Байгаль хамгаалах оролцоог идэвхжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах оролцоог идэвхжүүлнэ

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан “Байгаль орчин, аялал жуулчлалын нээлттэй өдөрлөг”-ийг хоёрдугаар сарын 27-нд Манлай сумын төвд зохион байгуулав.

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2011 оныг “Байгаль орчэыг хамгаалахад ил тод байдлыг хангах, оролцоог идэвхжүүлэх” жил болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Салбарын бодлого зорилтыг орон нутагт сурталчилж, байгаль хамгаалах үйлсэд иргэдийн оролцоог өрнүүлэх ажлын эхлэл болсон тус өдөрлөгт сумын иргэд идэвхтэй оролцлоо. Өдөрлөгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн ерөнхий зохицуулагч Д.Даргахүү, мөн зөвлөлийн гишүүн “Ойн хишиг” ТББ-ын тэргүүн Д.Бараадууз, Манлай сумын засаг дарга, Засаг даргын тамгын газар дэмжин ажиллав.

Өдөрлөгийн үеэр Манлай сумыг “Эко загвар сум” болгох гарааг эхлүүлэв. Энэ ажлын хүрээнд байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, аялал жуулчлал хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг хийж нэгдсэн нэг ойлголтод хүрлээ. Түүнчлэн, өдөрлөгийн зочин Д.Даргахүү байгаль хамгаалах чиглэлээр гаргасан заалтын талаар, Д.Бараадууз ”Муу агрономич гэж байхаас муу газар гэж байдаггүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, дараа нь говийн ойжуулалт, говьд хүнсний ногоо тарих талаар зөвлөгөө өгөв. БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Б.Должидмаа Манлай сумын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цэцгийн мандал болон тасалгааны цэцэг тарих хөдөлгөөнийг орон нутагт өрнүүлэх талаар ярилцсан нь нутгийн эмэгтэйчүүдэд таашаагдсан үйл ажиллагаа болов. Өдөрлөгт зориулан байгууллагын мэргэжилтнүүд ажил мэргэжилтэйгээ холбоотой 8 төрлийн 800 гаруй гарын авлага тарааж, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Үүний зэрэгцээ “Ойн хишиг” ТББ-ын тэргүүн Д.Бараадууз сумын засаг даргын өрөөг хувийн хөрөнгөөрөө эко загвар өрөө болгон тохижуулахаа амлалаа.

Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн 150 гаруй сурагчид байгаль хамгаалах уламжлалт зан үйл, “Эко загвар сум” болоход сурагч бидний үүрэг, орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх нь зэрэг сэдвээр нээлттэй ярилцлагыг мөн зохион байгууллаа. Ялангуяа, “Аялахгүй байхын аргагүй гайхамшгийн нутагтаа тогтвортойгоор аялал жуулчлал хөгжүүлье” сэдвээр БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Бурмаагийн тавьсан илтгэл өсвөр үеийнхний сонирхлыг ихээхэн татсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж