Бүртгэлтэй, ажилгүй иргэдийн 18.6 хувь нь дээд боловролтой

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Бүртгэлтэй, ажилгүй иргэдийн 18.6 хувь нь дээд боловролтой

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсчээ. Он гарсаар эхний долоон сарын байдлаар 39,9 мянган хүн тус хэлтэст шинээр бүртгүүлсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аймаг, нийслэлд хэрхэн өссөнийг графикаас хараарай.

Улаанбаатар хот болон зургаан аймагт доорх графикт үзүүлсэнчлэн тодорхой хувь хэмжээгээр өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.8 хувь нь урьд нь тодорхой ажил эрхэлж байсан, 47.2 хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй болон ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн иргэд байна.

Харин өнгөрөгч долдугаар сард ажилгүй 2866 хүн ажилд зуучлуулан орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 200 хүнээр, өмнөх сарынхаас 6472 хүнээр бага байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн 88.2 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад, 11.8 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад оржээ

Тэгвэл энэ сард ХХҮХ-т 3169 ажилгүй хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 695 хүнээр, өмнөх сарынхаас 6657 хүнээр бага байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн дотроос цалин бага гэсэн шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 37.6 хувь, орон тооны цомхотголоор 44.9 хувь, байгууллага татан буугдсан 49.4 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 54.7 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн 61.1 хувь, цэргээс халагдсан 65 хувь, өөр газраас шилжиж ирсэн 69.1 хувь, бусад шалтгаанаар ажлаас гарсан иргэдийн тоо 70.6 хувиар тус тус буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.6 хувь нь дээд, таван хувь нь тусгай дунд, зургаан хувь нь мэргэжлийн анхан шатны, 66.6 хувь нь бүрэн дунд ба суурь, 3.2 хувь нь бага боловсролтой, 0.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж