
Нэг тонн нь 160 мянган төгрөгөөр үнэлэгддэг хагас коксжуулсан нүүрсийг үнийг нь мөн буулгаад 90 мянган төгрөгөөр худалдахаар ханш тогтоожээ. Илчлэгийн хувьд хагас коксжуулсан нүүрс нь түүхий нүүрснээс хоёр дахин илүү тул нэг өрх гурван тонныг худалдан авахад өвлийг аваад хаварыг үдчихнэ гэсэн баталгааг холбогдох газрын мэргэжилтнүүд гаргажээ. Түүхий нүүрс түлдэг өрх дөрвөн тонн нүүрс шатааж байж, өвлийг давдаг. Санхүүгийн талаас нь авч үзвэл хагас коксжуулсан нүүрс өрхөд хэмнэлт авчирч байгаа биз. Гэтэл яагаад ийм ашигтай бизнес рүү хязгаарлалтын бүс дэх айлууд хошуурахгүй байна вэ. Мэдээлэл дутмагаас уу эсвэл хэн нэгний бизнес зуух, түлш хоёроор дамжиж хэрэгжих нь гэж хардсаных уу. Хардах нь зүйн хэрэг боловч утаа бага гаргадаг зуухыг 25 мянган төгрөгөөр худалдан авна гэдэг хаа ч байхгүй ханш шүү дээ. Хагас коксжуулсан нүүрсийг нэг тонныг нь 90 мянган төгрөгөөр авна гэдэг ч адил бололмж. Хэрэв үнэ ханш сонирхож байгаа бол “Наран туул” худалдааны төвд очоод зуухны үнэ асуугаарай. Нэг зуух 80000-100000 төгрөгөөр худалдаалагдаж буй. Ийм том зөрүү байхад утааг бууруулах зуухыг 25 мянган төгрөгөөр худалдан авна гэдэг маш том хэмнэлт биш гэж үү.
Уг нь утаа бага гаргадаг хямд зуухыг худалдан авах сонирхолтой иргэд нийслэлд олон байна. Хязгаарлалтын бүсэд амьдардаггүйгээс “Sale”-д хамрагдаж чадахгүй шоовдорлогдчихоод байгаа болохоос биш. Хэрвээ хязгаарлалтын бүсэд амьдарч буй иргэд цалингаараа энэхүү хямд үнэтэй зуухыг авах боломжгүй байгаа бол сар тутамд Хүний хөгжлийн сангаас олгож буй 21 мянган төгрөг боломж олгож буй биш гэж үү. Нэг хүний 21 мянган төгрөг дээр 4000 төгрөг нэмэхэд л зуух танайх. Нэг өрхөд доод тал нь гурван ам бүл бий гэж тооцоход утаа бага гаргадаг зуух худалдан авах бололцоо бүгдэд нээлттэй байна шүү дээ. Хэрэв зуух авахыг хүсэхгүй, үнэгүй авахыг эрмэлзэж байгаа бол та уучлаарай, зайгаа тавьж, зайдуу амьдар… Төр ч төмөр нүүрээ гаргаж, албадан арга хэмжээ ав. Яагаад болохгүй гэж… Нэг хүний ашгаас нийтийн эрх ашиг илүү. Хэдий болтол эхээс ургийн гажилттай хүүхэд мэндэлж, гуурсан хоолойн багтралттай хүүхдүүд эмнэлгийн орыг дүүргэх юм.