
1971 оны тивийн аваргад түрүүлснээр Монголын анхны Азийн аварга боксчин болсон ахмад тамирчин Х.Алтанхуяг удаахь жил нь дахин аваргалж, Азийн хошой аварга болж байсан түүх бий. Тэр цагаас хойш Монголын ширэн бээлийтнүүд тивийн аваргаас 11 алтан медаль эх орондоо авчирсан. Тэгвэл, Монгол Улс боксын тивийн аваргатай болсон тэр өдрөөс хойш 40 жилийн дараа 12 дахь алтыг авчирсан У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксчид өнөөдөр Х.Алтанхуяг гавьяатад хүндэтгэл үзүүлсэн юм. Дашрамд сонирхуулахад, Ази тивийн анхны бөгөөд хошой аварга Х.Алтанхуягийн нэрэмжит Улаанбаатар хотын аварга шалгаруулах залуучуудын нээлттэй тэмцээн энэ өдрүүдэд Спортын төв ордонд үргэлжилж байна.
Монголын ширэн бээлийтнүүд Азийн аваргыг өндөрлүүлээд, эх орондоо ирмэгц дэлхийн аваргын бэлтгэлээ эрчимжүүлжээ. Энэ жилийн ДАШТ есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 10-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотноо болно. Гол нь энэ жилийн дэлхийн аваргаас Лондонгийн олимпийн эрх олгох учир тамирчид ихээхэн ач холбогдол өгч буй. Дэлхийн аваргад тулалдах тамирчдын тухайд ерөнхийдөө үндсэн бүрэлдэхүүн тодорсон байгаа, гэхдээ 56 болон 69 кг-ын жинд сорил явуулах бололтой.