Бондын худалдаанаас Монгол 500 саяыг босгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Бондын худалдаанаас Монгол 500 саяыг босгоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Байгалийн баялгийнхаа үүцийг нээх гэж буй Монгол Улс дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй. Энэ удаад гадаадын хэвлэлүүд Улаанбаатар хотноо болж буй Монголын эдийн засгийн форумд анхаарлаа хандуулсан байна. Ингээд гуравдугаар сарын 2-4-нд болж буй Монголын эдийн засгийн форумтай холбоотой материалыг хүргэж байна.

    Хятад болон Оросын хооронд орших байгалийн баялаг нөөц бүхий Монгол нь дэлхийн зах зээл дээр анх удаа бие даан гаргах бондоосоо 500 сая ам.доллар олохоор төлөвлөж байгаа юм.

    Ингэснээрээ өөрийн орны баялагт тулгуурлан олон улсын зээлийн зах зээлээс хөрөнгө босгоход нь дотоодын компаниуддаа туслахаар төлөвлөжээ. Энэ талаар Монгол Улсын Сангийн дэд сайд Ч.Ганхуяг ярихдаа “Бид анхны бие даасан бонд гаргаж эхэлснээрээ цаашдаа ийм жишиг тогтоохыг эрмэлзэж байгаа юм. Мөн нөгөө талаар хувийн компаниуддаа энэ замаар зах зээл рүү гарч мөнгөө өсгөх цонхыг нь нээж өгөхийг зорьж байна” гэжээ. Бондын худалдааг энэ ондоо багтаан хийх төлөвтэй байгаа бөгөөд одоогоор УИХ-аар батлуулах л үлдээд байгаа ажээ.

    Үүний зэрэгцээ Монгол Улс 1.5 триллион төгрөгийн буюу 1.2 тэрбум ам.доллартай тэнцэх үнэ бүхий бондыг арилжаалж, улмаар банкны секторт нэмэлт хөрвөх чадварыг шингээж өгөх зорилгыг энэ онд биелүүлнэ гэж Ч.Ганхуяг сайд хэллээ. Тэрээр энэ арилжаа нь таваарын экспортын өсөлтөөс шалтгаалан төгрөгийн ханш өсөх таатай бус үзэгдэлтэй тэмцэх хэрэгсэл болох учиртай гэлээ.

    Бондын арилжаа хийх болсноор Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт буурсан өнгөрсөн оны нөхцөл байдлыг эргүүлж, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас гарахын тулд гадаад эх үүсвэрээс 1.2 тэрбум ам.долларыг зээлэхээр гаргасан төлөвлөгөө “нурсан” гэнэ.  Бонд арилжаалах төлөвлөгөөнүүд нь Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс болон нүүрсний үнийн өсөлтөөс шалтгаалж төгрөгийн ханш өөрчлөгдөж байгаа болон өнөөгийн байдлаар төсвийн алдагдал 10 хувьтай байгаа зэрэг шалтгаанаас үүдэж сэргээн хэрэгжүүлэхээр болсон зорилтууд юм.

    Одоогийн байдлаар өнгөрсөн оны эхний өдрийн ханштай харьцуулахад төгрөгийн ханш ам.долларын эсрэг 15.4 хувиар, харин еврогийн эсрэг 19.2 хувиар чангараад байгаа юм. “Дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байгаа үзэгдэл нь ноолуур болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг уул уурхайн бус бусад бизнесийн салбаруудад аюул учруулж байна” гэж ноён Стефен Креппел ярьж байна. Тэрбээр байгалийн баялагт тулгуурлаагүй үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Монголын Засгийн газартай хамтран ажиллаж буй мэргэжилтэн юм.

    Төгрөгийн өсөлт
    Сангийн дэд сайд Ч.Ганхуяг гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч таваарын экспортын орлого нэмэгдэж байгаатай уялдан “дотоодын валютад шахалт ирэхээс бид болгоомжлох хэрэгтэй” гэж ярьж байв. Тэрээр “Засгийн газраас төгрөгөөр илэрхийлсэн үнэ бүхий дотоодын бондыг гаргах үед учирч болох эрсдэлийг аль болох бууруулах арга замыг олох хэрэгтэй юм. Хөрөнгө оруулагчид ч энэ бондыг сонирхож байгаа” гэж байна.

    Ч.Ганхуяг сайдын хэлж байгаагаар бол Засгийн газраас дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтыг өсгөж, дөрвөн жилийн өмнөөс иргэдэд илүү орлого хуваарилахаар амласан улстөрийн амлалтыг биелүүлэхээр зорьж байгаа зэргээс шалтгаалан хэдийнэ арваас илүү хувьд хүрчихээд байгаа инфляцийг барьж тогтоохоор Монгол Улс чармайж байгаа аж. Дэд сайд Монгол Улсын энэ жилийн төсвийн алдагдал арван хувь байх болно гэж хэлж байлаа.

    Харин энэ оны эцэс гэхэд Монгол дахь инфляцийн төвшин 20 хувьд хүрч хувийн хэвшлийнхнийг “нэрвэх” бөгөөд ба монгол төгрөгийн ханш чангарах болно гэж өнгөрсөн жил Монголд зээл өгч байсан ОУВС-аас өнгөрөгч сарын 17-д хийсэн тайландаа түшиглэн дүгнэж байна. Түргэн өсч байгаа нүүрсний үнээс шалтгаалан эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны үзүүлэлт болох 6.1 хувиас өсөн 10 хувьд хүрэх таамаглалтай байгаа ч монголчуудын гуравны нэг нь ядуурлын төвшингийн хязгаараас доош төвшинд амьдарч байгаа гэдгийг ОУВС онцлон дурдаж байгаа аж.

    Оюу толгой
    Мүүдийн Хөрөнгө оруулалтын байгууллагын ( Moody`s Investors Service ) гаргасан жагсаалтаар бол Монгол улс нь хөрөнгө оруулалтын таатай орчин гэсэн зааглалтын доор дөрөв дэх байранд буюу В1 гэсэн чансаатай явж байгаа аж.  Энэ нь хөрөнгө оруулалтын нөхцөлөөрөө Фижи болон Шинэ Гвинейн арлуудын орнуудтай ижил байранд байгаа гэсэн үг юм. Харин Стандарт энд Пюр (Standard & Poor)-ийн чансаагаар Монгол нь “ ВВ хасах” гэсэн чансаатайгаар хөрөнгө оруулалтын бус орнууд гэсэн  ангиллын дээрээсээ гуравт нь байгаа гэнэ.  
    Энэ долоо хоногт Улаанбаатар хотод болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гаргаж байсан танилцуулгаас харвал Оюутолгой нь бүрэн хүчин чадлаараа 2020 оноос л ажиллаж эхлэх бөгөөд энэ үед тэндээс гаргаж байгаа зэс болон алтны олборлолт нь Монголын ДНБ-ний 30 хувийг дангаараа бий болгох юм байна.

    Харин Эрдэнэс -Тавантолгой улсын үйлдвэр нь энэ оноос нүүрс олборлож эхлэх бөгөөд нэг сая орчим тонн хэмжээтэй олборлолт хийх боломжтой гэж тус компанийн удирдлагуудын нэг болох ноён Лхагваагийн Ганбат эдийн засгийн чуулганы лхагва гаригийн хуралдаан дээр хэлж байна.  Түүний хэлснээр бол тус ордын жилийн олборлолт гурван жилийн дотор 15 сая тоннд хүрэх боломжтой ажээ.

    Бие даасан эрдэнэсийн сан
    Ган хайлуулах болон эрчим хүчний станцад ашиглаж болох нүүрсний нийт 6.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн орд газарт төмөр замын шугам татах хүртэл нүррсний тээвэрлэлтийг хүнд даацын ачааны машинаар гүйцэтгэнэ гэж ноён Ганбат хэлж байв.  Харин дээрхи томоохон төслүүдээс орж ирэх ашиг орлого нь монгол төгрөгийн хашийг арав дахин өсгөх магадлалтай тул экспортод гаргаж байгаа таваарын валютаар орж ирэх орлогын алдагдлыг улсаас бие даасан эрдэнэсийн сангийн тусламжтайгаар багасгаж тэнцвэржүүлэх шаардлагатай хэмээн Сангийн дэд сайд хэлж байна. “Бие даасан эрдэнэсийн санг байгуулахыг хүсэх биш харин бидэнд үүнийг байгуулах шаардлага байгаа юм” гэж Ч.Ганхуяг хэлээд “ Бид эдийн засгийг удирдаж, залах хэрэгтэй байна, бас хяналт тавих ч шаардлага байгаа” гэлээ. Түүний ярьснаар бол сангийн яам, төв банк болон хөгжил шинэчлэлийн хороод бие даасан эрдэнэсийн санг бий болгох бэлтгэл ажлыг хангах үүрэг хүлээн ажиллаж байгаа бөгөөд харин энэ ажлыг дуусгах хугацааг зааж өгөөгүй байгаа ажээ.
     

    Эх сурвалж Bloomberg
    М..Наст

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж