Шалгасан шиг шалгавал ямар вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Шалгасан шиг шалгавал ямар вэ?

Авлигатай тэмцэх газар сүүлийн гурван жил төрийн өндөр албан тушаалтан болон нийт төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авч буй. Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийн хяналт шалгалтын чиглэлээр оны эхний долоон сард 20 гаруй байгууллагын 600 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ. Үүнээс 215 албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгаж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн 57 төрийн албан хаагчид арга хэмжээ авсан байна.  Мөн хугацаа хожимдуулсан 20, ХОМ-ийг худал мэдүүлсэн 60 албан тушаалтны зөрчлийг илрүүлэн тогтоосон байна.  ХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй, санаатай худал мэдүүлж хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн 57 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд зааснаар зохих хариуцлага тооцуулахаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.15-д заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Эдгээр 57 албан хаагчийн мэдүүлэг  дийлэнхи зөрчил нь орон сууц, гэр бүлийн хүний /эхнэр, нөхөр/ нэр дээр байдаг аж ахуй нэгж, авто машины зэрэг хөрөнгийг худал мэдээлсэн байна.  Хуулиндаа бол төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсний дараа хөрөнгөд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлэх шаардлагатай байдаг аж. Харин дээрхи албан хаагчид энэ шаардлагыг мэддэггүй бололтой. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шуурхай бүлгийн дарга Д.Баясгалан, мөн С.Баясгалан нар хөрөнгө орлогоо буруу мэдээлж Төрийн албаны хуулийн 26.1.1-т зааснаар сануулан сахиулах шийдвэр гаргасан байна.  Мөн Хорих 431-р ангийн дарга Ч.Энхбаатар дээрхи хуулийн шийдвэрээр шийтгэгдсэн байна. Эдгээр албан тушаалтнуудад хууль зөрчсөнийх нь төлөө байгууллагынх нь удирдлага сануулах, цалингийн тодорхой хувиар торгох, зэрэг дэв бууруулах төдий шийтгэл оногдуулсан байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн 57 албан хаагчийн мэдээллээр бол Гаалийн ерөнхий газар тэргүүлж байгаа.  Үүнд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч Х.Түвшинзаяа, гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд зэрэг  долоон хүн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон. Харин тэдэнд сануулах сахилгын шийтгэл оноох шийдвэрийг АТГ-аас санаачлан тухайн аж ахуй нэгж нь өөрсдөө гүйцэтгэдэг гэх.  Эдгээр хүмүүст арга хэмжээ аваад үүний хэрэгжилтийг хэрхэн шалгадаг талаар тодруулахад  АТГ-ын хяналт, шалгалтын дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхбаяр  “Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хүмүүст Авлигын хуулийн дагуу бид санал хүргүүлж тухайн байгууллага нь арга хэмжээ авдаг. Тухайн байгууллагаас ийм арга хэмжээ, сахилгын сануулга өгсөн гэсэн тамгатай бичиг ирдэг. Дарга, цэрэггүй тамга дараад худлаа мэдээлэл өгөхгүй байлгүй дээ” гэлээ. Мөн тэрээр ХОМ-ээ худал мэдүүлсэн 57  албан хаагчийн нэрийг, ямар байдлаар ямар ямар хөрөнгөө худал мэдүүлсэн талаар мэдээлэл өгөхгүй гэсэн. Уг нь шудрага үнэний төлөө гэсэн уриа лоозон хаа хаанаа хадсан тус байгууллага үнэхээр л шалгаж илрүүлээд байгаа юм бол тэдгээр иргэдийнхээ нэр ус албан тушаал, ямар хөрөнгө орлогыг санаатай болон санамсаргүй мэдээлсэн эсэхийг нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй баймаарсан. Гэтэл тэд хүн алдаа л биз. Хувь хүний нэр хүнд зэрэг шалтаг хэлээд сууж байх эрхтэй хүмүүс биш л юмсан.

Авлигын тухай хуулийн 18 зүйлийн 4.15-д зааснаар “..төрийн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгээ буруу өгсөн нь тогтоогдвол эрх бүхий байгууллагад нь арга хэмжээ авах эрхийг шилжүүлнэ” гэсэн байдаг байна. Тиймээс энэ хуулийн дагуу дээрхи 57 төрийн албан хаагчид тухайн байгууллага нь сануулах, цалинг гурваас зургаан сар хүртлэх хугацаагаар 20 хувиар бууруулах мөн зэрэг дэв бууруулах зэрэг арга хэмжээ авна гэсэн байдаг аж. Эдгээр 57 албан хаагчийн дунд давтан хэрэгтэн буюу хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлдэг нэгэн бас цөөнгүй бий гэсэн. Үүний нэг нь ШШГЕГ-ын шуурхай бүлгийн дарга Д.Баясгалан тэргүүтэй хүмүүс гэсэн. Ганц нэгийг нь мэдээлэхээс илүү бүх ХОМ-ээ худал мэдүүлсэн бүгдийг нь олон нийтэд ил гаргаад байвал давтан хэрэгтэн нэр аваад сууж байхыг хүсэхгүй л байлтай. Мөн ХОМ-ийн зөрчил гаргасан 20 албан тушаалтанд албан шаардлага хүргүүлж, шийдвэрлсэн гэлээ. Авлигатай тэмцэх газраас явуулсан албан бичгийн мөрөөр хөрөнгө, орлогын мэдүүлгээ хууль зөрчиж мэдүүлсэн албан тушаалтандаа тухайн байгууллага, удирдлага сануулсан 31, цалинг нэгээс гурван сарын хугацаагаар хассан зургаа, цалинг зургаан сарын хугацаагаар хассан хоёр, зэрэг дэв бууруулсан хоёр, бусад арга хэмжээ тооцсон хоёр тус тус байна. хэдхэн сарын цалингаар нь торгоод, сануулга өгөөд, олон нийтээс нуугаад байх юм бол ер нь шалгасны хэрэг гарна гэжүү. 

Дараах байгууллагын албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогоо хууль зөрчиж мэдүүлсэн байна.

  • ШШГЕГ, түүний харьяа байгууллагууд-тус газрын шуурхай бүлгийн дарга Д.Баясгалан, С.Баясгалан
  • Гаалийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд- ГЕГ-ын улсын байцаагч Х.Түвшинзаяа, Буянт-Ухаа дахь гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд зэрэг
  • Татварын ерөнхий газар, түүний харьяа хэлтэс-Нийслэлийн татварын газрын Татвар хураах тасгийн дарга Б.Ганболд
  • Орхон аймгийн Жаргалант сумын засаг дарга Б.Пүрвээ, тус смын газрын даамал Н.Жарантай
  • НДЕГ, түүний харьяа хэлтэс-Сонгинохайрхан дүүргийн НД-ын хэлтсийн тэтгэвэрийн байцаагч Б.Гантуяа
  • Хөдөлмөр, халамжийн үйл­чил­гээний газар-ХХҮГ-ын хөдөл­мөр эхрлэлтийн хэлтсийн дарга Д.Батмөнх, Ч.Эрдэнэбулган, Ч.Номин­туяа
  • Дархан дулааны цахилгаан станц /ТӨҮГ/ – Ерөнхий нягтлан бодогч, дөрвөн цехийн дарга /В.Даваажав, Б.Бум-эрдэнэ, Х.Баяраа/
  • Ус, цаг уур, орчны шинжилгээний газар-1
  • Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэг-3
  • Баян-Өлгий аймгийн ЗДТГ, ИТХ-2
  • Дорноговь аймгийн ЗДТГ, ИТХ-1
  • Биокомбинат /ТӨҮГ/-2
  • Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүс-6
  • Дорноговь аймгийн “Замын-Үүд” чөлөөт бүс-2
  • Баян-Өлгий аймгийн “Цагааннуур” чөлөөт бүс-2 тус тус байна.
  • УБЕГ, түүний харьяа хэлтэс-1
Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж