Фукушимагийн ослын сүүдэр

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Фукушимагийн ослын сүүдэр

Сүүлийн үед Монголд цөмийн түлшний хаягдлыг байршуулах, бас цөмийн эрчим хүчийг ашиглаж эхлэх талаар яригдах боллоо. Дөнгөж өчигдөрхөн Монголд 2017 он гэхэд цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөж байгаа талаар нэгэн хурал дээр дурдсан тухай мэдээлэл гарч байх юм. Хөгжил дэвшил сайн зүйл боловч таах аргагүй эрсдэл дагуулж байдаг гэдгийг сануулах үүднээс доорхи мэдээллийг толилуулж байна.

Урьд өмнө нь Германы канцлерийн ажлын албаны гол “тархи” нь болж байсан нэгэн эрхэм өнгөрсөн хавар Японд болсон газар хөдлөлт, цунамийн дараагаар “Япон орон дэлхий дахинд цөмийн хоёр ч том сургамжийн  амьд жишээ болж түүхэнд тэмдэглэгдэх боллоо” гэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ 1945 онд Хирошима болон Нагасакид хаясан атомын бөмбөгнүүд хүн төрөлхтөнд цөмийн дайны хор уршиг хэзээ ч төсөөлж байгаагүй аймшигт үр дагавар авчирч болохыг харуулсан нь эхний жишээ байсан гэсэн байна. Харин 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн дараа Фукушимагийн атомын эрчим хүчний реактор дэлбэрч осол гарсан нь цөмийн эрчим хүчийг хүн төрөлхтөн удирдан чиглүүлэх боломж маш бага гэдгийг харууллаа гэж мөн онцолжээ.

Дэлхий нийтэд ослын сэрэмжлүүлэг болсон гамшигт үйл явдал япончуудад ч мөн нөлөөлж эхэлсэн тухай мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч эхэлжээ. Тэд нийслэл Токио хоттой ижил хэмжээтэй  нөөц томоохон хот байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээ дээрх таамгийг баталж байна. Байгалийн гамшиг болон террорист халдлага учирсан тохиолдолд нийслэл Токиог бүхэлд нь шилжүүлэх нөөц хотыг барьж байгуулах санааг Японы мэргэжилтнүүүд судалж эхэлсэн бөгөөд нухацтайгаар хэрэгжүүлж эхлэх нь гэсэн мэдээлэл гарчээ. Японы газрын нөөц, аялал жуулчлал, тээврийн яамнаас байгуулсан тусгай комиссийн гишүүд энэ намраас Токио дахь засаг захиргааны ямар бүтцүүдийг шилжүүлэн нүүлгэж болох талаар шийдвэр гаргахаар болж байгаа юм байна.

Ийм арга хэмжээ авах болсон шалтгааныг Японы засаг захиргаанаас тайлбарлахдаа хүчтэй газар хөдлөлт болон томоохон алан хядах үйл ажиллагаа зэрэг гамшиг учирсан тохиолдолд шигүү суурьшил бүхий Токио хотод байрласан улстөр болон эдийн засгийн гол байгууллагууд өртөж сүйдвэл гарах үр дагавар нь тус улсын хувьд нөхөж баршгүй гарз хохирол болж мэдэхээр байгаатай холбоотой гэнэ. Уг арга хэмжээний дагуу Токио хотоос хол орших нөөц хотод нийслэлийн зарим бүтэц байгууллагуудыг шилжүүлснээр нэг дор их хохирол хүлээхээс сэргийлж чадна гэж япончууд тооцоолж байгаа ажээ.

Мөн үүний зэрэгцээ нөөц-нийслэлийг ямар байдлаар төлөвлөх болон тэнд засаг захиргааны ажилтнуудыг байнга байлгах эсэхийг мөн шийдэх хэрэгтэй болж байгаа аж. Харин Японы гуравдагч том хот болох Осакагийн захирагч Тори Хашимото өөрийн хотыг нөөц-нийслэлийн үүргийг гүйцэт­гэж бүрэн чадна гэсэн санал гаргасан байна. Япончууд болж өнгөрсөн гамшгаас ийнхүү сургамж авч,  магадгүй зарим хүний хувьд хэт сэтгэлийн хөөрөлтэй шийдэл мэт харагдах эдгээр арга хэмжээг авахаас өөр аргагүй гэж тайлбарлаж байгаа гэнэ.

Гай гамшиг өнгөрсний дараа хүмүүс тайвширч, болж өнгөрсөн зүйлийг мартагнаж эхэлж байгаа мэт боловч Японы эрх баригчид харин үүний эсрэгээр ямар ч үнээр хамаагүй урьдчилан сэргийлэхийг  хүсч байгаа ажээ. Тэд энэ үндэслэлээ болж өнгөрсөн гамшгийн хор уршиг хэчнээн их байснаар тайлбарлаж байна. Есөн баллын хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас нийтдээ 15500 хүн амь үрэгдэж найман мянган хүн алга болсон бөгөөд Германы мэргэжилтнүүдийн тооцоолж гаргаснаар бол нийтдээ 210 тэрбум ам.долларын хохирол учирсан ажээ. Түүний дээр түүхэнд болсон цөмийн эрчим хүчний ослын хамгийн дээд төвшин буюу долоодахь төвшний осол болсон гэдгийг 1986 онд болсон Чернобылийн ослоос хойш дэлхийн хэмжээнд хоёрдахь удаагаа Фукушимад зарлахад хүрсэн юм байна.  Чухам ийм учраас л япончууд ямар ч байсан нийслэлээ “хувилж” нөөц бас нэг нийслэл-хоттой болохоор шийдэж байгаа гэнэ.

Үүний зэрэгцээ Фукушима мужийн ойр орчмоос дүрвэн гарсан олон арван мянган япончуудад зэрэг зэрэг олон асуудал, хүмүүнлэгийн бэрхшээл одоо ч тулгарсаар байгаа юм. Тэд урьд хожид үзээгүй хүчтэй газар хөдлөлт, аймшигт цунами болон цөмийн хор уршгийн нөлөө гээд олон зовлон бэрхшээлийг давсаар өдөр хоногтой золгож явна. Тэдний нөхцөл байдал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа гэж Японы хэвлэл мэдээлэлд бичих болжээ. Орон гэр хамаг амьжиргаанаасаа салсан тэдний хувьд Засгийн газраасаа өгч буй тэтгэлгээр арай л гэж өдрийн хоолоо залгуулах төдий байгаа гэнэ.

Тэдгээр дүрвэгчид саяхан өөрсдийн хүнд хэцүү байдлын тухай гадаадын хэвлэлийнхэнд илэн далангүй яриа өгчээ. Нутаг орноосоо дүрвэн гарсан нэгэн болох Суэнамэ Сато ярихдаа,” Бид Засгтйн газартаа баярдаж байгаа. Тэд бидний төлөө чадах бүхнээ л хийж байна. Хүмүүс ч сайнаар хандаж байгаа. Харин бид цаашдаа яах вэ гэдэг бодол л санаа сэтгэлийг минь зовоож байна” гэж ярьжээ.

Түүний ярьсанд үнэний хувь байгаа аж. Одоогоор дүрвэн гарсан олон мянган хүнийг сургуулийн байр болон нийслэл Токио хотын өндөр үнэтэй буудлуудад байрлуулж байгаа юм байна. Мэдээж энэ байдал Токиогийн иргэдэд цаашдаа төвөг удаж эхлэх нь ойлгомжтой байгаа аж. Япон орны газар нутаг тийм ч өргөн уудам биш тул Фукушима зэрэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужийн дүрвэгсдэд амьдран суух газар нутаг хаанаас олж өгөх вэ гэдэг тун нарийн бодлоготой шийдвэр гаргах нь Японы засаг захиргааныхныы толгойн өвчин болох бололтой.  
Тэгээд ч тэдний туулж өнгөрүүлсэн зовлонг ойлгон өрөвдөх хүн олон байгаа ч хүмүүсийн зүгээс таагүй хандах байдал улам нийтлэг болж байгаа  бас нэгэн бэршээл Фукушимагийн дүрвэгсдэд тулгарч байгаа юм байна. Энэ бол дүрвэгсдийг тээршаахаас гадна тэднийг япон хүний мөс чанарыг гээсэн муу хүмүүс гэж үзэх бусад япончуудых нь хандлагаар илэрч байгаа гэнэ. Цөөнгүй япончууд нутаг орноо орхин гарсан дүрвэгсдийг урвагчид хэмээн үздэг байна. Тэд дүрвэн гарсан хүмүүс бусдыгаа зовлонгийн дунд хаяж зугтсан бөгөөд бусдадаа туслахыг огтхон ч бодоогүй хэмээн шүүмжилж байгаа ажээ.

Энэ бол дүрвэгсдийн туулж өнгөрүүлэх магадгүй хамгийн том бэрхшээл зовлон болж байгаа бололтой. Дээр яриа өгсөн Сато энэ тухай хэлэхдээ, “Фукушимад олон хүн үлдэж, бид зугтан гарсан нь нь үнэн. Тэднийг бид орхин зугтсан гэдэг ч хэн хэн маань цөмийн цацрагийн хор уршгаас болоод Фукушимад үлдэх нь аюултай гэдгийг ойлгож байсан. Гэлээ гээд заримых нь хувьд нутаг орноосоо явах боломжгүй санагдаж байгаа биз. Тэдний хүүхдүүд тэнд сургуульдаа явж, өөрсдөө тэндээ ажиллаж амьдран үлдэхээс өөр арга зам байхгүй гэж  шийдсэн. Харин бид тэгж бодохгүй байна. Биднийг хүмүүс “Бусад нь үлдчихээд байхад эд нар баашилж байна” гэдэг. Бас одоо аюул өнгөрсөн болохоор нутагтаа буцах ёстой гэж үзэх нь ч бий ” гэж ярьж байгаа юм.

Тэднийг дүрвэн гарсан нутагтаа эргэн очихыг шаардан шахаж байгаагаас гадна  амьд үлдсэндээ буруутан болох гэдэг шаналант  бодол байнга зовоох болжээ. Эргэн тойрон дахь хүмүүс нь ч тэднийг амь үрэгдсэн бусдыгаа аврахын төлөө юу ч хийгээгүй буруутан болгож ярьцгаах болсон нь хамгийн хүнд тамлал болж байдаг аж.

Энэ талаар дүрвэгсдийн төвийн ажилтан Сигэру Ивасаки “Ийм шаналал япончуудын хувьд нийтлэг дүр төрх болж байдаг юм. Учир нь бусдыг гай зовлонгоос гэтэлгэж чадаагүйнхээ төлөө сэтгэл нь зовж шаналах зуршил эрт үеэс япончуудад байсан” гэж ярьж байна. Тэрээр Фукушима зэрэг газар хөдлөлтийн дараахь гамшигт нэрвэгдсэн муж нутгуудын иргэд тодорхой бус, бүрхэг ирээдүй болон сүйрч баларсан өнгөрсөн үеийн гунигт дурсамжны дунд улам бүр гачигдан зовсоор байгаа гэж харамсан хэлжээ.

М.НАСТ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж