Англид мөргөлдөөн гарч болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Англид мөргөлдөөн гарч болзошгүй байна

Англи даяар залуучууд барилга, машин шатааж, дэлгүүр тонож, цагдаа нартай зодолцлоо. Лондоны Тоттенхэм дүүргийн оршин суугч хар арьстан Марк Дагганыг цагдаагийнхан барин саатуулахдаа хөнөөснөөс болж ийм үймээн гарч, олон хүний дургүйцлийг хүргэжээ. Үймээн болсон тав хоногийн дотор наад зах нь дөрвөн хүн амь үрэгдэж, цагдаагийнхнын саатуулсан хүмүүсийн тоо 2000 гаруй болоод байна.


Их Британийн Засгийн газар тонуулчид ба галдан шатаагч нартай хэрхэн тэмцэх гэж байгаагаа иргэдийнхээ өмнө тайлагнав. Ерөнхий сайд Дэвид Кемэрон хулигаануудыг сүлжээгээр зохицуулалтаа хийхэд саад тавихаас гадна самуунд нэрвэгдсэн хотуудад хөл хорио тогтоож, цагдаа нарт хүмүүс олноор цуглахаас сэргийлэн “урьдчилан хөөн тараах” арга хэмжээ авахыг даалгасан гэдгээ хэлжээ.

Ийм маягийн гудамжны эсэргүүцлийг судалдаг хоёр британи нийгэм судлаачид ярьж байна. Өөрсдийн санаа бодлоо Кардиффийн их сургуулийн ажилтан  Саймон Мур (Simon Moore) ба Лидсийн их сургуулийн мэргэжилтэн Пол Бэггели (Paul Bagguley) хэлжээ.

-Яагаад Англи даяар самуун дэгдэв. Шалтгаан нь юу байв?

Саймон Мур:  -Энд ганцхан шалтгааныг авч үзэж болохгүй.  Энэ тохиолдолд олон нөхцөл, түүний тоонд самуун гаргагчдын боловсролын бага төвшин, тонон дээрэмдэгчдийн амьдардаг дүүрэгт гэмт хэрэгтнүүдийн идэвх их байгаа зэрэг  шалтгаалсан. Дагган алагдсан нь эсэргүүцлийн шалтгаан биш. Тэр нь ердийн л байдаг үйл явдал.  Англи олон нийтийн эсэргүүцлийн урт  түүхтэй улс. Харин галдан шатаалт,  сүйтгэсэн явдал гарч байсан удаагүй. Одоо энэ нь ямар нэгэн шалтгаанаар давтагдахаар болж байна.

Пол Бэггели: Мэдээжийн хэ­рэг,  Дагганы хөнөөсөн нь анхны шалтгаан байсан. Түүний хүрээнийхэнд цагдаагийнхан хэрхэхсэн нь нөлөөлсөн. Тэгээд л аажмаар Тотенхеймд Дагганыг танихгүй хэрнээ, цагдаагийнхантай муу харилцаатай хар арьстан залуус цугларч эхэлсэн юм. Үүний зэрэгцээ үйл явдалд өнөөгийн эдийн засгийн  байдал нөлөөгөө үзүүллээ.

-Та хоёр ийм байдал дахин гарч ойрын ба ирээдүй цагт үргэлжилнэ гэж үзэж байна уу?

Пол Бэггели: Мэдлэг, мэргэжил тутмаг дээрэм тонуулд л оролцож байсан хүмүүст  ажил олго гэх хэцүү л дээ. Тиймээс ийм зүйл гарахгүй гэж хэлэхэд хэцүү. Ажилгүй залуус гудамжинд ихээхэн цагийг өнгөрөөж байна.Тэднийг энэ болж байгаа зүйл шиг хэрэгт татан оролцуулах нь амархан.

-Цагдаагийнхан “муу нэртэй”  залуустай  хэтэрхий ширүүн  харилцвал  дахиад л ийм байдал үүснэ гэх гээд байна уу?

Пол Бэггели: Үгүй, би цагдааг хэтэрхий хатуу байсан гэхгүй. Тэд бага төвшний орлого, боловсролтой  залуусын төвшинд л сонирхлоо хандуулж байгаа юм. Тухайлбал, өнгөт арьстнуудын  төвшинд. Жишээ нь,  цагдаа нар тэднийг тогтмол нэгжин шалгаж байгаа нь шинэ сөргөлдөөнийг өдөөж болох юм.

-Үймээнийг зогсоох цагдаа нарын үйл ажиллагаа яагаад ийм үр дүнгүй байв аа?

Саймон Мур: Минийхээр бол цагдаа нарын ажиллагаа үр дүнгүй байгаагүй.

Пол Бэггели:
Тийм ээ, цагдаа­гийнхан эхнээсээ санаачлагаа алд­сан. Шалтгаан нь тэд ийм ажил­лагааг зогсоох талаар өөрсдийн үйл ажиллагааг  төлөвлөж чадахгүй  байгаад л асуудал байна. Британийн цагдаагийнхан өөр маягийн тухайлбал, хөлбөмбөгийн тэмцээний дараах үймээнтэй тэмцэхдээ сайн. Спортын арга хэмжээ тодорхой нэгэн газар болдог учраас түүнд бэлтгэж амждаг. Энэ тохиолдолд нэмэлт хүчээ ч үймээн эхэлсэн газарт хурдан ирүүлж чаддаг. Спортын үймээнд хэдэн зуу, мянган хүн оролцдог бол энэ удаа тэдний гол хүч нь хэдэн арван хүнээс бүрэлдсэн шуурхай тоногчдын бүлэг хөдөлж байсан учир цагдаагийн стандартын тактик үйлчилсэнгүй.

-Байдлыг ийм сүйрэлд оруулахгүйн тулд цагдаагийнхан хэрхэн ажиллах ёстой байсан бол?

Пол Бэггели:
Дагган алагдсаны дараа Тоттенхэмийн олон оршин суугчид цагдаагийнханаас юу болсоныг, мөрдөн байцаалт ямар янзаар болж байгааг мэдэхийг хүссэн. Цагдаагийн төлөөлөгч эдгээр хүмүүстэй уулзаж ярилцсан бол өмнөх туршлагад харуулж байснаар тийм шуурхай арга хэмжээ нь сөргөлдөөнийг дэвэргэхгүй байлаа, гэтэл тэд үүнийг хийсэнгүй. 

-Үймээн гаргагчид өөрс­дийн үйл ажиллагааг  зохицуу­лах­даа нийтийн сүлжээг ашиг­­лан өөрсдийн байрлал ба тө­лөв­лөгөөнийхөө талаар Twitter ба Facebook серверын тусламжтайгаар бодит цаг хуга­цаанд зохицож байлаа. Харил­цаа холбооны шинэ төвшинд гарсан бут ниргэгч нартай цагдаа нар хэрхэн  учир явдлаа олох билээ? 

Пол Бэггели:
-Одоо цагдаа­гийнханд нийтийн сүлжээний мони­торинг хийх шаардлагатай гэсэн яриа гарч байна.  Үнэн хэрэгтээ тэр тус болохгүй. Facebook эсвэл Twitter  сүлжээнээс мэдээлэл авах нь нэг хэрэг, түүнд шуурхай гавшгай  хандан ажиллана гэдэг өөр хэрэг. Хүмүүс нийтийн сүлжээгээр харилцдаг. Тэд өөрсдийн шийдвэрээ маш хурдан өөрчилж болно. Цагдаагийнхан тэдэн шиг хурдан эсрэг арга хэмжээ авахаар хөдлөх нь бэрх. Нийтийн сүлжээ нь үймээн гаргах гэж байгаа хүмүүст дээд зэргийн хэрэгсэл бол цагдаа нар түүнийг ашиглахад маш хүндрэлтэй. 

-Та үймээнд оролцсон сүйт­гэгч­дийн ердийн хөргийг хэлээд өгч чадах уу?

Саймон Мур:
Боловсролын төвшин маш дор, ядуу залуус юм.

Пол Бэггели:
Сүйтгэлд нийг­мийн доод давхрагийн залуус голч­лон оролцлоо. Гэхдээ тэдний насны хэлбэлзэл хангалттай ялгаатай. Баригдсан хүмүүсийн хамгийн залуу нь 11, хамгийн хөгшин нь 40 настай байсан бол дундаж нас нь 20. Самуун гаргагчдийн олонхи нь үймээн гарсан дүүрэгт амьдардаг. Тэдний зарим нь хаана ч ажилладаггүй. Ихэнх нь нарийн мэргэжил эзэмшээгүй. Цагдаагийнхантай гол төлөв эрэгтэйчүүд сөргөлдсөн ч үймээнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид оролцсон. Тиймээс нийтлэг дүр зургийг гаргахад хэцүү. Хэтэрхий олон янзын хүмүүс энд оролцлоо.

-Тэдний арьсны өнгөний харьцаа ямар байна вэ?

Пол Бэггели:
Эхлээд тэд Дагганд ямар нэгэн хэмжээгээр холбоотой өнгөт арьстнууд байлаа.  Үймээн Лондоны бусад дүүрэг, улс  орны бусад бүсээр тархаж эхлэхэд оролцогсодын яс үндэс өргөжин одоо ямар нэгэн ястнуудыг гол бүлэг гэж хэлэхэд хүндрэлтэй болж байна.

-Үймээний үеэр олон хүн баривчлагдсан. Тэд ямар шийтгэл авах бол?

Пол Бэггели: Шийтгэл нь гэмт хэргийн ноцтой эсэхээс л шалтгаалах байх. Жижиг тонуул хийсэн хүмүүс жижиг ял авна. Харин байр, байшин шатаасан хэрэгт холбогдсон хүмүүс тав, арван жилээр хоригдох байх.

-Наймдугаар сарын 11-ний өглөө гэхэд 95 мянган хүн үймээн дэгдээгчдийн гаргасан нийгмийн халамжийг зогсоох шаардлагын бичигт гарын үсгээ зурсан. Хэрэв түүнд 100 мянган хүн гарын үсгээ зурсан бол энэ асуудлыг парламент авч хэлэлцэх ёстой. Тэр асуудал дэмжигдэж магадгүй. Та ийм хүмүүжүүлэх арга хэмжээний талаар юу бодож байна вэ. Тэр нь дахиад шинэ үймээн гаргах юм биш биз. (Наймдугаар сарын 12-ны өглөө гэхэд петицид 116 мянган хүн гарын үсгээ үлдээсэн байлаа)

Саймон Мур: Энэ бол маш ээд­рээтэй асуудал. Ямар ч тохиолдолд Британийн хотуудыг ниргэсэн хүмүүс маш ядуу. Тэдний нийгмийн халамжийг авбал тэд хэрхэн амьдрах вэ? Энэ шаардлагыг хүлээн авбал ухаалаг биш шийдвэр болно. Түүнийг хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Миний бодлоор бол одоо тэднийг амьдарч байгаа газраас нь нүүлгэн ,тараан суурьшилуулах нь шинэ үймээн гаргахгүй байх арга юм. Олон хотуудад хүчирхийлэл, гэмт хэрэг цэцэглэж байгаа жинхэнэ гетто бий болсон байна. Тэр хорооллыг тараан бутаргаж, оршин суугчдыг нь эрүүл нийгэмлэгт интеграцлах ёстой.

Пол Бэггели: Эдгээр хүмүүсийн нийгмийн тэтгэмжийг хасвал тэд орлогын эх үүсвэргүй болоод хулгай хийх болно. Энэ арга хэмжээ нь нийгмийн доод давхарга дахь гэмт хэргийг идэвхжүүлнэ.  Эдгээр хүмүүс ажил олно гэж бараг байхгүй. Энэ асуудлыг шийдсэнээр л байдлыг өөрчилж болох юм. Парламент энэ асуудлыг авч үзээд л үлдээнэ гэж би бодож байна.

-Дахин ийм хэрэг гаргуулах­гүйн тулд парламент юу хийх ёстой вэ?


Саймон Мур:
Маш ээдрээтэй асуудал учир би хариулт өгч чадахгүй байх. Дахин ийм харгислал гаргахгүйн тулд эдгээр хүмүүст өөрийн цаг үеэ эдлэх ямар нэгэн зүйл өгөх хэрэгтэй. Тэдний чөлөөт цагийг спорт, хөгжим мэтийн зүйлээр дүүргэх хэрэгтэй.

-Энэ үймээн өнөөгийн эрх баригч улстөрчдийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол?

Саймон Мур: Засгийн газар эндээс сургамж авч байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Пол Бэггели: Минийхээр бол энэ үйл явдал өнөөгийн эрх баригчдын улс төрийн ирээдүйд хүчтэй нөлөөлж, тэдний нэр хүнд унана. Олон хүн тэдний үйл ажиллагаа нь байдлыг шийдээхээсээ илүү  муутгасан гэж үзэх болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж