Цахилгаан хангамжийн нэгдүгээр зэрэглэлд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Цахилгаан хангамжийн нэгдүгээр зэрэглэлд шалгалт хийжээ

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сум, байгууллагуудын цахилгаан хангамжийн найдваржилтын нэгдүгээр зэрэглэлд хамаарах газруудын ашиглаж байгаа цахилгаан үүсгүүр, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн төлөв байдалд өнгөрсөн долоо хоногт шалгалт хийжээ.

Шалгалтад “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станц” компанийн нийт сум, тосгон, мөн Хонгор баг дахь салбарууд, нэгдсэн болон сум дундын эмнэлгүүд, холбооны дамжуулах станц, нөөцийн газар, бохир ус цэвэрлэх байгууламж, ус цаг уур, орчны шинжилгээний төв зэрэг 43 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан байна. Тус аймгийн нийт эмнэлэг нөөцдөө “Yamaha” маркийн мотортой ажээ. Тэдгээрийг гэрэл цахилгаан тасарсан үед эмнэлгүүдийн төрөх болон мэс заслын ажилбар хийдэг тасаг, вакцин, био бэлдмэл хадгалах хөргөгч, яаралтай тусламжийн өрөөнүүдэд ажиллуулах учиртай гэнэ.

Гэтэл тэрхүү тоног төхөөрөмжүүдийг тасралтгүй хэвийн ажиллуулахад хүчин чадал нь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, онц шаардлагатай үед хэрэгцээ хангахгүй, төрөх ба мэс заслын орон дээрх өвчтөнд золгүй байдал учрах магадлалтай, вакцин, бэлдмэлүүд чанараа алдаж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ. Мөн эмнэлгүүд нь цахилгаанаар хангагчийн харьяаны шугам сүлжээнээс тэжээл авдаг хоёр талын тэжээлтэй байх, мөн өөрийн мэдлийн нөөц эх үүсвэртэй, эдгээрийн аль нэг ажиллаагүй үед өөр хоорондоо автоматаар залгагдах схемтэй, мөн эх үүсвэр, тэжээлүүдийн ажиллах дараалалтай байх зэрэг шаардлагыг эрчим хүчээр хангах гэрээнд тусгаагүй байжээ.

Мөн шалгалтаар “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станц” компанийн салбаруудын цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуурууд ялзарсан, хазайсан, фазын тохиргоогүй, хүчдэлийн уналттай зэрэг дутагдал илэрсэн бөгөөд энэ нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах талаар заасан хуулийн заалтыг зөрчсөн хэрэг аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж