Засгийн газрын бондыг арилжаалж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бондыг арилжаалж эхлэв

Монголын Засгийн газар өчигдөр 25 тэрбум төгрөгийн бонд гаргаж, банкуудаар дамжуулан арилжаалж эхлэв. Энэ бол ноос, ноолуурын болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гаргах 300 тэрбум төгрөгийн бондын эхний хэсэг юм. Бондын хүү 8-11 хувьтай байна.

Энэхүү үнэт цаасны арилжааг хийж эхэлсэн нь хэд, хэдэн ач холбогдолтой гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байв. Монголд хөрөнгийн биржийн арилжааг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, энэ далимдаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийг эх үүсвэртэй болох нь. Мөн Засгийн газрын бондын арилжааны орлогоор үйлдвэрлэгчдэд зээл олгоно гэдгийг албаны төлөөлөгчид онцолсон. Гэхдээ чухам хэзээ, яаж вэ.

Үндэсний үйлдвэрлэгчдэд нэгдүгээр зэргийн чанартай ноос худалдах малчдад төрөөс урамшуулал олгохоор болсон. Тухайн хүн ийм худалдаа хийсэн баримтаа сумынхаа Засаг даргаар баталгаажуулж, түүнийг нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газарт хүргүүлэх ёстой юм. Ингэсэн тохиолдолд малчдад кг ноос тутамд 2000 төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн малчдыг урамшуулах мөнгийг ирэх арваннэгдүгээр сараас өгч эхэлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байв. Одоогийн байдлаар нэг кг ноосны зах зээлийн ханш хөдөө, орон нутагт 600-800 төгрөг, Улаанбаатарт 1000-1050 төгрөг байгаа. Малчдад дээрх урамшууллыг олгосноор нэгдүгээр зэргийн ноосоо гадагш нь гаргахгүй авч үлдэх давуу талтай. Үндэсний компаниуд ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ улам идэвхжүүлнэ гэсэн үг. Харин энэ нь инфляцид нөлөөлөх үү гэх асуулт нэлээд эргэлзээтэй байгаа юм.

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Бондын арилжаанаас олох мөнгийг халамжийн хэлбэрээр тараагаагүй. Харин хөрөнгө оруулалт маягаар малчдад өгөх учраас энэ нь инфляцийг хөөрөгдөхгүй” хэмээн онцлов. Гэхдээ малчдын гар дээр кг ноос тутамд нь 2000 төгрөг очиж эхэлбэл түүний сургаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэх баталгаа байхгүй билээ. Төрөөс иймэрхүү хэлбэрээр мөнгө гаргах бүрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг ч бий.

Нийт 300 тэрбум төгрөгийн бондод жилийн 8-11 хувийн хүү төлөхийн тулд Засгийн газар ойролцоогоор 24 тэрбум орчим төгрөг зарцуулах юм. Үүнийг ирэх оны төсөвт суулгаж өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн зардал ихэснэ гэсэн үг. Одоогийн байдлаар Засгийн газрын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувьтай тэнцэж байна. Түүний дийлэнх нь 1990-ээд оны эхэн үед гадаадаас авсан хөнгөлөлттэй зээл. Харин Засгийн газар баталгаа олгож, Сангийн яамаар дамжуулан гаргасан үнэт цаасны өр маш бага хувьтай байгаа гэдгийг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлсэн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх ёстойг заасан байдаг. Өөрөөр хэлбэл, манайх өрийн таазандаа хүрэх болоогүй гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар бонд гаргахад санаа зовох зүйлгүй бололтой. Харин хөгжлийн одоогийнх шиг нөхцөл байдал дунд бүр олон бонд гаргах нь зөв гэдгийг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг онцлов. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой 300 тэрбум төгрөгийн бондыг гадаадын валютаар нэрлэхгүй. Мөн зөвхөн дотоодын бирж дээр арилжаалах юм. Харин Хөгжлийн банкны санхүүжилтийг олох зорилгоор гаргах 800 тэрбум төгрөгийн бондыг төгрөг болон ам.доллараар нэрлэж, дотоод, гадаадын Хөрөнгийн биржүүд дээр арилжаалахаар төлөвлөжээ. Түүнчлэн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний бонд гаргах юм.

Засгийн газрын бондыг арил­жаахтай холбоотойгоор төв банкнаас дараах чиглэлийг баримтлан ажиллаж байгаа юм. Төв банкны үнэт цаасны хэмжээ 1.1 их наяд төгрөг байсан бол ийнхүү шинээр бонд гаргаж байгаатай холбогдуулан 60 тэрбум төгрөгийн үнэт цаасаа буцаасан байна. Ингэснээр арилжааны банкуудын бондын худалдаанд дэмжлэг үзүүлэх бололтой. Одоогийн байдлаар Монголбанкны бодлогын  хүү 11 хувьтай байгаа. Гэтэл эхний ээлжинд Хөрөнгийн бирж дээр гарч байгаа Засгийн газрын бондын хүү 8-9 хувьтай байна. Тэгэхээр эндээс хүүгийн зөрүү гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд алдагдал хүлээх нөхцөл байдал үүсэх юм. Гэвч Засгийн газраас арилжааны банкуудад давуу нөхцөлтэйгөөр зээл олгох учир тэдний хувьд бондын арилжаа хийснээр маш ашигтай ажиллаж, хэтрүүлж хэлэхэд 13-14 хувийн хүүгийн ашиг хүртэх аж.  
Ямартай ч ийнхүү Монголын Засгийн газар ноос, ноолуурын болон жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх хөрөнгийг эх үүсвэрээ олж эхлэв бололтой. Харин “Энэ ажил үр дүнгээ өгөх үү” гэх асуултад холбогдох албаны хүмүүс итгэлтэйгээр “Тийм”  хэмээн хариулж байсан юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж