Ширэн бээлийтнүүд өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд өнөөдөр ирнэ

БНСУ-ын Инчён хотод энэ сарын 5-12-нд болсон боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын боксын шигшээ багийн тамирчид өнөөдөр орой эх орондоо ирнэ.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор П.Сэрдамба /49 кг/, Н.Төгсцогт /52 кг/, Д.Отгондалай /56 кг/, З.Энхзориг /60 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/, Х.Мандахбаяр /-91 кг/ нарын найман тамирчин Азийн аваргын рингэнд тулалдсанаас дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ алт, ОУХМ Д.Отгондалай, Т.Чулуунтөмөр нар мөнгө, Б.Түвшинбат хүрэл медаль хүртсэн билээ.

Ингэснээр Монголын баг тамирчид Шар тивийн 22 орноос дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Харин Хятадын баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлсэн бол Казахстан /2-2-1/, БНСУ /2-1-1/-ын баг тамирчид удаалжээ.

Ширэн бээлийтнүүдийн дараагийн тэмцээн нь Азербайжаны нийслэл Баку хотноо ирэх сард болох ДАШТ байх юм.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж