-Б.Хурцын шүүх хурлын дараа ажлын хэсгийнхэн хуралдана гэж байсан. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа гэсэн?
-Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтныг Герман улсад шилжүүлэх шийдвэрийг Английн шүүх гаргасан. Тиймээс ажлын хэсэгт бага зэрэг өөрчлөлт оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны оролцоотой болгож ажлын хэсгийг шинэчилж байгаа. Одоогоор хүмүүс бүрэн цуглаагүй учраас ажлын хэсэг хуралдаагүй байна. Гэхдээ бид тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Англи улсын шүүх Засгийн газраасаа хараат үйл ажиллагаа явуулдаггүй гэж байсан. Бид тэрэнд нь итгэсэн. Гэтэл өнөөдөр тэд хараат ажилладгаа харуулсан. Манай улсын төрийн өндөр албан тушаалтныг Монголд суугаа элчин төлөөлөгчийн урилгаар очсон байхад шүүх хурал дээр урилгаар ирээгүй гэх мэдээлэл өгсөн байсан. Төрийн өндөр албан тушаалтнаа өөрийн оронд авчрахын тулд Гадаад хэргийн яам ажилласан ч чадсангүй. Тухайн орны шүүхийн байгууллагаас болж.
-Давж заалдах эрхийн 14 хоног дуусаагүй байгаа. Давж заалдах эрхээ эдлэх үү?
-Ажлын хэсэг давж заалдах хүсэлтэй байсан. Харин Б.Хурц өөрийн хүсэлтээр давж заалдахгүй гэсэн. Ажлын хэсгийн үзэж байгаагаар давж заалдах юм бол бид ялах бүрэн боломжтой. Английн шүүхээс гадна өөр шүүгч нарт хандахад энэ хэрэг бүрэн манай талд шийдэх боломжтой гэсэн. Бид ч ялах боломжтой гэдэгт итгэж байгаа гэвч Б.Хурцын хүсэлтээр давж заалдахгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Уг нь 14 хоногийн давж заалдах эрх нь бий. Арай дуусаагүй ч байгаа.
-Английн шүүх өөрсдийн вэб сайтад шүүх хурлын илтгэлийг бүрэн эхээр нь тавьсан байсан. Үүнд Монгол Улсын иргэн Б.Хурцад Английн талаас айлчлал хийх урилга өгөөгүй гэсэн байсан?
-Бид Английн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Англи улс өөрийн суурин төлөөлөгчөө зүгээр л үүрэг гүйцэтгэгч, бараг л тэр хүний үг үг биш гэсэн санаатай юм бичсэн байсан. Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайдын урилга хүчингүй гэж үзэж байгаа юм бол бид цаашид энэ улсаас манай улсад суух элчингийн үгэнд итгэх боломжгүй гэсэн үг. Засгийн газраасаа хараат бус үйл ажиллагаа явуулдаг байсан бол бид энэ удаад ялах боломжтой байсан юм.
-Б.Хурцыг Германы талд хэзээ шилжүүлж,шүүх хурал нь хэзээ болох вэ?
-Одоогоор давж заалдах 14 хоног дуусаагүй байгаа. Энэ хугацаа дууссаны дараа шийдэгдэх байх. Хэзээ шилжүүлж, хэзээ шүүх хурал болохыг тодорхой хэлж мэдэхгүй байна. Германы талд хүн хулгалсан гэх үндэслэлээр шүүх хурал болох байх. Урьдчилан мэдээлэх боломжгүй байна. Англи улсад байгаа, албан ёсоор шилжүүлээгүй болохоор. Германд шилжүүлчихвэл хил дамнуулан хүн хулгайлсан, тагнуулын ажиллагаа явуулсан гэдгээр эрүү үүсэх байх.
-Урьдчилсан байдлаар ийм ял авах байх гэдэг ч юм уу, таамаг байна уу?
-Үүнийг Герман улс руу шилжүүлсний дараа хэлж болно. Одоогоор таамаглал алга. Гэхдээ бид тухайн улсын хууль, тогтоол, шийдвэрийг судлаж байгаа.
-Иймэрхүү хэрэгт Герман улс 25 хүртэл жилийн ял оноодог гэсэн үнэн болов уу?
-Энэ талаар одоогоор ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй.
-Герман улстай манайх ялтан солилцох гэрээ байгаа юу?
-Одоогоор гэрээ байхгүй. Гэхдээ ялтан солилцох гэрээ хийхээр төлөвлөсөн. Европын орнудтай хамтарч ажиллах ялтан солилцох гэрээ байгуулах боломж удахгүй нээгдэнэ. Бага зэрэг хугацаа орох ч бид үүнийг шийдвэрлэхээр ажиллана.
-Б.Хурцын эхнэр Лондонд очсон байсан. Одоо тэндээ байгаа юу, Германы талд шилжүүлэхээр бол яах бол?
-Гэр бүлийнх нь хүн Англи улсад хүүхдүүдийн хамт байгаа.
"Ардын эрх" сонин
