Марко Поло бүгдийг хуурчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Марко Поло бүгдийг хуурчээ

Венецийн наймаачин, Дундад Ази ба Хятадад аялсан пионер гэгдэх Марко Поло тэнд хэзээ ч очоогүй байж магадгүй болов. Түүний “Хорвоогийн сонин хачин” номонд бичигдсэн баримтууд нь өөрийнх нь туулсан амьдрал биш харин дорны худалдаачдын яриаг хуулсан байж магадгүй хэмээн археологичид үзжээ.

Марко Поло гэдэг Венецийн алдартай наймаачин (түүний эндээс гаралтай гэх нь ч бас маргаантай) Агуу их газар зүйн нээлтүүдээс өмнө XIII зууны сүүлч, XIV зууны эхэнд Дорно зүгт аялсан хуурай замын аяллын тэмдэглэлээр жуулчлагчдын муза болон алдаршсан хүн билээ. Түүний “Хорвоогийн янз бүрийн сонин хачин” ном нь газарзүйчид ба жуулчлагчдад  ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Энэтхэгийн аяндаа гарахдаа (Энэтхэгт очив гээд Америкийг нээсэн түүхт аялал) Христофор Колумб түүний номыг хөлөг онгоцондоо авч явсан гэдэг. Гэвч эрдэмтэн мэргэд уг номыг Марко Пологийн өөрийнх нь аяллын тэмдэглэл гэдэгт нь эргэлзэх болсон бөгөөд тэрээр худалдаачдын ярианаас буулгасан байж магадгүй гэж үзэж байна.  Хятад, Япон, Монголын эзэнт улсын тухай түүний өгүүлэлд тэнд наймаа хийж байсан нь персийн наймаачдын яриа орсон бололтой. Поло тэдэнтэй Хар далайн ойролцоо тэдгээр орнуудаас хэдэн мянган км-ийн наана уулзсан бололтой. Поло Дорно зүгийн түүхийг цуглуулан үлгэр, домогтой холин алс тэртээх орнуудын тухай европчуудад машид сонирхолтой бичлэгийг бүтээжээ. Ийм таамаглалыг Неаполийн Их сургуулийн профессор, Япон дахь Италийн археологийн төслийг удирдаж байгаа  Даниэле Петрелла гарган тавилаа гэж “The Daily Telegraph” сонин бичжээ.


Мэргэжилтнүүд Монголын Хубилай хааны 1274 ба 1281 онд Японд довтолсон тухай бичсэн нь үнэн байдлаас зөрөөтэйг тогтоосон байна. Хубилай хаан нь  Чингис хааны ач хүү бөгөөд Хятадыг байлдан дагуулснаараа алдартай. Тэрээр нийслэлээ Хаанбулаг буюу орчин үеийн Бээжинд авчирч, Мьянма, Камбож, Солонгосыг байлдан эзэлсэн. Харин Японыг эзлэх дайн нь амжилтгүй болсон юм. Хубилай Пологийн гэр бүлийг нийслэлд хүлээн авсан гэдэг.


Марко Пологийн бичлэгт Хубилайн Японд довтолсон хоёр довтолгооныг хольж хутган давхцуулан бичсэн байв.  Тэрээр эхний дайралт амжилтгүй болж Солонгосоос гарсан флот нь далайн шуурганд дайрагдаж Япон хүрч чадаагүй гэсэн байв. Гэтэл энэ нь 1281 онд болсон Хубилайн хоёр дахь дайралт байв. Үйл явдлын гэрч хүн долоон жилийн зайтай болсон хоёр үйл явдлыг хутган хольж болно гэж үү хэмээн Петрелла шагширч байна.Үүний зэрэгцээ Хубилайн флотын талаар Марко Поло дахиад л буруу бичсэнийг Японд хийсэн малтлага харуулжээ. Поло хөлөг онгоцууд нь дарвуулын таван шонтой гэж бичсэн байсан юм. Малтлагаар хөлөг онгоцууд нь гурван шонтой байжээ. “Бид Японд малтлага хийсэн. Тиймээс Пологийн бичлэг үнэн эсэхэд эргэлзээ төрүүллээ” гэж Петрелла Италийн Focus Storia гэдэг түүхийн  сэтгүүлд өгүүлжээ. “Флотын тухай бичихдээ тэрээр хөлөг онгоцуудад ус нэвтрүүлэхгүйн тулд давирхай ашиглаж байсан гэж бичсэн байна. Түүний хэрэглэсэн «chunam» гэдэг үг хятад ба монгол хэлэнд ямар нэгэн утга заадаггүй. Энэ нь давирхайн перс нэр юм. Хятадын газар зүйн нэрийг бичихдээ тэрээр нутгийн хэллэгийн оронд персийн үг ашиглаж байсан нь гайхмаар юм” хэмээн Петрелла бичжээ.

Энэ буруутгал нь Марко Полод ирж байгаа анхны яллагаа биш. Түүхч, Британийн номын сангийн Хятадын тасгийн удирдагч Фрэнсис Вуд 1995 онд Венецийн худалдаачны аялалд төрсөн эргэлзээгээ “Марко Поло Хятадад байсан уу” гэсэн номондоо илэрхийлсэн. Тэрээр үл мэдэгдэх перс худалдаачны Хятадаар явсан “замын тэмдэглэл”-ийг хуулсан гээд Марко Поло номондоо өөрөө дөнгөж 18 өгүүлбэр бичсэн бөгөөд өөрийн нүдээр үзсэн ямар нэгэн зүйл байхгүй байна  гэж өгүүлсэн байв.

Ийм эргэлзээ гарч ирсэн ч Полод үл итгэсэн түүхчдийн тоо цөөнх болж байгаа. Баримт нь зөрөөтэй байгааг Марко хэдэн арван жилийн турш аялал хийж явсан, номоо Италид ирээд гэртээ бичсэн зэргээр түүхчид тайлбарлаж байгаа. Ой ухаан муудсан үед хольж хутгах нь аргагүй гэж олон хүн үзэж байгаа ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж