УИХ-ын дарга Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Хөвсгөл аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр тус аймаг дахь хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр ноос, ноолуурын үйлдвэрт зочиллоо. Байгуулагдаад ердөө жил болж буй тус үйлдвэр сардаа 3000 тонн ноос, 2000 тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай төдийгүй 100 гаруй хүнийг ажлын байртай золгуулжээ.

Хонины ноосыг нэг кг-ыг 850 төгрөгөөр худалдан авдаг учраас малчдын хувьд дээрх үйлдвэрт уртын ноосоо тушаахдаа сэтгэл өег байдаг аж. Учир нь үйлдвэр байгуулагдахаас өмнө малчид ченжүүдэд нэг кг уртын ноосоо 500-600 төгрөгөөр тушаадаг байсан, үйлдвэртэй болсноос үнэ ханш боломжийн тогтсон гэж үнэлж буй юм. Уг үйлдвэр малчдаас авсан ноос, ноолуураа боловсруулна. Дараа нь үндэсний үйлдвэрүүддээ нийлүүлдэг байна.

Ингэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортонд гарах анхдагч боловсруулалт нь болж чаддаг ажээ. Ер нь төр засгаас жижиг, дунд үйлдвэрүүдээ бодлогоор дэмжээд өгвөл орон нутагт энэ төрлийн үйлдвэрүүдийг байгуулж, ажиллахад тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлэх төдийгүй мал аж ахуй сэргэж, Монгол Улсын эдийн засаг өсч өндийхөд тодорхой хэмжээгээр дэмжлэг болох сэжим харагдаж байна гэдгийг үйлдвэрийн удирдлага УИХ-ын даргад ажлаа танилцуулах үеэрээ онцоллоо.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус аймагт баригдах гэж буй Дулааны цахилгаан станцын шугамын ажилтай танилцлаа. Дулааны шугам тавигдаж, станц байгуулагдсанаар Хөвсгөл аймаг нь өөрийн хүчин чадлаар дулаан, цахилгаанаа хангаад зогсохгүй зэргэлдээ аймгууддаа нийлүүлэх бололцоо ч бүрдэх гэнэ.  Тиймээс аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд хийж буй томоохон ажилд Дулааны цахилгаан станцыг нэрлэж байна. Одоо дулааны шугам тавих ажил ид оргилж буй бөгөөд энэ ажлыг “Одкон” компанийнхан гүйцэтгэж буй. Энэ ондоо багтаан шугамын ажлыг гүйцэтгэж дуусгана. Ирэх жилээс Дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ удаагийн томилолтоо зөвхөн Мөрөн суманд ажилласнаар өндөрлөхгүй, Булган аймгийг зорих замдаа Тариалан сумаар орж, тариалалт хэр байгаа, хэр арвин ургац хураахаар тариаланчид ажиллаж байгаатай танилцана. Мөн малчид хадландаа гарсан тул өвлийн бэлтгэлээ хэр базааж байгааг нь ч давхар шалгахаар болоод буй юм.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж