
Нэлээд хэдэн сарын өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны талаар нэг нийтлэл уншиж байсан санагдана. Нийтлэлч Батзаяагийн “Эрүүл бус хөгжил” гэсэн гарчигтай нийтлэлд Монголын хөлбөмбөгийн холбоог Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос хассан тухай анх олж мэдсэн. Гэтэл түүнээс хойш хагас жил өнгөрчээ. Нийтлэлээс л мэдээлэл авсныг эс тооцвол холбооны зүгээс ямар тайлбар хийлгүй усанд хаясан чулуу мэт байлаа. Өөрөөр хэлбэл энэхүү мэдээллийг монголчуудаас “хав дарж” нуув. Чухам яагаад нуух болсон нь тодорхойгүй. Өөрсдийнхөө эрх ашгийг бодсон гэх зарим нэг хүний хардлага байна. Ямар ч байсан Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд энэ мэдээллээ чандлан нууцалж, манайхан бараг мартах шахаж байтал саяхнаас дахиад л энэ асуудал сөхөгдлөө. Одоо энэ талаар хөлбөмбөг мэддэг бүхэн ярьж байна. Энэ мэдээллийг сонсоогүй нэг нь гайхаж байна. Сонссон нь өнөөг хүртэл Монголын хөлбөмбөгийн холбооноос тайлбар хийхгүй байгаад бухимдаж, тэднийг хардаж байна. 2014 он хүртэл Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан ямар ч арга хэмжээнд монголчууд оролцох эрхгүй болно гэдэг бол манайхны хувьд хамгийн ноцтой, бас харамсалтай мэдээ. Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоог жижигхэн статустай гэж ярьдаг ч үйл ажиллагааныхаа хувьд Азийн хөлбөмбөгийн холбооноос дутахааргүй хөгжиж байгаа талаар сүүлийн үед ярих болов. Уг нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд хамгийн их тус хүргэх холбоо нь Зүүн Азийнх байлаа. Харамсалтай нь ердөө л ганцхан шалтгаанаар хасагдчихдаг юм байна. Тэд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг үзэл бодлоосоо “урвасан” гэх үндэслэлээр манайхныг тэр чигээр нь шийтгэв. Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооныхны яриагаар бол Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Солонгосын иргэн Чүн Юн Чог дэмжих ёстой байсан аж. Гэтэл Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч үзэл бодлоосоо няцаж Бин Хаммамыг дэмжсэн юм байх. 2014 оны хүртэл ямар ч арга хэмжээнд оролцохгүй байх шийтгэл авах болсон нь үүнээс улбаатай бололтой. Ирэх гурван жилийн хугацаанд манай хөлбөмбөгчид хоёр ч тэмцээнд оролцох боломжтой байж. Харин одоо бол бүр юу ч үгүй хоцров. Энэ бүхэн Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Катарын иргэн Бин Хаммам гэх баян арабтай шууд хамааралтай. Бүх зүйл түүнээс болж буруугаар эргэсэн гэхэд болно. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч баян арабын ивээлд орж хөлбөмбөгөө хөгжүүлнэ хэмээн эндүүрснээр элэг бөөрөнд нь эрхэлдэг байсан Зүүн Азийн бүсээс “жийгдэв”. Арабуудтай нийлснийхээ төлөө ийм шийтгэл хүлээнэ гэдэг нэг талаараа хэтэрхий хатуудсан хэрэг мэт санагдана. Гэтэл Зүүн Азийн хөлбөмөгийн холбоо нь хүрээгээ улам л тэлсээр байна. Ирэх жил тус холбооныхон хөлбөмбөгийн хөгжлөөрөө дэлхийн топ орнуудын тоонд багтах болсон Австралийг нэгтгэхэд бэлэн болсон аж. Дассан, сурснаараа Японы, Солонгосынхоо бөөрөнд наалдаад явж байсан бол бидэнд илүү өлзийтэй байж. Энэ бүхнээс харахад зөвхөн мөнгө биш хөлбөмбөгийн хөгжлөө харсан бол гэх харуусал өөрийн эрхгүй төрж байна. Монголын хөлбөмбөг хөгжиж байна гэж зарим нэг нь ярьж байна. Яах вэ, дэлхийн од тамирчин, алдарт “АС Милан” клуб ирсэн нь үнэн. Тэд ирлээ гээд хөгжиж байна гэж яривал онигоо болох биз. Ер нь ямар ч спорт бүс, тив алгасч хөгждөггүй гэдгийг манайхан мэднэ. Эхлээд бидний хамаардаг бүс бол Зүүн Ази, дараа нь Ази тив. Харин үүний дараа дэлхийн төвшинд ярьж болох юм. Ийм хөгжил бидэнд хэрэгтэй. Түүнээс биш мөнгөтэй нэгнийг дагасан хиймэл хөгжил хэрэггүй ээ. Гэхдээ энэ талаар заавал албаны хүмүүсийн хариуг сонсох болно. Тэд яагаад өнөөг хүртэл хэнд ч мэдээлэл өгөөгүй тухай тайлбар өгөх ёстой. Эцэст нь нэгэн мэдээлэл дуулгахад Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар ирэх жилээс “President cup” тэмцээнд оролцох хүсэлтээ Азийн хөлбөмбөгийн холбоонд гаргачихаад буцжээ. Манай улсын лигт наймаас дээш баг тоглох болсон учраас дүрмээрээ бол уг тэмцээнд оролцож болох аж. Хэрвээ Азийн хөлбөмбөгийн холбооноос энэ асуудалд нааштай хандвал ирэх жилээс Монголын хөлбөмбөгчдийн оролцох тэмцээн нэгээр нэмэгдэж байгаа юм. Ийм үйл явдал өнгөрсөн сарын 29-нд Малайзын Куала-Лумпурт болсон байна.
Б.МөнхзулЗохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин