Манай яруу алдарт цагдаагийн байгууллагынхан тэр тусмаа Авлигатай тэмцэх хэмээх сүржин нэртэй байгууллага улс орон даяар том хэмжээний тор хаяж түүндээ авлига авсан загаснуудыг шүүрддэг билээ л. Гэхдээ дандаа жараахай шүүрддэг, шүүрсэн жаахан жараахайгаа ч алдчихдаг гэсэн тодотголтой. Гэтэл энэ удаад тэд их том загас барьснаа олон нийтэд зарлав. Энэ удаагийнх жинхнээсээ том загас гэнэ ээ. “Том загас”-ыг өнгөрсөн гуравдугаар сард Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хууль бусаар мод огтолж тээвэрлэгчид, алт олборлогч, хулгайн анчдын эсрэг нэгдсэн шалгалт хийж байх үеэрээ барьж. Тэд ачааны машинаар мод тээвэрлэж явсан хүмүүстэй ууланд тааралдаж, саатуулан шалгасан гэнэ. Жолооч С.Н хууль бусаар мод тээвэрлэж явсан нь төдийгүй ажилтнуудад “хээл хахууль” өгөхийг оролдсон байна. Тэрээр цагдаагийн ажилтнуудаас “Амьдрахын эрхэнд ийм ажил хийж байна. Намайг зүгээр явуулчих” гэж гуйгаад 100 мянган төгрөг өгөхийг завджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгсөн” гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Төв аймгийн прокурорын газраас дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр ялыг хөнгөрүүлж, хорих ялыг өөрчлөн, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.
Их том загас барьсан байгаа биз. Ядарсан нэгэн түлээ хууль бусаар оруулж ирж байсан хэрэг. Гэтэл тэдний торонд иймэрхүү загас шүүрдэгдсээр л байх юм. Саяхан гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгийг олон нийтэд цацахгүй, хувь хүний нууц гэх мэтээр хаацайлаад байсан улс модны хулгайчийг ямар сүр дуулиантайгаар зарлаж байна. Ер нь тэгээд АТГ байгуулагдсанаас хойш тэр ийм хэмжээний их мөнгө завшсан байна гээд олны өмнө лав дэлгэсэн юм байхгүй. Үүний оронд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нь Эрүүгийн хуулийн 111, 256, 87, 133 гэсэн зүйлчлэлээр зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл, хүний нэр төрд халдаж санаатайгаар гүтгэх, Гүйцэтгэх ажиллагааны хуулийг зөрчих, төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэн хариуцсан төлөөлөгч задруулсан гэсэн зүйл ангиудаар 2,4 жилийн ял оноосон хэрэг л олны дунд АТГ-ын байр байдлыг илтгэхүйц үйл явдал болсон. Өөрөөр олон нийтэд танигдахаас илүү загас жараахай хөөцөлддөг гэж дүгнэгдсэн хэвээр. Авлига хээл хахууль авсан нэгийг нь барьж, хөрөнгө оруулагын мэдүүлгийг нь нууж хаадаг хэрнээ энгийн нэгэн жолоочийн хэргийг ингэж хэвлэлээр шуугих хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. АТГ-ынхаан танай торонд томхон шиг загас орох арга ер байна уу үгүй юу. Аль эсвэл жижигхэн тор шидчихээд жижиг загас баригдаад байгаа юм болов уу. Бодох л асуудал.
А.ШАРХҮҮЗохиогчийн эрх: "Ардын эрх" сонин
