Сагсан бөмбөгийн талбайн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн талбайн нээлт болов

Нийслэлийн Баянзүрх дүүрэг энэ оныг хөрөнгө оруулалт нийгмийн үйлчилгээний жил болгон зарлаж, нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж эхнээс нь ашиглалтад оруулаад байна. Нийслэлд тохижилт бүтээн байгуулалтаараа тэргүүлж, тохижилттой жишиг дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүргийн бүтээн байгуулалтын ажилтай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өчигдөр танилцлаа. Эхлээд тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Бөхийн өргөөний урд талын дөрөвдүгээр байрны дэргэдэх хүүхэд багачууд, хөгшид буурлуудад зориулсан амралт чөлөөт цагийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцжээ. Гүйцэтгэгч “Баян тосон” компани нь өнгөрсөн сарын 8-нд ажлаа эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар тохижилтын ажлын явц 80 хувьтай байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 246 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа усан оргилуур бүхий амралт, чөлөөт цагийн талбайд хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байлаа.

Үүний дараа дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн томоохон ажлын нэг болох зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийн талаар хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Нийт гурван жилийн хугацаанд хийгдэх уг байгууламж нь нарны зам дагуу гурав, төмөр зам дагуу хоёр сэтэлгээ хийж, 2,5 км яваад Туул голын усанд цутгах юм. 24 метр урт үерийн далангийн ажил наадмын өмнөхөн эхэлжээ. Дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн  санаачилгаар эхлүүлсэн далангийн ажил 2013 он хүртэл үргэлжлэх бөгөөд Баянзүрх дүүргийн иргэд үер усны аюулаас бүрэн ангижрах юм.

Харин дараа нь Чулуун овооны уулзварт баригдаж байгаа Дүүргийн өндөрлөгийн явцтай танилцлаа. Тойргийн голд дүүргийн бэлгэ тэмдэг болсон цагаан арсланг дүрсэлсэн бөгөөд энх амгалангийн бэлэгдэл болгож, хоёр талд нь Асар, Басар монгол банхрыг дүрслэн бүтээжээ.  Нийт есөн үе цутгамлыг ногоон, цагаан гантигаар өнгөлж, үе болгон дээр өнгө өнгийн цэцгийн мандал байгуулах юм. Мөн суурин хэсгийн чулуун дээр алхан хээ урлаж байгаа нь ихэд гарын ур дүй шаардсан нарийн чимхлүүр ажил болж байгааг гүйцэтгэгч “Хаус констракшин” ХХК онцоллоо.  Дүүргийн өндөрлөг  энэ сарын 30-нд ашиглалтад орж, нээлтээ хийх юм.

Өнгөрсөн жил дүүргийн Засаг дарга цэцэрлэгүүдийн дунд шилдэг тохижилтын зураг төсөл хийх болзолт уралдаан зарлаж, түрүүлсэн цэцэрлэгийн гадна тохижилтыг дүүргийн төсвөөр хийхээ амласан юм. Тус уралдаанд 5, 22  дугаар хорооны хүүхдүүд хүмүүждэг 115 дугаар цэцэрлэгийн төсөл шалгарч, 8,5 сая төгрөгийн санхүүжилтээр мод бут, засмал зам, сагс болон хөлбөмбөгийн талбай, гэрэлтүүлэг, хөгжөөнт тоглоом, хиймэл зүлэг зэргийг хийсэн байна.

Мөн  энэ өдөр 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жуковын музейн баруун талын байрны дунд сагсан бөмбөгийн талбайн нээлт боллоо. Хамгийн сүүлийн үеийн стандартаар хийгдсэн резин талбай бүхий  32*15 метр сагсан бөмбөгийн талбайн эргэн тойронд шөнийн гэрэлтүүлэг тавьж өгсөн байна.  

Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэхэд том хөрөнгө оруулалт хийж буйд хорооны залуус дүүргийн удирдлагуудад баярлаж буйгаа илэрхийлж байлаа.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж