“Универсиад” наадам өнөөдөр хөшгөө нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Универсиад” наадам өнөөдөр хөшгөө нээнэ

Дэлхийн оюутан залуусын спортын “Универсиад” их наадам БНХАУ-ын Шинжинь хотноо өнөөдөр орой нээлтээ хийх гэж байна. Хонконгтой хөршлөн орших тус хотод 26 дахь удаагийн “Универсиад” наадмын нээлтийн ёслол хосгүй гайхалтай болно гэдгийг зохион байгуулагчид нь амлаж байна. Гурван жилийн тэртээ зуны 29 дүгээр олимпийн наадмын нээлтийн ажиллагааг дээд төвшинд зохион байгуулж, дэлхийн нийтийг алмайруулж чадсан хятадууд энэ жилийн “Универсиад” наадмын нээлт болоод хаалтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буй. Гадаад дүр төрх, харагдах байдлаараа “Хавар цагийн хүр хорхойн үүр” гэгддэг Шинжинь хотын спорт цогцолборт “Универсиад” наадмын нээлтийн ёслолын ажиллагаа болно. Энэ сарын 12-23-нд болох наадмын нээлтийн ажиллагааны найруулагчаар ажилласан Жиан Хаоян “Бусад спорт наадмуудын нээлтийн ёслолоос ялгаатай нь бид нээлтийн ажиллагааны мөн чанар болоод тамирчдад онцгой ач холбогдол өгч байгаа. Урлаг, соёлын үзүүлбэр бол хоёрдугаарт яригдах асуудал” хэмээжээ. Нээлтийн ёслолын ажиллагаа 90 минут үргэлжлэх бөгөөд 3000 гаруй оюутан жүжигчдийг оролцуулж байгаа гэнэ. Нэгэнт оюутан залуусын өрсөлдөх талбар учир тэд өөрсдөө шоуны од нь байх ёстой хэмээн эрхэм Жиан өгүүлжээ. Түүний хэлснээр нээлтийн ёслолын хамгийн оргил хэсэг нь тамирчдын парад байх аж. Дэлхийн 150 гаруй орны 12 мянга гаруй оюутан тамирчин “Дэлхийн хаалга” хэмээн нэрлэсэн асар том LED ханыг нэвтлэн гарч ирснээр талбайд хүрэх гэнэ. “Универсиад”-д оролцох 152 орны баг тамирчдын хөтчөөр ажиллах охид бүгд өөр хоорондоо ялгаатай хувцастай байх ба тэдгээрийг Шинжиний их сургуулийн багш 20 оюутны хамт урлажээ.

“Универсиад” наадмын галт бамбарыг асаах онцгой нэгнийг одоохондоо нууцалж буй. 26 метр өндөртэй бамбар нь номоор босгосон уул мэт загвартай, “ном” болгон дээр өмнөх 25 “Универсиад” наадам хэзээ, хаана зохиогдож байсныг сийлсэн бөгөөд хамгийн дээд талын хэсэгт “2011 Шинжинь” хэмээн бичсэн байх юм.

Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанаас өмнө бүрэн хэмжээгээр хоёр удаа сургуулилт хийсэн бөгөөд сүүлчийнх нь өнгөрөгч лхагва гаригт болжээ.

“Бага олимп” гэгддэг “Универсиад” наадам хоёр жил тутамд зохиогддог. Хятад улс өмнө нь 2001 онд Бээжин хотноо зуны 21 дэх удаагийн “Универсиад” наадмыг, 2009 онд Харби хотод 24 дэх удаагийн өвлийн “Универсиад” наадмыг хүлээн авч байлаа. Харин энэ жилийнх манай урд хөршид болж буй гурав дахь наадам.

Монголын баг тамирчид Шинжиний “Универсиад” наадамд спортын 13 төрөлд 157 тамирчнаа сойно. Баг тамирчдын түрүүч энэ сарын 7-нд, сүүлч хэсэг нь өчигдөр эх орноосоо мордсон юм. Баг тамирчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар ахалж буй.

Наадмын анхны медальтнууд маргааш тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж