосын тал үе үе эзэнгүй арал зэрэг газрууд руу гал нээж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн анхаарлыг татаж долоо­дугаар сарын эхээр албан бичиг хүргүүлсэн талаар “Reuters” агентлаг мэдээлж байсан удаатай. Цаашид асуудал хэрхэн өрнөх талаар хоёр Солонгосын зүгээс мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Өмнөд Солонгосын зүгээс одоохондоо “Анхааруулах шинжтэй” асуудлыг хойш тавьсан мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлсэн юм.  

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж