Дөрвөн шөнө үргэлжилсэн Лондонгийн бослого намжлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Дөрвөн шөнө үргэлжилсэн Лондонгийн бослого намжлаа

Английн нийслэл Лондон хотыг бүхэл бүтэн дөрөв хоногийн турш доргиож, чичрүүлсэн үймээн самуун Каннинг циркийг галдан шатаасан найман хүнийг баривчилснаар ерөнхийдөө намжих тал руугаа ханджээ.

Бослого үймээн гарсан сургаар Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон Итали дахь амралтаа хугаслан Англид ирж, мягмар гаригт шуурхай хурлын ширээний ард суусан билээ. Тэрбээр орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө 09.00 цагт Гамшигтай тэмцэх хороог хуралдуулсан бол пүрэв гаригт парламентын гишүүдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.

Хотын цагдаагийн газар болон амиа алдсан хар арьст залуу Дугганы гэр бүл нийтэд хандаж тайван байдлыг уриалж байгаа ба Ерөнхий сайдын шийдвэрээр мягмар гаригийн шөнө цагдаагийн хүчийг хоёр дахин нэмэгдүүлж, 16 мянга орчим цагдаагийн албан хаагчийг Лондон хотын гудамжуудад байршуулж, хурцадмал байдлыг хүчээр намжаажээ.

Түрэмгийлэл эхэлснээс хойш Лондон хотод 685 гаруй хүнийг баривчлан саатуулсан бөгөөд энэ үед хотын цагдаагийн газрын түр саатуулах байр ачааллаа дийлэхээ байж, баривчлагдагсдын заримыг ойролцоох хэсгийн цагдаагийн газрын хорих байр луу шилжүүлж байв. Одоогоор дээрх баривлагдсан хүмүүсийн 111-д хулгай, дээрэм, бусдын эд хөрөнгөд санаатайгаар халдсан гэх зэрэг үндэслэлээр ял шийтгэл оноогоод байна. Түүнчлэн үймээний үеэр 111 цагдаагийн албан хаагч, таван цагдаагийн сургуультай нохой шархтаж, гэмтсэн байна.

Цагдаагийн байгууллагын зэрэгцээ бослогыг намжаах сайн дурын нийгмийн бүлэг байгуулагдаж, Twitter-ээр дамжуулан иргэдийг идэвх гарган эмх замбараагүй байдлыг зогсоох санаачилгыг дэмжихийг уриалжээ.

Харин дөрөв хоногийн турш туйлдаа хүртэл ширүүссэн бослого тэмцлийн сүүдэр Лондон хотод товлогдсон 2012 онд Олимпийн наадмын аюулгүй байдлын асуудлыг хөндөж эхэллээ. Олимпийг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ наадмын үеэр хүмүүсийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах маш олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Ирэх он хүртэл Цагдаагийн газар, захирагчийн албатай хамтран аюулгүй байдлыг хангах дорвитой арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжлүүлэх болно гэжээ.

Б.Энх





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж