
Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд маргааш Англи болон Нидерландын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ тоглолтод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг “Гурван арслан”-гийн дасгалжуулагч Фабио Капелло хэдийнэ зарласан ч өөрчлөлт хийхээс өөр аргагүй болжээ. Учир нь шигшээдээ дуудагдаад байсан “Челси” клубын хагас хамгаалагч Фрэнк Лампард хоолойны өвчний улмаас тоглож чадахгүй болсон байна. 33 настай хагас хамгаалагчаас гадна “Арсенал”-ын Жэк Уилшер, “Манчестер Юнайтед”-ын Майкл Каррик нарын хагас хамгаалагчид гэмтлийн улмаас энэ удаагийн тоглолтод оролцож чадахгүй болжээ. Тиймээс Капелло шигшээ багтаа “МанЮ”–гийн залуу хагас Том Клеверлиг дуудсан байна. 21 настай залуу хагас хамгаалагчийн хувьд өнгөрсөн бүтэн сайнд болсон Коммунити Шильдийн тоглолтод тун сайн тоглож өөрийгөө харуулсан юм. Мөн “Тоттенхэм”-ийн хамгаалагч Кайл Уолкер гэмтэлтэй байгаа Глэн Жонсоны оронд шигшээдээ анхны тоглолтоо хийж магадгүй болоод байна. 21 настай залуу хамгаалагч “Тоттенхэм”-тэй таван жилийн шинэ гэрээ байгуулаад байгаа билээ.
Энэ удаагийн шигшээд багтсан тоглогчдыг танилцуулбал: Роберт Грин, Жо Харт, Дэвид Стокдейл, Лейтон Бэйнс, Гэри Кэхилл, Эшли Коул, Рио Фердинанд, Фил Жагиелка, Жолеон Лескотт, Мика Ричардс, Жон Терри, Кайл Уолкер, Гарет Бэрри, Том Клеверли, Стюарт Даунинг, Адам Жонсон, Жеймс Милнер, Скот Паркер, Эшли Янг, Энди Каррол, Питер Крауч, Уейн Рүүни, Дэнни Уэлбэк нарын 22 тоглогч Нидерландын эсрэг тоглоно.
Нидерландтай хийх нөхөрсөг тоглолтын дараа Английн шигшээ есдүгээр сарын 2-нд Болгартай “Евро 2012”-ын сонгон шалгаруулалтын тоглолтоо хийнэ.