
Энэ талаар НХХЯ-ны цахим хуудсанд “БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүсийн тоог аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтсүүдээс нэгтгэж гаргалаа. Бүртгэлд эрэгтэй 6827, эмэгтэй 3130 буюу нийт 9957 иргэн хамрагдсан байна. Энэ хүмүүсээс ирэх сард Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авна” хэмээн мэдээлжээ. Нийт бүртгүүлэгчдийн 50 орчим хувь нь орон нутгаас үлдсэн хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгүүлсэн.
Энэ жилийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг авахаар БНСУ-аас багш нар ирнэ. Тэдгээр багш нар өөрсдөө шалгалтаа аван дүнг нь гаргах аж. Харин манай талаас бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн төв биржийн зүгээс төлөөлөл томилж хянагч болон ажиглагчаар оролцуулах юм байна. Хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт орно. Энэ жил эрүүл мэндийн шинжилгээг хийх эмнэлэг, шинжилгээ хийх лабораториудыг шинээр сонгон шалгаруулах гэнэ.
Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ирэх есдүгээр сарын 3,4-нд авах бөгөөд энэ сарын 18-нд НХХЯ-ны цахим хуудсанд шалгалт авах газрыг мэдээлэх аж.