
“Бидний зорилт бол мэдээж аль аль талдаа шударга үйлчлэх гэрээ байгуулах юм. Хэлэлцээр амжилтгүй болсоор байгаа ч хугацаанаас өмнө тохиролцож чадна гэдэгт бид найдаж байна” хэмээн “Каролина Пантерс” багийн эзэн Жерри Ричардсон байр сууриа илэрхийлсэн бол NFL-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жефф Паш “Бид хэлэлцээрийн үйл явцад чухалчлан хандаж байгаа гэдгээ хэлмээр байна. Ямар нэгэн тохиролцоонд хүрэхийн төлөө л бүгд хуралдаж байгаа. Өнөөдрөөр хэлэлцээр дуусна гэж үгүй. Энэхүү үйл явцад төрийн зуучлагчид ч гэсэн чухал нөлөө үзүүлж байгаа” хэмээжээ.
Өнөөдрийн хурал дууссаны дараа багийн эздийн хорооны гишүүд бусад эзэдтэйгээ зочид буудалд үргэлжлүүлэн уулзалдаж, үйл явцыг мэдээлэх юм байна. Тэдний тохиролцож чадахгүй байгаа хамгийн том асуудал бол Лигийн орлогыг хуваах явдал юм. Мөн рүүки тоглогчийн цалингийн хэмжээний асуудлаар ч маргалдаж байгаа аж. Багийн эзэд улирлын тоглолтын тоог 16-гаас 18 болгох, харин улирлын өмнөх шатны тоглолтыг хоёроор хасах санал оруулжээ. Тоглогчдын холбоо харин зодог тайлсан тоглогчдынхоо нийгмийн хангамжийг сайжруулж, тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа гэнэ. NFL-д хамгийн сүүлд ажил хаялт 1987 онд явагдаж байсан ба хэрэв 2011 онд улирлын тоглолт зогсвол багийн эзэд нэг долоо хоногт 400 сая ам.доллар алдах урьдчилсан тоо гарсан байна. Юутай ч, Америкийн хамгийн нэр хүндтэй лиг цаашид үргэлжлэх эсэх нь энэ долоо хоногт шийдвэрлэгдэх бол дараагийн хохирогчоор NBA болох гэж байгааг бид мэднэ. Одоо талуудад тохиролцоонд хүрэхэд 24 хүрэхгүй цаг үлдээд байна.