
Зун цагт махны үнэ шалдаа бууж, намар дөхөхөөр ногооны үнэ хямдардаг ёс манайд буй. Харин энэ жилийн зун махны үнэ 5000 төгрөг хүрч, ногооны үнэ 1500-гаас эхэлж байна. Түүнчлэн нефть бүтээгдэхүүн 1390-1650 төгрөг болоод байгаа ба нийтийн тээврийн тариф 400 төгрөг болсон. Ингэснээр инфляцийг тооцох сагсан дахь тээврийн бүлгийн дүн 2,5 хувь өссөн байна. Түүнчлэн ус, ундааны үнэ өсч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь инфляцийг өмнөх сараас 0,8 хувь, өмнөх оны мөн үеэс 10,1 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ.
Мөн Улаанбаатар хотод орон сууцны үнэ оны эхнээс 9.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.5 хувиар өсчээ. Орон сууцны үнийг төвийн зургаан дүүргээр авч үзвэл 2011 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаас Хан-Уул дүүрэгт 6.5 хувь, Баянголд 6.1 хувь, Сүхбаатарт 12.1 хувь, Сонгинохайрханд 5.4 хувь, Чингэлтэйд 10.7 хувь, Баянзүрх дүүрэгт 6.8 хувь өсчээ. Харин 1970 оноос өмнө ашиглалтанд оруулсан орон сууцны үнэ 3.8-13.3 хувиар, 1970-2001 онд ашиглалтад орсан орон сууцных 5.2-11.1 хувиар өсчээ. Түүнчлэн 2002 оноос хойш ашиглалтад орсан орон сууцны үнэ 5.3-15.2 хувиар нэмэгдсэн байна.
Зах зээлд гарч буй бэлэн мөнгөний нийлүүлэлт долдугаар сарын эцэст зургаан их наяд орчим төгрөг байгааг статистикчид гаргасан байна. Үүнийг өмнөх сартай харьцуулахад 149,99 тэрбум, өмнөх оны мөн үеэс 2,3 их наяд төгрөгөөр илүү гэсэн тооцоог тэд мөн гаргажээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 673.9 тэрбум төгрөг байж, өмнөх сарынхаас 35.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 50 хувь өссөн байна.
Тэгвэл инфляцийг далласан халамжийн зардалд манай улс хэдэн төгрөг зориулсныг харъя. Нийгмийн халамжийн сангаас долдугаар сарын байдлаар 173,9 мянган хүнд 36,5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын 49 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 32.3 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 8.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд, есөн хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.1 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчлэн өсгөж буй иргэд байна.
Нийгмийн халамжийн сангаас 2011 оны эхний долоон сард олгосон нийт тэтгэвэр, тэтгэмжийн 52.9 хувийг халамжийн тэтгэвэрт, 30.9 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд, 7.4 хувийг ахмад настныг асарч буй иргэдэд, 7.7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч буй иргэдэд, 1.1 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжид зарцуулсан байна. Алдарт эхийн одонтой 136.4 мянган эхчүүдэд 18.4 тэрбум төгрөгийн тусламж олгосон байна.
Манай улс 2011 оны эхний долоон сард дэлхийн 116 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5784.0 сая ам.доллар, үүнээс экспорт 2341.6 сая ам.доллар, импорт 3442.4 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2576.3 сая ам.доллар буюу 80.3 хувь, үүнээс импортын хэмжээ 2.1 дахин, экспортын 52.2 хувиар өсчээ.
Гадаад худалдааны тэнцэл оны эхний долоон сарын байдлаар 1100.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 970 сая ам.доллар буюу 8.4 дахин өсчээ. Үүнд уул уурхайн зориулалттай машин, техник, автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл болон газрын тосны бүтээгдэхүүний импортын дундаж үнэ нэмэгдсэнээс шалтгаалан импортын өсөлт экспортынхоос 54 пунктээр өндөр байгаа нь нөлөөлсөн гэнэ. Харин зөвхөн долдугаар сарын хувьд авч үзэхэд гадаад худалдааны тэнцэл 2010 оны долддугаар сард 83 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2011 оны долддугаар сард 368 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 285 сая ам.доллар буюу 4.4 дахин өсчээ.
Экспортын 98.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн зэрэг бүлгийн бараа эзэлж байна. Экспортын бүтцэд голлох барааны эзлэх хувийг авч үзэхэд нүүрс 38.4 хувь, зэсийн баяжмал 24.7 хувь, төмрийн хүдэр 9.6 хувь, боловсруулаагүй газрын тос 5.1 хувь, цайрын хүдэр, баяжмал 3.7 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.2 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь, самнасан ноолуур нэг хувь, бусад бүтээгдэхүүн 12.1 хувийг эзэлж байна. Нийт экспортод боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.6 пункт, зэсийн баяжмалын эзлэх хувь дөрвөн пункт, цайрын хүдэр, баяжмалынх нэг пункт, самнасан ноолуурынх 0.6 пункт, боловсруулаагүй газрын тосных 0.4 пунктээр буурч, харин нүүрснийх 12.8 пункт, төмрийн хүдрийнх 2.5 пункт, жоншны хүдэр, баяжмалынх 0.1 пунктээр нэмэгджээ.
Импортын 26.8 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, 23.7 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 18.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 9.4 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 4.9 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 3.8 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 3.4 хувийг хуванцар, каучук, түүгээр хийсэн эдлэл, үлдсэн 9.1 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Мөн газрын тосны бүтээгдэхүүний импорт 2011 оны эхний долоон сард 557.7 мянган тонн буюу 581.1 сая ам.доллар болж, нийт импортын үнийн дүнгийн 16.9 хувийг эзэлж байна. Газрын тосны бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеийнхээс 132.4 мянган тонн буюу 31.1 хувиар нэмэгдэв. Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, БНСУ-аас авсан бол гурилыг ОХУ болон Казахстан улсаас, цагаан будааг БНХАУ, Вьетнам, ОХУ-аас, элсэн чихрийг Тайланд, Бразил, Колумба, Австрали улсаас, нийтийн тээврийн хэрэгслийг БНСУ, ОХУ-аас, суудлын автомашиныг Япон, БНСУ, ХБНГУ, Их Британи улс, АНУ-аас, ачааны автомашиныг БНХАУ, АНУ, БНСУ, Энэтхэг, Белорусь улсаас голлон нийлүүлсэн байна.
Импортын худалдаа хийсэн орнуудын 31.6 хувийг БНХАУ-тай, 24.7 хувийг ОХУ-тай, 7.6 хувийг Япон улстай, 7.5 хувийг АНУ-тай, 5.5 хувийг БНСУ-тай, 4.7 хувийг ХБНГУ-тай, 2.5 хувийг Украин улстай, 1.6 хувийг Франц улстай хийсэн нь нийт импортын 85.7 хувийг эзэлж байна.
"Ардын эрх" сонин
