Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Шинэ социалист

Базарсадын Жаргалсайханд монголчууд тэртээ 20 жилийн өмнө л итгэмгүй сонин хачир өгч эхэлсэн нь бий. Шар будаанаас өөрийг зооглодоггүй, шан харамж бусдад өгч мэддэггүй, өөрөөсөө өөр хүнийг үнэлж мэддэггүй гээд л. Ерөнхийд нь барууны харгис капитализмыг хатуу мөрдөгч хэмээн буруушаах нь олонтаа. Өнөөдөр ч гэсэн түүний талаарх энэ дүгнэлт олон нийтийн дунд “амьд” хэвээр байгаа. Харин тэрбээр улс төрийн үзэл бодлыг нь мөнөөх зарчмаасаа хаа нэгтээ урвуулж дөнгөх нь бий. Капитализмыг шүтдэг шигээ улс төрд ч хатуурхдаг гэвэл худлаа. Хүссэн үедээ эрх баригч намтай түншилж, түншлэл дуусахаар тоншиж эхэлдэг зуршилтай. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай харилцах дадал нь ч тэр адилхан. Нэгэн үе “Н.Энхбаяраас өөр муу хүн байхгүй” хэмээн шүүмжилж байсан бол өдгөө “Н.Энхбаяртай ямагт хамт” гэх болж. Энэ шийдвэрийг нь эрэг нурж, эр алдсан ч хамт байж чадах сайн анд юм хэмээн магтаж болох ч түүний энэхүү сайхан чанарынх нь ард улс төрийн нүүдэл бий гэвэл худлаа болохгүй. Хамтарч байгуулсан “Эх орон, шударга ёс” хөдөлгөөнөөр дамжуулж, УИХ-ын 2012 оны сонгуульд боломжийн хэдэн суудал зулгаачих зорилготой гэдэг нь нууц биш. Тэр ч бүү хэл, жинхэнэ утгаар нь Н.Энхбаяраар фон хийх гуравдагч хүчний тугийг өргөхийг хүссэн түүний эл хүсэл зуун хувь биелнэ гэдэгт ч итгэлтэй байгаа бололтой. Үүгээрээ тэрбээр Монголын цорын ганц капиталист бус харин зүүний үзлийг өөрийнхөө өнцгөөс үнэд оруулах туйлбартай нэгэн социалист болох замыг сонгож авснаа зарлаж буй нь энэ юм. Юун нөгөө хөрөнгөтний нийгмийг шүтэх. Байгаагаа бадар барьсан олонд тарааж өгөх нинжин сэтгэлтэн л болно гэсэн үг шүү дээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж