Б.Хурцыг уул уурхайгаар барьцаалсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг уул уурхайгаар барьцаалсан гэв

Х.Бат-Ялалт: Б.Хурцыг уул уурхайгаар барьцаалж байна

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм.  Мөн энэ үеэр “Сүхбаатарын талбайд энэ сарын 26-28-ны өдрүүдэд “Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор илгээсэн боловч татгалзсан хариулт ирүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн тэд мэдэгдсэн юм. Дээрх асуудлуудтай холбоотойгоор “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтаас нэмж тодрууллаа.


-Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гарлаа. Ажлын хэсгийнхан давж заалдах шатанд хандана гэж байгаа боловч Б.Хурц өөрөө давж заалдах шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хувь хүнийх нь хувьд биш төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж явсан гэдэг талаас нь бид хандах ёстой. Б.Хурц үнэхээр тэгж хэлсэн эсэх нь ч бас баталгаатай асуудал биш. Ямар ч тохиолдолд Б.Хурцыг суллуулах, эх оронд нь авчруулж, өөрийн хууль шүүхийн байгууллагаар хэргийг шийдэх гэсэн урьдын байр суурь хэвээр байгаа. Тиймдээ ч нэр бүхий долоон төрийн бус байгууллагуудтай хамтарч “Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн” байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Мэдээж хуульч хүнийхээ хувьд судлахад Германы талд шилжүүллээ гэхэд Д.Энхбатыг хулгайлж авчраад юу болсон гэх мэтээр задарч, маш олон оролцогчтой, томоохон хэмжээний бүлэглэлийн гэмт хэрэг болох нь тодорхой. Тухайн үеийн Монгол Улсыг толгойлж байсан удирдагч нар байр сууриа илэрхийлэх цаг болсон гэж бодож байна. Яагаад энгийн ажилтан байх үед интерполоор эрэн сурвалжлаад баривчлаагүй юм бэ. Бүхэл бүтэн долоон жилийн турш зүв зүгээр байснаа гэнэт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга болонгуут нь баривчлав гэдэг нь их сонин. Хоёр улс уул уурхай, эдийн засаг гэх мэт салбаруудад хамтарч ажиллах цаг үед энэ ажиллагааг зохион байгуулна гэдэг цаанаа ямар нэг асуудал байна гэж хувь хүнийхээ хувьд хардаж байна.

-Таны хувьд уул уурхайгаар дамжуулж Б.Хурцыг барьцаалсан гэж үзэж байгаа хэрэг үү?

-Ерөнхийдөө тийм хардлага хэн бүхэнд байгаа. Оюутолгой, Рио-Тинто гээд английн компаниуд манай улсын уул уурхайн салбарт ноёрхлоо тогтоох сонирхол байгаа нь хэнд ч ойлгомжтой. Мөн дээрээс нь Английн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн биржийг эзэгнэхээр санаархах болсон ч ил байгаа. Тиймээс дээрх салбаруудад ноёрхолоо тогтоохын тулд төрийн өндөр албан тушаалтныг барьцаалж байж болох талтай гэдэг үүднээс хардаж байна. Энэ бүхнийг бид баримттай, ул үндэстэй судлахыг зорин ажиллаж байгаа.

– “Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн” яг ямар бодит ажил хийх вэ?

-“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас гадна зургаан төрийн бус байгууллага бидэнтэй нэгдэж, “Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн”-ий хүрээнд ирэх сараас эхлэн хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Учир нь, ганц, нэг хувь хүний асуудал биш, бүрэн эрхт улс гэдэг утгаар нь нийт монголчууддаа хандан ухуулга, сурталчилгаа шат дараатайгаар хийхээр төлөвлөөд байгаа. Алуурчин, луйварчинг манай шүүх яллаж ядахгүй байхад Английн шүүх шударгаар тогтоолоо, түүнийг өмөөрөх хэрэггүй гэх хэт туйлширсан хүмүүст хандсан үйл ажиллагаа гэх үү дээ. Энэ байдлаас харахад нийт иргэд улсын шүүх засаглал итгэх итгэл алдагдсан нь анзаарагдаж байгаа. Тиймээс шүүх, прокурор, төрийн албан хаагчид шат шатандаа зөв шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй болсныг харуулж байгаа хэрэг. Энэ бүхнээс үүдээд энэ сарын 26-28-нд Сүхбаатарын талбайд “Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өдөрлөгийн үеэр иргэдтэй санал бодлоо солилцох, хууль бус үйлдэлтэй хууль эрхийн хүрээнд хэрхэн тэмцэх, томоохон нэр бүхий албан тушаалтны хэргүүдийг нийтэд дэлгэх гэх мэт тайван замаар арга хэмжээг зохион байгуулна.

-Өдөрлөг зохион байгуулах зөвшөөрлөө авсан юм уу?

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ хүргүүлсэн ч “боломжгүй” гэсэн хариулт өгсөн. Бидний өдөрлөг зохион байгуулах цаг хугацаатай давхцаад “Нийгмийн ардчилал” Залуучуудын холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Энхийн их наадам” төрийн бус байгууллагууд арга хэмжээ зохион байгуулна гэх шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй. Хэрвээ арга хэмжээ зохион байгуулсан тохиолдолд хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээр хохирох, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх мэт зөрчил илэрвэл хариуцлагыг зохион байгуулсан этгээд хариуцна гэсэн тайлбар хийсэн байна лээ. Үүнээс үзвэл, зөвшөөрсөн тохиолдолд хүний амь нас эрсдвэл төр хариуцдаг, зөвшөөрөөгүй тохиолдолд зохион байгуулагч хариуцдаг гэсэн логик утга гарч ирж байгаа юм. Тиймээс бид үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Бид өдөрлөгөө товлосон хугацаандаа зохион байгуулах болно.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж