-Монголын Хотуудын холбооноос Хотын захирагч нарын уулзалт, сургалтыг энэ сарын 9-10-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын гол сэдэв нь хотын бохирдлыг багасгах тухай асуудал байсан. Ямар шийдэл, үр дүнд хүрэв?
-Агаарын бохирдол болон хатуу хог хаягдлын асуудал зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт асуудал болчихоод байна. 1990 оноос өмнө аймгийн төвүүдийг төвлөрсөн дулааны станцаас халаадаг байсан бол эдүгээ ихэнх нь ажиллахаа больсон байна. Хот өргөжихийн хэмжээгээр халаалтын зуухууд олширсон. Галладаг, ердийн халаалтын зуухууд нь ашигт үйлийн коэффицент багатай, шаталт дутуу байдаг учраас утаа ихээр ялгаруулдаг. Улаанбаатар хотын ДЦС-ууд утааны хорыг багасгах нэмэлт тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон учраас ердийн халаалтын зуухуудыг бодвол утааны хортой хольц нь харьцангуй бага байдаг.
Нөгөөтэйгүүр сүүлийн үед аймгийн төвүүдэд орон сууц бага барьж байгаа учраас гэр ихэссэн, мөн үнс, хуванцар сав, гялгар уут зэрэг хуурай хог хаягдлын хэмжээ нэмэгдсэн. Саяын сургалтын үеэр хотын захирагч нар энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар туршлагаа солилцлоо. Зарим аймгийн төв хогоо анхнаас нь ялгаж устган, гялгар уутыг хэрэглээнээс халснаар хуурай, хортой хог хаягдлаа багасгаж чадаж байна.
-Манай улс ганцхан л хотын захирагчтай. Тэр нь Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр гэсэн ойлголт олон нийтэд буй. Гэтэл та хотын захирагч нар гээд яриад байгаа нь сонирхолтой байна л даа. Саяын сургалтын үеэр ч хотын захирагч нар энэ талаар маргаан өрнүүлж байсан. Яагаад манай улс нийслэлтэй, мөн олон жижиг хоттой байж болохгүй гэж?
-Үндсэн хуулиараа энэ асуудлыг шийдчихсэн шүү дээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдээ тогтоож, үүний дагуу Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг зохицуулж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд “Хот тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу УИХ –аас Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ хууль төдийлөн хэрэгжихгүй байна. Жишээ нь одоогоор Засаг дарга, хотын захирагч хоёрыг хавсаргаж ажиллуулаад байгаа. Уг нь Засаг дарга нь улс төрийн шийдвэрүүдээ хэрэгжүүлээд, захирагч нь орон нутгийн аж ахуйн талын ажлаа хийж, хотоо төлөвлөх, хөгжүүлэх гол ажлаа зангидаж хийвэл болмоор санагддаг. Зарим хүн үүнийг бүтцийн талаас нь шүүмжилдэг. Бүсчилсэн хөгжлийн асуудлыг хариуцдаг Засгийн газрын түшмэл нь Шадар сайд, чөлөөт бүсийг Тэргүүн шадар сайд, Орон нутгийн удирдлагын асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга эрхэлдэг. Хот байгуулалт нь Зам, тээвэр, хот байгуулалтын сайдын мэдэлд байгаа. Эдгээрийн уялдаа холбоог сайжруулж, цэгцлэх шаардлагатай. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгохоор хуулийн төсөл бэлтгээд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн боловч ажил хэрэг болготол нэлээд хугацаа шаардагдах бололтой.
-Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-т очоод гацчихаад байгаа юм байна, тийм үү. Энэ төсөлд ямар шинэчлэл, өөрчлөлтийг оруулсан талаар хэлж болох уу?
-Эрх мэдлийн чиг үүргийн хуваарилалтын талын өөрчлөлтийг түлхүү тусгасан. Мөн манайхан улсын болон аймгийн зэрэглэлтэй хот гэж яриад байдаг. Тиймээс хот, тосгоны зэрэглэлийг тодорхой болгосон заалтууд ч дээрх хуулийн төсөлд орсон.
-Манайд тосгон гэж байдаггүй. Гэтэл Үндсэн хуульд яагаад “хот, тосгон” гэж томьёолоод оруулчихсан юм бол?
-Тэгэхээр л хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Жишээ нь одоо ч гэсэн Мандалговь, Дархан, Эрдэнэт хот гэж нэрлээд, үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь тухайн хотыг хөгжүүлэхийн тулд эхлээд хүн амаа өсгөх хэрэгтэй. Мөн тухайн хотын эдийн засгийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүд, ялангуяа хувийн хэвшлийн байгууллагуудын ажиллах нөхцөл, орчныг бүрдүүлж, дэмжих ёстой. Хамгийн гол нь тэнд оршин суугаа иргэдийн тохь тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулж, орон сууц, зам, дэд бүтэц, ахуйн үйлчилгээг сайжруулах ёстой. Үүнд заавал төрийн дэмжлэг хэрэгтэй ч төсвийн хөрөнгөөс гадна иргэдийн оролцоогоор их зүйлийг хийж бүтээж болдог. Үүний тулд тухайн хот хөгжлийн маш сайн ерөнхий төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
-Гэтэл хотын захирагч нар буюу Засаг дарга нар сонгуулиар өөрчлөгдөөд байгаа болохоор урт хугацааны ерөнхий төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явах боломжгүй юм биш үү. Ерөөсөө хотын захирагч гэдэг албан тушаалыг Засаг даргаас салгаад, орон нутгийн иргэд нь сонгоод удаан хугацаанд тэрхүү ерөнхий төлөвлөгөөг л хэрэгжүүлдэг байж болохгүй юу?
-Хот байгуулалтын тухай хуулиар бол ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдийн санал, санаачлагыг тусгана, ИТХ-аар хэлэлцүүлж батлахаар заасан байдаг. Тэгээд иргэд төлөөлөл болсон хурал нь баталсны дагуу л хэрэгжиж байгаа нь тэр. Өөр хэнээр батлуулах болж байна. Нийслэлийн уирдлагуудын хувьд ч ялгаагүй. Тухайн үед мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө гаргадаг боловч өөрийн дураар хэрэгжүүлээд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Түүний дараагийн үеийн дарга ямар хөрөнгө, төлөвлөгөөгөр ажиллах нь хамаагүй мэтээр асуудалд хандаад байна. Уг нь хотын даргыг иргэдээс шууд сонгодог, хариуцлага тооцдог болчихвол энэ байдал өөрчлөгдөх байх.
-Та барилга, орон сууц, хот байгуулалтын салбарт олон жил ажилласны хувьд мэргэжлийн хүмүүс хотыг төлөвлөж, зохион байгуулахад гаргахад хүчтэй нөлөөлж чадахгүй байгаагийн шалтгааныг юу гэж үздэг вэ?
-Манайхан тэр дарга ингэж үүрэг өгөөд, гуйгаад, ийм нөлөө бүхий хүн шахаад гэсэн тайлбар өгөх дуртай байдаг. Мэргэжлийн хүн, мэргэжилдээ үнэнч, өөрийн байр сууриндаа хатуу зогсож чадвал улс төрийн ямар ч өндөр албан тушаалтны нөлөөлөл зөрчил гаргах үндэслэл болж чадахгүй. Ядаж хор нөлөөллийг нь мэргэжлийн талаас нь тайлбарлаж хэлээд эсэргүүцэхэд “Тэр хамаагүй” гэх ёс зүйтэй хүн ховор л байх. Тиймээс төрийн байгууллагад дунд, доод албан тушаалд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс маань дарга нараасаа илүү авлигад автагдсан байгаа шүү гэдгийг хэлчихье.
-Тэгвэл дэлхийн бусад хот энэ бүхнийг яаж зохицуулаад байна вэ гэдгийг судалж үзсэн үү. Ер нь манайх Дэлхийн хотуудын холбоотой ямар хамтын ажиллагаатай байдаг вэ?
-Дэлхийн хотуудын форум 2006 онд Канадын Ванкувер хотод болж, тухайн үед Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт агсан оролцож байлаа. Ванкувер хотын дарга нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр явдаг хүн байсан. Гэтэл Ванкувер хот олон жилийн турш “Хамгийн аюулгүй, цэвэр хот” шалгаруулалтад дэлхийд тэргүүлсэн байдаг юм. Дэлхийн хотуудын форум 2008 онд Нанжин хотод болсон. Нанжин хот нь эртний Хятадын өмнөд нийслэл учраас түүх соёлын үнэт зүйлсээ хөндөлгүйгээр, хотыг орчин үеийн хэмжээнд хэрхэн төлөвлөж хөгжүүлж болдгийн тод жишээ юм билээ. Эдгээр форумд оролцох үед дэлхийн хотуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх олон арга замуудыг хэлэлцэж, зохих шийдэлд хүрдэг. Мөн туршлага солилцож, эрдэмтдийг сонсож, ажил хэргийн уулзалтуудыг зохион байгуулдаг зэргээрээ олон талын ач холбогдолтой байдаг юм билээ.
-Түүхэн барилга, байшингаа хөндөхгүйгээр орчин үеийн жишигт нийцүүлэн хот байгуулалтаа төлөвлөсөн тэр туршлагыг манай хотод хэрхэн зохион байгуулж болох вэ?
-Жишээ нь нийслэлд миний төрсөн газар нэгдүгээр төрөх эмнэлгийг, хуучин гуравдугаар эмнэлэг, “Зориг сан”-ийн байрны зүүн талын хуучны архитектураар барьсан жижиг барилга, Лениний музейн арын түүх дурсгалын өв бүхий байшин зэргийг нураасан. Ингээд хот өөрөө түүхгүй болчих тийшээ хандаж байгаа юм. АНУ дахь манай Элчин сайдын Яамны байр байрладаг Жорж Тауны гудамжинд 1800 оны үед барьсан барилгууд хоёр, гурван давхар байрууд бий. Тэр байранд орохоор төрөл бүрийн үйлчилгээтэй, доошоо 2-3 давхар байх жишээтэй. Ерөөсөө гаднах дүр төрхийг нь үлдээгээд бусдыг нь иж бүрэн шинэчилж чаддаг. Москвад л гэхэд ихэнх байшинг доогуур нь хөндийлж байгаад гудамж гарган өөрчилсөн байдаг. Хуучин Арбатын гудамжин дахь хуучны барилгуудыг бүгдийг нь сэргээн засварласан. Буулгаж нураахгүйгээр хотынхоо дүр төрхийг шинэчилж чадаж байна. Энэ бүхнээс бид суралцах ёстой. Ер нь дэлхийд хотжих үйл явц идэвхжиж байгаатай холбоотойгоор замын түгжрэл, агаарын бохирдол, иргэдэд хүрэх үйлчилгээ зэрэг олон бэрхшээлийг дагуулдаг. Дэлхийн хотуудын холбооны хурлын үеэр маш олон сонирхолтой санаачлагуудыг сонсож, газар дээр нь танилцах боломж байдаг. Манай хотын удирдлагууд ч гэсэн хөтөлбөрүүдийг сайтар судалж, бусад арга хэмжээнд нь идэвхтэй оролцохгүй, зөвхөн хуралд суучихаад ирдэг. Ингэснээр хийж буй ажлыг нь газар дээр нь үзэж танилцах тэр боломжийг алддаг гэмтэй. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй.
-Ингэхэд манайд алдаатай төлөвлөсөн ямар хотууд байдаг вэ. Тодорхой жишээн дээр тайлбарлах боломжтой юу?
-Хотыг төлөвлөхийн тулд суурь судалгааг сайн хийсэн байх ёстой. Хөрс, ундны ус, цаг уурын нөхцөл, зонхилох салхины чиглэл, өвөлдөө цас, зундаа бороо нь хэр ордог билээ, үерээс яаж хамгаалах вэ гэхчлэн олон талаас судална. Үүнд зөвхөн архитекторч, эдийн засагч оролцох бус цаг уур, автозам, дэд бүтэц, дулааны инженерүүд, байгаль орчны шинжээчид гээд олон мэргэжилтний оролцоо хэрэгтэй болдог. Суурь судалгаа муутай хотын жишээ гэвэл том хотуудаас Дарханыг нэрлэж болно. Дархан хотыг Бурхантын хөндийд анх байгуулахдаа үйлдвэрийн хот байхаар төлөвлөсөн. Ингээд цементийн үйлдвэрийг чехүүд, силикат тоосгоны үйлдвэрийг польшууд, дулааны станцыг нь оросууд, махны үйлдвэрийг унгарууд, нэхийний үйлдвэрийг болгарууд барьж өгсөн. Монгол оронд ихэвчлэн баруун хойноосоо салхилдаг. Тиймээс суурьшлын бүсээ салхины дээд талд, үйлдвэр, агаарын бохирдолтой хэсгээ салхины доод талд байхаар төлөвлөсөн. Гэтэл Дарханы зонхилох салхи нь өвлийн улиралд Хараа голоо дагаж хойшоо салхилдаг учраас үйлдвэрийн тоосжилт, утааг суурьшлын бүс буюу орон сууцны хороолол руу тууж, өвөл шинэхэн цас орсны дараахан хүртэл Дарханы оршин суугчид хар тоосонд булагддаг байх жишээтэй. Үерийн усны хамгаалалт хийгээгүйгээс уулын үер Дархан хотын зам талбайг шороогоор дүүргэдэг. Мөн цэвдэгтэй, ундны усгүй газар сонгосон Өвөрхангай аймгийн Уянга сум, Ховд аймгийн Алтай сумын төвийг нүүлгэж байсан.
-Эрдэнэт хотын хувьд ийм алдаа бий юү?
-Бий. Эрдэнэт хотоо үйлдвэртэй нь ойрхон барьсан. Хэдийгээр газар хөдлөлтийн балл нь бага боловч тэсэлгээний үед барилгын цонх чичирч, доргилт өгдөг байх жишээтэй. Энэ нь барилгын бат бэх байдалд нөлөөлөх учраас барилгын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхэд хүргэдэг.
-Тэгвэл нийслэлд, ялангуяа хувийн орон сууцны хороолол ихээр барих болсон Зайсан орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа нь хэр үндэслэлтэй байдаг бол. Мэдсээр байж хортой, эрсдэлтэй нөхцөлд барилга бариад байгаагийн цаана ямар аюул нуугдаж байна вэ?
-Зайсангийн гүүрний баруун талд буюу Туул голын хойд талаар үргэлжилсэн “Оранж таун”, “Цэлмэг”, “Парк-2”, “Орчлон хотхон” зэрэг хороолол нэртэй орон сууцууд бий. Тэр дунд зарим байшинг ганц хоёроор нь, нэгдсэн төлөвлөлтгүйгээр барьсан байдаг. Хороолол төлөвлөхдөө эхлээд өндөржилтийг нь төлөвлөх учиртай. Газрын гадарга, хөрс шороог нь яаж тэгшлэх вэ гэдгээ харж байж хотгор гүдгэргүй байх, хурын ус өөрөө зайлуулагддаг байх тэр нөхцлийг бүрдүүлдэг. Гэтэл тэдгээр хороололд энд тэндгүй хонхорхойд ус цугласан тав тухгүй зам талбайтай болсон. Хажууд нь “Харгиа” цэвэрлэх байгууламжаас хүн тогтохын аргагүй бохир, хортой үнэр ялгаруулдаг. Зуны улиралд хамгийн бохир газар тэр хавийн орчин байдаг. Тэр тусмаа дөнгөж төрж байгаа хүүхдүүд хамгийн ихээр хордож байна. Гэтэл манайхан агаар цэвэр гээд тийшээ зүтгээд байгаа. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хамгийн хортой зүйл нь арьс шир боловсруулахдаа хүнд металл бүхий химийн бодис хэрэглэдэг. Хүнд металл бол хүнийг тэр дор нь бус удаан хугацаагаар бие организмыг хордуулдгаараа онцгой аюултай. Уг нь нийслэлийн захиргаанаас “Малын түүхий эд, арьс ширийг хотод оруулж ирж боловсруулахгүй байх тухай” шийдвэр гаргасан. Тэгсэн мөртлөө “Харгиа” цэвэрлэх байгууламжид нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна гээд Хотын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд нар нь саяхан телевизээр яриад байх юм. Байдал одоо ч дээрдсэн юм алга. Шөнийн цагаар хүнд даацын машинууд хулгайн аргаар мал аж ахуйн гаралтай, боловсруулаагүй түүхий эдийг хотод оруулж ирдэг, арьс зумлаж, шир боловсруулсан хаягдлыг нь зөөсөн хэвээрээ байна. Уг нь энэ бол үйлдвэрийн район. Гэтэл дэргэд нь суурьшлын бүсээ байгуулсан. Бүр зайлшгүй байгуулах шаардлагатай бол эхлээд хор ялгаруулдаг үйлдвэрлэлээ зайлуулах ёстой байсан юм. Зуны улиралд тэр хавийн агаар ямар байгааг нийслэлийн Агаарын чанарын албаар тогтоолгож олон нийтэд зарлах хэрэгтэй.
-Хархоринд шинэ нийслэлээ барих төлөвлөгөө яагаад замхарсан юм бол. Тэнд хот байгуулах боломж бий юү. Суурь судалгаа нь ямар дүнтэй гарсан бэ?
-Одоогоос долоон жилийн өмнө буюу 2004 онд эвслийн Засгийн газар байгуулагдахад тухайн үед Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах гэж нэлээд ажилласан. Тэр ч байтугай өөрийн биеэр шинээр нийслэл байгуулах газраа сонгож, шавыг нь тавьж байлаа. Ерөнхий төлөвлөгөө, судалгааг хийлгэж, байгаль орчин, хот байгуулалтын үнэлгээ хийлгэсэн. Хот байгуулалтын факторуудыг тооцоод үзэхэд юуны өмнө уснаасаа хол байсан. Орхон голоос нэлээд зайтай. Мөн хөрс нь шавранцар чанартай, газар хөдлөлтийн найман баллын бүсэд оршдог. Ингээд хот байгуулалт талаасаа зохимж муутай гэж үзсэн. Гэтэл “Товлосон газраас жаахан уруудаад Тамир, Орхоны бэлчир, голд ойртуулах боломж байна гэж УИХ-ын гишүүн асан, Барилгын эрдэм шинжилгээний институтыг олон жил удирдсан, доктор Н.Тогтох гуай санал гаргаж байсан удаатай. Тэгээд л чимээ алдарсан.
-Уул уурхайн салбарт түшиглэж шинэ хотууд байгуулах талаар ярьж эхлээд байна. Жишээ нь Эрдэнэтээс том Оюутолгой хоттой болох нь гэсэн төсөөлөл ч олон нийтэд төрж байгаа. Танд энэ талаар ямар ирээдүй харагдаж байна вэ?
-Энэ талаар олон санал санаачилга гарсан. Төсөв, төлөвлөгөө, судалгаа ч байгаа. Жишээ нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид “Шинэ хот байгуулахгүй. Суурьшлын бүс бий болгохгүй. Зөвхөн үйлдвэрээ барьж, ажилчдаа 14 хоног тутамд ээлжлэн гэрт нь буцаадаг байхаар төлөвлөсөн” гэдэг. Цаанаа олон шалтгаан бий байх. Тухайлбал суурьшлын бүс байгуулахын тулд үйлдвэрийн ажилтнуудын ар гэрийнхэнд зориулсан нийгмийн бүх үйлчилгээг бий болгох шаардлагатай. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ахуйн үйлчилгээ барихаас эхлээд маш өндөр зардалтай. Хөрөнгө оруулагчид бизнесийн сонирхолтой учраас аль болох түргэн хугацаанд ашгаа олоод гарна уу гэхээс монголчуудыг тохижуулж хот барьж өгөөд сууж байх нь юу л бол. Энэ бол манай Засгийн газрын л хийх ажил.
-Таны дээр ярьсанчлан ундны уснаас эхлээд төвөгтэй асуудал олон бий байх?
-Усны асуудал үнэхээр төвөгтэй. Манайхан сүүлийн үед голоо гадагш урсгахгүй ”эх оронч бус” ус гээд ярих болж. Орхон, Хэрлэн голын урсацыг өөрчилнө гэсэн санал санаачлагууд гаргах болсон. Миний үзэж байгаагаар үүнийг тун бодитой санал гэж үздэг. Нэгэнт үерийн шар ус их хэмжээгээр гадагш урсаж байгаа учир далан байгуулж, өөрсдөө ашиглах л ёстой. Технологи хөгжсөн энэ цаг үед бага хүч, хөрөнгө зарцуулалтаар үүнийг ашиглах боломжтой. Тиймээс яваандаа ерээд оны эхээр байгуулсан хилийн усны хэлэлцээрүүдээ эргэн харах шаардлагатай гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин
