Нобельтон тэтгэвэртээ илгээгдэв

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Нобельтон тэтгэвэртээ илгээгдэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бангладешийн эрх баригчид бичил зээлийн Grameen банкийг байгуулан санаачилсан  Мухаммад Юнусаа албан тушаалаас нь огцруулж чадлаа. 

    Мухаммад Юнус эрх баригчдын шахалтаар Grameen Bank-аас явж байна. “Нийгмийн ажил хэрэгч” баримтлалтай банкийг бүтээснийхээ төлөө Юнус Нобелийн шагнал авч байлаа. Түүнийг огцруулсан шалтгаан нь тэтгэврийн нас болов. Санхүүч 71 хүрсэн аж. Албан бус шалтгаан нь тэрбээр ерөнхий сайд Хасина Вазеттай хэл амаа ололцоогүй гэгдэж буй.

    Бичил банкийг бий болгосныхоо төлөө Нобелийн шагнал хүртэж байсан Мухаммад Юнус  Grameen банкнаасаа халагджээ. Гэр аж ахуйн жижиг бизнесийн  жижиг зээлийг олгох зорилготой зээлийн байгууллага байгуулсных нь төлөө Юнуст Нобелийн хороо 2006 онд энх тайвны шагнал олгосон юм.
    Барууны хэмжээгээр маш өчүүхэн 100 хүртэл ам.долларын зээлийг маш бага хүүтэйгээр жижиг бизнест олгож байсан “Юнусын нийгмийн ажил хэрэгч” зүтгэлийг Нобелийн хороо сонирхон үнэлсэн хэрэг. Хүн амын ядуу давхаргын төлөөлөгч нар өөрийн бизнесээ явуулахаар энэ зээлийг авч байлаа. Бичил зээлийн банк нь Бангладешийн тосгонуудын 95 хувийг хамран үйлчилгээ явуулж иржээ. Засгийн газар энэ банкны 25 хувийг эзэмшдэг.

    Түүнийг огцруулсан гол шалтгаан нь Юнусын тэтгэвэрт гарах нас болсон гэж Бангладешийн Төв банкны хэвлэлийн алба мэдээлжээ. “Та 60 гарсан бол хөдөлмөрлөх гээд зүтгээд байх хэрэггүй” гэж Төв банкны банкнуудын хяналтын албаны тэргүүн Абдул Ваду сэтгүүлчдэд тайлбарлажээ. “Бид Сангийн яам ба Grameen Bank-ны удирдлагад энэ тухай мэдээлсэн” гэж тэрбээр хэлээл Юнус одоо 71 настай гэж нэмэрлэв. Харин яагаад гэнэтхэн одоо түүнийг тэтгэвэрт гаргах болов оо гэсэн асуултад Ваду хариу өгөхөөс татгалзжээ.

    Бизнесийн үзэл баримтлал нь Юнусыг тус улсын ядуу гэр бүлийнхний дунд маш ихээр алдаршуулжээ. Нобелийн шагнал хүртсэний дараа түүний нэр алдар гадаад орнуудын улс төр ба ажил хэрэгч хүмүүсийн дунд танигдсан юм. Гэтэл 2007 оноос Бангладешийн ерөнхий сайд Хасина Вазед ба Мухаммад Юнус нарын хоорондын харьцаа эрс муудааад иржээ.
    Санхүүч өөрөө нам байгуулж Засгийн газартай зөрөлдөх болсон. Үүний дараа Вазед Grameen Bank-инд  шалгалт оруулж, зээлийн байгууллагыг татвар төлөөгүй, ядуусын сорон баяжиж байна гэж буруутгасан байна.
    “Гэр орноор нь орж, хүмүүст юу хэрэгтэйг сонирхож явахдаа би гашуун үнэнийг мэдэрч байлаа. Тэдэнд мөрөөдөл, хүслээ биелүүлэхэд өчүүхэн жаахан мөнгө хэрэгтэй байлаа. Бид 27 ам.доллараас хэтрэхгүй жаахан мөнгө хэрэгтэй  42 хүний жагсаалтыг гаргаж байлаа” хэмээн Юнус дурсч байна.

    Мөрдөн байцаалтын материалд  Grameen-аас 100 сая хүртэл ам.доллар гаргасан байж болох талаар өгүүлжээ. Одоо Grameen Bank нь  үндэстэн хоорондын Ази, Африк, Америк, Ойрхи Дорнодын 22 орны 50 байгууллагатай  сүлжээ болсон бөгөөд энэ санхүүгийн холдинг нь 6,1 сая үйлчлүүлэгчтэй, тэрбумаар яригдах эргэлттэй болоод байгаа юм.

    Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Норвегийн телевизээр тус оронд бүртгэлтэй сангуудаар дамжуулан Grameen-аас мөнгө гаргаж болох системийн талаар харуулсан байна. Түүний дараа “Норвегийн сангуудыг хууль бусаар ашигласан ямар нэгэн шинж тэмдэг алга” гэж Норвегийн Олон улсын хөгжлийн яамнаас мэдэгджээ. Харин Бангладешид мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байлаа. “Grameen сангийн сүлжээг ашиглан татвараас зугтах явдал байсан” гэдэгт Хасина Вазед итгэлтэй байна.

    Юнус мөрдөн байцаалтын эсрэг биш гэдгээ өмнө нь мэдэгдэж байв. “Энд атгаг санаа, үрлэг эсвэл авилга байхгүй” гэж Юнус ярьсан юм. Гэсэн ч  Бангладешийн Сангийн сайд A. M. A. Мухит нэгдүгээр сард Юнус бичил зээлийн байгууллагын тэргүүнээс огцрох хэрэгтэй гэж мэдэгдэж байлаа. Одоохондоо профессор Юнус банкаа удирдсаар байна. “Профессор Юнус өмнөхийн адил банкны гүйцэтгэх захирлаа хийсээр байна” гэж  банкны хэвлэлийн төлөөлөгч Жаннат-и-Кьянин цахим шуудангаар мэдээлэл илгээжээ. Юнусыг тэтгэврийн нас болсон гэж ажлаас халах нь хууль бус. Банкны үйл ажиллагаа тусгай хуулиар зохицуулагддаг гэж банкнаас мэдээлж буй.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж