Ховор ”элемент”-үүд цугласан чуулган өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Ховор ”элемент”-үүд цугласан чуулган өндөрлөв

Ховор ”элемент”-үүд цугласан чуулган өндөрлөв

Төрийн ордонд хоёр өдөр болсон эдийн засгийн форумд төр болон хувийн хэвшлийнхэн онцгой ач холбогдол өгч буй нь илт. Тэр болгон бараа зүсээ харуулаад байдаггүй “ховор элемент”-үүд зочилсныг бодоход үнэхээр том арга хэмжээ. Эндээс л эх орны минь хөгжил цэцэглэлт эхлэх болохоор аргагүй ч юм уу.

Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 20 жил хөгжлийн тухай бодлого боловсруулж, цэцэрхэж ханасан. Энэхүү амаа их ажиллуулсан цэцэрхлийн эцсийн үр дүн нь тэг гарчээ. Учир нь  20 жилийн өмнөх Монгол, 20 жилийн дараах Монгол хоёрт төдийлөн ялгаа гараагүй, дэд бүтэцгүй, эрчим хүч багатай, ажлын байрны хомсдолтой хэвээр байна. Хоёр дахь удаагаа болж буй чуулга уулзалт сайн зохион байгуулалттайнхаа адилаар  үр дүн нь хэтэрхий зохиомол байх вий гэх  эмзэглэл дагалдмаар. 15 салбар хуралдаан болгон өөр өөрийн онцлог сэдвээр өрнөсөн ч тэнд нэг л сэдэв амны уншлага болсон. Тэр нь уул уурхай, мөнөөх Тавантолгой, Оюутолгойн төсөл. Монголчууд хэтэрхий их уул уурхайн мэдлэгтэй болсон уу эсвэл энэ хоёр “толгой” ирээдүйн амьдралын баталгаа хэмээн бодсон уу, салбар хуралдаан болгонд сайхь хоёрын асуудал сөхөгдсөн, яригдсан. Дараагийн халуухан сэдэв нь Хүний хөгжлийн сангаар дамжуулан олгож буй намуудын амлалтын хувь хишиг. Эх орны хишиг гэх нэрийн дор зарлагадаж буй их хэмжээний мөнгийг тарааж өөрийгөө болон өрөөлийг чирч яваа ажил олгогчдоо хүндрүүлж буйд хувийн хэвшлийнхэн  харамслаа салбар хуралдаан болгон дээр сөхнө билээ. Монголын хөгжил бол монгол иргэн. Бас Монголын баялаг бол монгол иргэн. Гэтэл баялгаа хөсөр хаяад ажил хийх бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь бэлэн мөнгөөр хязгаарлаад байх нь улс орны хөгжил мөн үү, бид хамтдаа хөгжиж байгаа хэлбэр үү гэсэн асуулт хүртэл тавигдсан юм. Энэ өдрийн нэгдсэн хуралдаан “Баялгийн хараал” сэдвээр өрнөсөн бөгөөд монголчууд хэтэрхий их баялгийнхаа хараалыг амсах вий гэх болгоомжлол ерөнхийдөө танхимд дүүрэн байсан. Уул уурхайгаас орж ирж буй баялгийн мэдээлэл нээлттэй байх тусам хяналттай, ингэсэн тохиолдолд элдвийн хараалаас сэргийлэх боломжтой ажээ. Мэдээлэл ил тод байна гэдэг олон нийтийн хяналт мөн ил тод байна гэсэн үг юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдсэн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ сануулсан.

Хөрөнгийн зах зээлд хуримтлагдсан асуудлаа шийдэх хэрэгтэй

Эдийн засгийн форумын хамгийн ширүүн маргаантай сэдвээр өрнөсөн салбар хуралдаан бол Санхүүгийн зах зээл. Индэр, заал буюу хурал хөтлөгч оролцогчдын хооронд нэлээд ширүүхэн маргаан өрнөөд авсан энэхүү хурлыг хөтөлж буй сэтгүүлч хүртэл ямар сайндаа л “Энд хэрүүл хийх гэж бид цуглараагүй шүү дээ” гэж асуудлыг намжаах вэ дээ.  Монголд хөрөнгийн зах зээлийн үндэс аль 20 жилийн тэртээ тавигдсан ч өнөөдрийг хүртэл унтаа байсан. Энэ зах зээлийг хэрхэн хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлох ёстой. Аливаа асуудлыг монголчууд цогцоор нь хөгжүүлэх гээд баахан хэрэгтэй, хэрэггүй юм төлөвлөөд, мундаг том зүйл яриад явдаг. Хөрөнгийн зах зээлийг үнэхээр сайн хөгжүүлж чадвал уул уурхайгаас үүдэлтэй эрсдлийг хуваалцах боломж бий гэнэ. Мэдээж Тавантолгой, Оюутолгойн  асуудал бас л хөндөгдсөн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хэрхэн, гаргах яаж тараах гэх мэтчилэн ерөнхий асуултуудаас эхлээд Тавантолгойг хоёр хуваах хэрэг байна уу гэх асуулт хүртэл гарсан.  Хөрөнгийн зах зээлд хуримтлагдсан олон асуудал байгааг  Хөрөнгийн биржийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай хүлээн зөвшөөрнө лээ. Макро эдийн засгийн бодлого ил тод байх ёстой гэсэн санал заалнаас гарсан. Төвбанк хэтэрхий их ханшийн хойноос хөөцөлдөөд байгаа гэж гадаадын мэргэжилтнүүд сануулаад аль ч улс оронд ханшийн савлагаа байдаг, харин хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадвал ханштай зууралдахгүй, аливаа савлагаанаас урьдчилан сэргийлэх вакцин болж чадах гэнэ. Мөн иргэн бүр Тавантолгойн орд газраас хувьцаа эзэмшихтэй холбоотойгоор хөдөөд брокер диллерийн газар байхгүй, мөн хөрөнгийн зах зээлийн нэг тоглогч бол тэтгэврийн сан, даатгалын сангийнхан байдаг гэж мэргэжилтнүүд хуралд зохион байгуулагчид дуулгаж форумын эцэст боловсруулах хөгжлийн чиг хандлагадаа тусгахыг хүссэн юм. Түүнчлэн ҮЦТТХТ-ийг бирж болгох юм уу эсвэл, төрийн нэгэн агентлаг болгох гээд байгаа юм уу гэсэн асуултад бирж болгох төлөвлөгөө байгаа талаараа Хөрөнгийн биржийн удирдлага дуулгалаа.

Монголын хөгжлийн загвар нь юу байх вэ

Монгол баян. Бүр дэндүү баян. Даанч жижигхэн зах зээлтэй. Хоёр том мангасын дунд “залгигдаж” болох нөхцөлд амьдардаг ч гэсэн үнэндээ энэ хоёр гүрнийг түшиглэн томрох боломж бас бий. Дэндүү баян, тэгсэн хэрнээ маш жижигхэн зах зээлтэй Монголын хөгжлийн загвар юу байх вэ гэсэн асуулт хурцаар тавигдаж байна. Үндэсний хөгжлил шинэтгэлийн хорооны дарга П.Хашчулуун  “Эдийн засгийн өсөлт өндөр байхаас гадна хүндээ наалдацтай байх хэрэгтэй. Монголд эдийн засгийн өсөлт байна. Энэ өсөлтийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна” гэв. Эрдэс баялгийн салбараас орж ирж буй их мөнгө ерөнхийдөө тээвэр, банк, эрчим хүч, барилгын салбар руу ордог гэнэ. Хөдөө аж ахуй, соёл урлаг хаягддаг болохоор байгалийн хишигт бүхий л салбарыг хамруулах бодлого барих бололтой.  Энэ хуралдааныг Б.Жаргалсайхан үймүүлээд авсан. “Буян” компанийн босс  Тавантолгойн орд газрыг хоёр биш тав хуваах санал гаргалаа. Тавантолгой орд газрыг тав хувааж, таван үндэстний компанид ашиглах эрхийг нь өгөх ёстой гэв.  Гадаадын консерциум оролцлоо гэхэд дандаа Монголын компаниудтай хамтарсан байх ёстой  гэнэ. Тиймээс тав хуваах төсөл боловсруулснаа дуулгав.
Харин гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг цогц могцоор хөгжүүлэх яах вэ, хөдөөгөө хөгжүүлж, дэд бүтцийн асуудлаа хурдан шийдвэрлэхгүй бол Монгол 20 жилийн өмнөхөөсөө бүр ухрана шүү гэсэн заналтайхан сануулгыг шидсэн. Том юм ярихаасаа илүү жижиг асуудлыг ажил хэрэг болгох хэрэгтэй. 300-гаад сумаа яг яаж хөгжүүлэхээ форумын дараа тодорхой бодлого боловсруулах хэрэгтэй гэж тэрбээр сануулсан юм.

Ж.ГЭГЭЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж