Ардчилалд залуус хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Ардчилалд залуус хэрэгтэй юу?

Эрийн цээнд хүрсэн ардчиллын лидерүүд өдгөө яалт ч үгүй өвөө, эмээгийн намба заах цаг иржээ. Мэдээж тэд өөрсдөө хүсэхгүй байгаа учраас тэднээс өвөө, эмээгийн намбыг нэхэхэд бэрхтэй. Монголын улс төр гэдэг эрх чөлөөний үнэт зүйлээр гоёдог ч бодит байдал дээр энд хувьчлагдсан улс төр ноёлж буй. Эрх чөлөөг хаанаас хайх тухай бус харин эрх чөлөөг хэрхэн тунхаглах вэ гэдэг нь залуучуудын өмнө тулгамдсан асуудал болжээ. Үүнийг  Сүхбаатарын талбайд нарлаж суугаа залуучуудаас бус харин улс төрийн нам дотор байр сууриа олохын тулд тэмтчин гүйж буй тэр л үе тэнгийнхнээс нь асуувал зохилтой. Асуултын хариу хэрхэн гарахаас үл хамаараад тэд “Ирээдүй бидний гарт” хэмээн бардамнах нь энүүхэнд. Энэ үзэгдэл Ардчилсан намд ч, Ардын намд ч адилхан. Одоо цагийн ахмад үеийнхний дарлалыг үл тэвчих ч цаг нь ирэхээр өөрийнх нь гарт эрх мэдэл ирнэ гэдэгт итгэсэн энэ л үеийнхний тэмцэл өдгөө улам бүр эрчимжиж байна.

Ардын намын тухайд бүх зүйл тодорхой. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны залуус бүхэлдээ “Бид цаг нь ирэхийг хүлээх бус харин цагаасаа урьтаж хамтдаа эрх мэдлийг атгана” гэсэн хүсэл эрмэлзэл дор нэгдэж буй. Яг л адгаж, яарагсад гэсэн үг. Тэд дунд түвшний албан тушаал, дүүргийн удирдлага, сайн дурын байгууллага, бүтээн байгуулалт гээд бүхий л сувгаар ах нараасаа дутахааргүй болтлоо улс төрд өсч өндийсөн. Харин Ардчилсан намын хувьд байдал ямар байна вэ. Ардчилалд итгэдэг монголчууд Ардчилсан намын залуучуудад итгэж байна уу. Ийм нэгэн сонирхолтой асуултын хариултыг та бид 2012 оны УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиас мэдэж болно. Энэ хоёр сонгуулийн хариу та бидэнд ихийг хэлж өгнө.

Харин үүнээс урьтаад дуулгах нэг мэдээ болон өнгөрсөн онд болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хооронд сонгогдсон гишүүдийн талаас илүү нь 40-өөс доош насныхан байсан явдал. Мөн сүүлийн үед тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны гишүүнчлэлд бас ч гэж шинэчлэл илрэх болсон. Ядаж л дуучин Quiza буюу Б.Батцэнгэл нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байгаа. Олны танил, залуучуудын сонирхлыг татахуйц түүний үүрэг УИХ-ын 2008 оны сонгуулиар бага бус байсныг бид мэднэ. Цаашид нэгэнт Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд нэлээдгүй ажлыг хийх биз.

Гэхдээ зөвхөн нэг дуучин бүхэл бүтэн намын залуучуудын холбоог шинэчилнэ гэвэл худлаа. Нэг дуучинг дэмжиж гаргаж ирснээр намын шинэчлэлийг сайшаана гэвэл бүрч худлаа. Тэнд өөр олон татах хүч, урагш нь түрэх зүтгүүр хэрэгтэй. Тэр үүргийг Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, дэд ерөнхийлөгч Ц.Баатархүү нарын олон арван залуучууд үүрэх нь ойлгомжтой. Дэд ерөнхийлөгч Ц.Баатархүүгийн хувьд гэхэд боловсролын салбарт бизнесийн гараагаа эхэлж, “Монголын лектор төв”-өөр дамжуулан, оюуны чиглэлээр цоо шинэ бизнесийн шанг Монголд татсан гэж болно.Тэгсэн хэрнээ улс төрийн хувьд тодорхой байр суурь илэрхийлээд байдаггүй. Боловсролын салбарт шинийг сэдэж чадсан ч улс төрд мөн л хүлээхийг гол болгодог.

Нэг ёсны Ардчилсан намын залуучууд яагаад Ардын намынхан шиг дээд үедээ өөрсдийн байгаа гэдгийг хүлээж бус хүч түрж мэдрүүлэхгүй байна вэ гэдэг нь сонин. Ардын намын залуусаас өөрсдийгөө итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ ялгардаг гэж ярих дуртай тэдний хувьд өөрийнхөө намынханд яагаад тэр хатуу үгээ хэлэхгүй байна вэ. Зөвхөн үе тэнгийнхээ өөр үзэл бодолтой хэсэг залуусын эсрэг утга томтой мэдэгдэл хийснээрээ үүнийгээ улс төр гэж бодоод байгаа бол энэ нь тун харамсалтай хэрэг.

Хэвлэл, мэдээллийнхэн хийгээд улстөрчдийн яриаг сонсох нь ээ сүүлийн үед “Ардчилсан намын залуус хөдөлгөөнд орж эхэллээ” гэсэн мессеж аль хэдийнэ цацагдчихаж. Гагцхүү яаж, хэрхэн хөдлөх вэ гэдгийг хүлээх нь ийм удаан байна гэж хэн нь ч бодоогүй биз. Иймд ардчилалд залуус хэрэгтэй л юм бол Ардчилсан намын залуус өнөөдөр дуугаа өндөрсгөж, өөр намын залуустай сөргөөцөлдөх бус харин өөрийнхөө намд орох зайгаа бэхжүүлэх цаг иржээ.

Мөн өөр, өөрийнхөө амбицыг өвөртөө багтааж шингээхгүй хашгиралдах бус ашиг сонирхлоо багцалж, шинэ үеийн төлөө нэг хүсэл сонирхлоор цочроо өгөхийг хүсье. Учир нь зүгээр Ардчилсан нам гэсэн будагны цаана дүр эсгэж сууна гэдэг бол хэтэрхий уйтгартай хэрэг. Олон нийт “Ардчилсан намын залуус сэрж эхэлжээ” гэж дүгнэж байхад тэр залуус нь байлах ганц байтай, багтрахдаа хэлдэг ганц үгтэй байж болохгүй шүү дээ.

Хэдийгээр энэ онд гэхэд бүх аймгаар тойрч, Ардчилсан залуучуудын холбооны чуулга уулзалтыг зохион байгуулан “Монгол залуу хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн энэ нь тэр хүрээндээ л шинэ мэдээ болоод өнгөрч буй. Мөн хөдөө нутагт байгаа залуучуудаа нэгтгэж, сургалт зохион байгуулж байгаа нь ч тэр адилхан. Нам дотроо чимээгүй ажиллаж, намаасаа гараад бусад руу чангарч чаддаг тэдний эл дадал хэвшил эцсийн дүндээ цаг хугацааны хувьд алдагдал хүлээлгэж ч мэдэх юм. Тэр үед зөвхөн “Бид итгэл үнэмшилдээ үнэнч байсан шүү” гэсэн нөгөө л үгээрээ улс төрийн идэвх, зүтгэлээ тодорхойлбол гунигтай л сонсогдоно байх даа.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж