З.Энхзориг: Мэргэжлийн бокс надад зохихгүй юм билээ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

З.Энхзориг: Мэргэжлийн бокс надад зохихгүй юм билээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Олон улсын сонирхогчдын боксын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа дэлхийн лигийн тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Америкийн бүсийн “Мемфис Форс” багт, гавьяат тамирчин Н.Төгсцогт Азербайжаны “Баку Файерс” багт, харин ОУХМ З.Энхзориг Италийн “Милано Тандер” багтай гэрээ байгуулаад байсан юм. У.Мөнх-Эрдэнийн тухайд оны өмнө гэрээгээ цуцалснаар эх орондоо ирж, бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн бол З.Энхзориг мөн нутагтаа иржээ. Тэрбээр “World Series of Boxing” тэмцээнд 61 кг-д багаа төлөөлөн гурван тулаан хийхдээ гурвууланд нь оноогоор ялагдсан юм. Манай шилдэг боксчдын нэг ОУХМ З.Энхзоригтой цөөн хором ярилцлаа.

    -Европын бүсийн “Милано Тандер” багтай гэрээ хийж, хамгийн түрүүнд хилийн дээс алхсан. Италийн багтай хэдэн жилийн гэрээ хийсэн бэ?

    -Анх явахдаа гурван жилийн гэрээ байгуулсан. 

    -Тэгвэл гэрээгээ цуцлаад эх орондоо ирсэн шалтгаан юу байв. Магадгүй дараалсан ялагдлууд нөлөөлөв үү?

    -Миний зорьсон зүйл бол мэргэжлийн бокс биш. Энэ олон жил сонирхогчийн боксоор хичээллэснийх олимп, дэлхийд амжилт гаргах бол миний зорилго. Яахав байнгын бэлтгэл сургуулилттай байх, санхүү зэргээс шалтгаалан Италийг зорьсон. Гэтэл очсон хойноо байнгын дасгалжуулагчгүй, тоглолтын дараа алдаа дутагдлыг минь хэлээд өгөх хүн байхгүй гээд олон асуудал гарч ирсэн. Давуу тал гэвэл олон орны шилдэг боксчидтой бэлтгэл хийж байсан юм даа. Тэгээд л Монголдоо багш нарынхаа удирдлагад дор багийн хамт олонтойгоо бэлтгэлээ хийе гэж шийдээд ирсэн дээ.

    -Америкийн багт тоглож байсан У.Мөнх-Эрдэнийн хувьд ийм шалтгаанаар эх орондоо ирсэн. Гэрээгээ цуцлах шийдвэрээ хэзээ гаргасан бэ. Мөнх-Эрдэнийн гэрээгээ цуцалсан шийдвэр чамд нөлөөлөв үү?

    -Өөрөө л шийдсэн. Яахав гадны шилдэг тамирчидтай тулалдаж, байнгын бэлтгэл сургуулилттай байх болов уу гэж бодсон. Мөн энэ жилийн дэлхийн аварга Азербайженд болох учраас оролцлоо гэхэд ойрхон, цагийн зөрүү, цаг агаарт дасаад амар гэж санасан хэрэг. Гэтэл санаснаар минь болоогүй учраас гэрээгээ цуцалсан. Мэргэжлийн бокс надад зохихгүй юм билээ.

    -Анхнаасаа гэрээ хийхдээ дасгалжуулагч, бэлтгэл сургуулилт, орчуулагч энэ тэрийг оруулаагүй юм уу?

    -Очоод хэл ус ч яахав ойлголцсон. Ер нь, бол манай тамирчид гадныхнаас илүү байна уу гэхээс дутаад байх зүйл алга. Бэлтгэлийн хувьд хамаагүй илүү хийдэг юм билээ. Тэнд байхдаа хоёр цаг 30 минут бэлтгэл хийхэд огт ядардаггүй байсан. Харин Монголд ирээд түүнээс хамаагүй бага хугацаанд бэлтгэл хийхэд маш их ачаалал авч чадаж байна шүү дээ.

    -Гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцлахаар ямар нэгэн хариуцлага хүлээх үү. Энэхүү шийдвэрийг чинь багийнхан чинь хэрхэн хүлээж авсан бэ?

    -Гэрээгээ цуцлах боломжгүй л дээ. Гэхдээ миний виз гурван сараар гарсан байсан. Тэгээд визний хугацаа дуусангуут л далимдуулаад хүрээд ирсэн. Анх очиход Италиас зургаа, гадаадын лигионер есөн тамирчин байсан. Сүүлдээ бусад орноос боксчин нэмж аваад 20-уулаа болсон. Италийн олимпийн аваргаас авахуулаад, миний жингийн дэлхийн аварга болсон залуу гээд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлсэн. 

    -Өнгөрсөн онд охинтой болсон байх аа. Охиноо их санав уу?

    -Аравдугаар сараас хойш охиноосоо хол байсан болохоор саналгүй яахав. Манай охин ой найман сартай. Ирснээс хойш надаас салахгүй, дагаад л байгаа. Гэртээ бол байнга л тэврээд л явж байдаг. Италид байхдаа байнга интернэтээр охиноо харна. Аавдаа хүрээд ир гэхээр охин маань компьютер руу мацаад л. Одоо ч охиноосоо холдохгүй юм чинь дээ. Тэмцээн, уралдаанд явсан ч хурдан ирэх юм чинь.  

    У.Бадамцэцэг
    Зохиогчийн эрх: “Ардчилал” сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж