
1916 онд АНУ-ын Сивони гольфын талбайд PGA Championship тэмцээний эхний аварга тодорч байлаа. Мэйжор ангилалд багтах тус тэмцээн энэ жил Атланта хотноо дөрвөн өдрийн турш олны анхаарлын төвд үргэлжиллээ. Хамгийн сүүлд 2007 онд Америкийн гольфчин Тайгер Вүүдс тэмцээний цомыг өргөсөн цагаас хойш Нэгдсэн улсын тамирчид энэ тэмцээнд түрүүлж чадаагүй. Тиймээс нутаг нэгтнүүд нь америк гольфчин аваргын цом хүртээсэй гэсэн хүлээлт байсан. Тэмцээн эхлэхийн өмнөхөн туслахаа сольж, гэмтлээ бүрэн илааршуулаад байсан Тайгер Вүүдс тэмцээний явцад 2007 оны амжилтаа давтаж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон учир гольф сонирхогчдын хувьд өөр хэн нэгэнд итгэл найдвараа шилжүүлэх хэрэгтэй байв. Харин Кийган Брэдли, Жейсон Дафнер нар тэмцээний эхний өдрөөс л цом булаалдах хэмжээнд тоглож, тэмцээний сүүлийн өдөр хоёр гольфчин эцсийн мөчид хасах найман пар, нийт 272 цохилт хийсэн амжилтаар оноо тэнцэж, улмаар плей-оффт өрсөлдсөн юм. цом “гэртээ үлдэх” нь тодорхой болсон ч цомын эзэн чухам хэн байх нь олны анхаарлын төвд байсан. Улмаар гурван нүхэнд үргэлжилсэн плей-офф өрсөлдөөнд 10 цохилт хийсэн Кийган Брэдли 2011 оны PGA Championship тэмцээний аварга болсон байна. Анх удаа мэйжор ангиллын тэмцээнд оролцож байгаа Кийган Брэдли 1,4 сая ам.долларын шагналыг цомын хамтаар хүртсэнээс гадна мэйжор цувралд дебут тоглолтоо хийж шууд түрүүлсэн бүх цаг үеийн гурав дахь гольфчин болж, түүхэнд нэрээ үлдээжээ. Түүний өмнө домогт Фрэнсис Оумит, Бэн Куртис нар л ийм амжилт гаргаж байжээ.
Score Studio