Тимошенког аллагад сэжиглэв

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Тимошенког аллагад сэжиглэв

Украины Ерөнхий прокурор экс ерөнхий сайд Юлия Тимошенког аллагад хамаатай хэмээн сэжиглэж эхлэв. Америкийн прокурорын мэ­дээнд тулгуурлан Ерөнхий проку­рорын орлогч Донецкийн бизнесмэн, Дээд радын депутат Евгений Щербенийг 1996 онд хөнөөсөн хэргийн захиалагч гэж Тимошенког сэжиглэжээ. Шинжээчдийн яриагаар шинэ ял тулгаж байгаа нь Украины ерөнхийлөгч Виктор Януковичийн  явуулгын хямрал буюу “байгалийн хийн” хэрэгт нотлох баримтгүй болсныг харуулж байгаа ажээ.

Экс-ерөнхий сайд Юлия Тимошенко Дээд радын депутат Евгений Щербенийг хөнөөсөн хэрэгт хамаатай байж болох талаар Украины Ерөнхий прокурорын орлогч Ренат Кузьмин «Фокус» сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байв. Украины экс ерөнхий сайд Павел Лазаренкогийн хэргийн материалын талаар яриа байж магадгүй юм. Лазаренко эдийн засгийн гэмт хэрэгтээ  Америкийн шүүхээс есөн жилийн ял авч, 10  сая ам.доллараар тогуулжээ. 

Лазаренкогийн эсрэг эрүүгийн хэрэгт сонирхолтой мэдээлэл байна. АНУ-ын прокурорын байцаалтад алуурчин  Лазаренко ба Тимошенкогийн данснаас мөнгө авсан гэж хэлсэн байна хэмээн Кузьмин хэлжээ. “Гэрч нь захиалагчтай хийсэн ярилцлагадаа үндэслэн “”Юля төлнө” гэж хэлэхдээ “аллагын захиалгыг” хэлсэн хэмээн Кузьмин нэмж хэлэв.

Дээд радын депутат Евгений Щербань 1996 оны арваннэгдүгээр сарын 4-нд Донецскийн нисэх буудалд онгоцноос буухад нь нисэхийн хувцастай  хоёр үл таних этгээд буудан хөнөөсөн юм.

Одоо Киевын урьдчилан хорих төвд хоригдож байгаа Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенко EUobserver хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийн амь насны төлөө түгшиж байгаагаа хэлжээ. Давж заалдах шүүх түүнийг суллах талаар татгалзахаас нэг хоногийн өмнө Тимошенко хариултаа Европын нэр хүндтэй хэвлэлд хүргүүлсэн байв.

“Та өөрийнхөө  амьдралын төлөө айж байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Тимошенко “Миний айж байгаа нь мэдээжийн хэрэг. “Хүн байхгүй бол асуудал байхгүй” гэсэн сталины үеийн үгийг би мэднэ. Өнгөрсөн хугацаанд санамсаргүй гэхээр олон тохиолдол байсан юм. Жишээлбэл, Дотоод хэргийн сайд  агсан Юрий Кравченкогийн амиа хорлосон гэх хэрэг байна” хэмээн хариулсан байв.Сэтгүүлч Георгий Гонгазегийн хэргээр байцаалтад очих ёстой байсан Кравченко зуслангийн байрандаа 2005 оны гуравдугаар сарын 4-нд толгойдоо галт сумын хоёр шархтайгаар нас барсан байжээ.

Тимошенко өөрийг нь шүүж байгааг хууль бус гэсэн байв. “Би энэ шүүхийг хууль ёсын дагуу гэж үзэхгүй. Энэ бол өмнөөс бичигдсэн үзүүлэх шүүлт” гэж тэр бичжээ.  2009 онд Оростой байгалийн хийн гэрээг байгуулахдаа зөв ажилласан гэдгээ ч тэр хэлсэн байв. Байгалийн хийн нийлүүлэлт тасалдахад Европын холбооны орны хүмүүс сандралд орсон байлаа. Тэр нь Европын хувьд ч Украинд ч тэвчих аргагүй байсан билээ. Хэрэв энэ сөргөлдөөн үргэлжилсэн бол манай байгалийн хийн дэд бүтэц сүйрэхэд ойртсон байлаа гэж Тимошенко мэдэгджээ.

Өөрийгөө баригдахаас нэг долоо хоногийн өмнө Тимошенко хэзээ ч амиа егүүтгэхгүй гэж зурвас бичин үлдээсэн байна. “Намайг баривчлах төлөвлөгөө нь хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийхийг хүсч байна. Улс төрийн өрсөлдөгчтэйгөө тооцоо бодсон нь энд ойлгомжтой байгаа. Гэхдээ энэ тухай биш. Надад амиа егүүтгэх  ямар ч хандлага байхгүй гэдгийг би мэдэгдэх гэсэн юм. Кирпа, Кравченко нарт хийснээ надад давтах гээд хэрэгүй. Би хэзээ ч амиа хорлохгүй. Миний хийж буй бүхий л хэрэг бол гэмт хэргийн дэглэмтэй тэмцэж, Украиныг дэлхийд зохих байр суурийг нь эзлүүлэхийн төлөө юм. Украины алдар бадартугай. Юлия Тимошенко” гэж уг зурваст бичсэн байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж