
“Чикаго Буллс” баг довтлогч Расуал Батлерийг бүсийн аваргын төлөөх тулаанд хүч нэмнэ хэмээн тооцож чөлөөт агентаас сонгон багтаа авлаа. Дорнод бүсийн баг энэ үйлдлээ орон нутгийн цагаар пүрэв гаригт зарласан байна. Долоо хоногийн эхээр “Лос-Анжелес Клипперс” баг довтлогч Батлерийг багаасаа хасч, чөлөөт агент болгосон юм. Одоо 31 настай Батлер энэ улиралд “Клипперс”-ийн бүрэлдэхүүнд 41 тоглолт хийж, 5,0 оноог 18 минутад дунджилж байжээ. Карьерынхаа турш тийм ч өндөр амжилтыг үзүүлж байгаагүй Батлер найман улирлын турш NBA-д тоглохдоо 8,6 оноо авч, холын зайнаас 36,1 хувьтай довтолж байсан юм.
“Майами Хит” багаас NBA-ын гараагаа 2002 онд эхлүүлж байсан Расуал Батлер 2005 онд Нью-Орлеан хотын багийг сонгож, улмаар 2009 онд Лос-Анжелест ирээд байсан юм. “Клипперс”-т өнгөрсөн жил гараанаас тоглолтыг эхлүүлж, 82 тоглолтод оролцож, 11,9 оноо авч байсан нь түүний хамгийн өндөр үзүүлэлт нь болж байна.
41-18 гэсэн амжилттай дорнод бүсийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Буллс” “Майами Хит”, “Бостон Селтикс”-ийг гүйцэх, цаашид плей-оффт сэлгээгээ илүү туршлагатай, хүчирхэг болгох зорилгоор бусад багуудын адилаар чөлөөт агентаас тоглогч сонголоо.
Score Studio