Тэмдэглэлт өдөр 2011.3.04

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.3.04

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    -Литвад албан бус баяр болох хувилгаан Казимирийн өдөр буюу Казюкас гэх цэцгийн баяр тэмдэглэж байна. Казюкас яармагийг ардын гар урлалын баяр болгон Польш, Литвад XVII зуунаас эхлэн явуулж ирсэн бөгөөд гурав хоног үргэлжилдэг.

    -Белоруссийн цагдаагийн мэргэж­лийн баяр. Энэ өдрийг 1917 оноос хойш жил тутам тэмдэглэж иржээ.

    Антонио Вивальди,  Италийн суут хөгжмийн зохиолч, хийлч, сурган хүмүүжүүлэгч, удирдаач (1678. 03. 04 -1741. 07. 21)

    Антонио Вивальди 1678 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Венеци хотноо төржээ. Антонио Венецийн гол дуганы хийлч байсан эцэг Жамбаттистийн хийл хөгжмөөр тоглож сурсан байв. Тэрээр анхны бүтээлээ 1691 онд зохиожээ.

    Вивальди 1703 онд лам болов. Сурган хүмүүжүүлэгч тэрээр уран бүтээлээ Венецийн Оспедале Дела Пьета хөгжмийн их сургуулийн багш болсноор эхэлжээ. Түүний гол үүрэг нь шашны болон язгууртны хөгжмийн янз бүрийн төрөл бүтээх ажил байсан бөгөөд үүнийгээ гайхалтай амархан бүтээж байлаа.

    Вивальдийн хөгжим бичих онцлог нь шинэлэг санаа оноогоор дүүрэн байлаа. Жишээлбэл, тэрээр цэргийн марш тоглоход л хэрэгтэй гэж байсан үлээвэр хөгжмийг оркестрт оруулж ирсэн байв. Түүний ажиллах чадвар нь гайхалтай гэгдэх ба тав хоногийн хугацаанд гурван үзэгдэлт хөгжмийн жүжиг бичдэг байжээ.

    Антонио Вивальдийн «Опус 1» нэртэй 12 сонат  1705 онд хэвлэгдэн гарсан. Хоёрдугаар опусаа хийл ба чембало хөгжмийн 12 сонаттайгаар 1709 онд гаргажээ. Вивальди хамгийн анх 1706 онд олны өмнөх тоглолтоо Францын элчингийн ордонд хийсэн юм. 1713 – 1718 онд түүний зохиомжийн анхны тоглолтууд найман удаа амжилттай болсон гэдэг. Энэ бүгдийн хажуугаар Антонио Вивальди Венецийн багт наадмуудад өөрийн дууриудаа олон удаа сонсгож байжээ. Мөн олон удаа ч айлчлан тоглолт явуулж байлаа. Тэрээр 1740 онд “Пиета”-гаасаа гарч, ордны хөгжимчин болжээ.

    Антонио Вивальди 1741 оны долдугаар сарын 28-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд зөвхөн ХХ зуунд л хөгжмийн зохиолчийн опусуудын бүрэн цоморлиг гарчээ. Антонио Вивальди 500 гаруй концерт, 100 сонат, мөн яруу тунгалаг найраг хөгжим, серенада бичжээ. Хамгийн нэртэй бүтээл нь “Жилийн улирлууд” юм.

    Франц Марк, Германы зураач- экспрессионист (1880. 02. 08 – 1916. 03. 04)
    Германы зураач, экспрессионизмын төлөөлөгч Франц Марк, Мюнхен хотноо 1880 оны хоёрдугаар сарын 8-нд төржээ.

    Марк 1899 онд Мюнхены их сургуулийн гүн ухааны факультетад суралцаж байгаад 1900 онд Мюнхены уран зургийн академид оржээ. Гэхдээ академид зааж байсан түүхийн нутарализмыг тэрээр огт сонирхохгүй байв. Тэр өөрийн стилийг ХХ зууны эхний 10 жилд олсон байлаа. Тэрээр 1907 онд хагас жилээр Парист ирэн өөртөө  Сезанн, Гоген, Ван Гогийг нээсэн юм. Тэдний уран бүтээл залуу зураачид гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. Тэгээд ч түүний амьтны зурагнуудад цэнхэр, улаан, шар, ногоон өнгө давамгайлах болов. 

    Тэрээр “Цэнхэр морьтнууд” гэх экспрессионистын хэсгийг үндэслэгчдийн нэг болсон байна. Франц Марк, Василий Кандинский хоёр “Цэнхэр морьтнууд” хамтлагийг 1911 онд байгуулсан. Хоёулаа цэнхэр өнгөнд дуртай учир энэ нэрийг сонгосон гэж  Кандинский ярьсан байжээ.

    Марк 1912 онд кубизм ба футуризмыг хүлээн авалгүйгээр өөрийн хийсвэр урлагийг бүтээж эхэлсэн байлаа.

    Франц Марк баруун фронт дээр Вардены орчим  1916 оны гуравдугаар сарын 4-нд амиа алджээ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж