НҮБ-ын тусламжийн онгоц Сомалид газардлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тусламжийн онгоц Сомалид газардлаа

НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг дайны хөлд бүтэн таван жил, өлсгөлөнд өртөгсдийн хөлд энэ зун бүрэн нэрвэгдээд байгаа Сомалийн нийслэл Могадишуруу яаралтай тусламжийг агаараар илгээсэн. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Могадишу хотод хоол хүнс хайсан 10,000 орчим иргэд дүрвэн ирсэн байна. Гэвч Сомалид хяналтаа тогтоосон зэвсэгт бүлэглэлүүд тусламжийн байгууллагыг уг бүс нутагт нэвтрүүлэхгүй саад учруулсаар байна.

Исламын Аль Шабааб бүлэглэл өнгөрсөн бямба гаригт Могадишу хотыг чөлөөллөө гэж мэдээлж байсан ч тус бүлэглэлийн тэмцэгчид зарим газруудад одоо хүртэл хяналтаа тогтоосон хэвээр байгаа аж. Сомалийн засгийн газар энэ үед Аль Шабааб бүлэглэлтэй хийсэн тэмцэлдээ ялалт байгууллаа хэмээн зарлаж байгаа ч зэвсэгт бүлэглэлүүдийн хараа хяналтаас бүрэн ангижраагүй байна.

Могадишу хот дахь хамгийн олон хүнтэй дүрвэгсдийн лагерьт өнгөрсөн долоо хоногт засгийн газрын төлөөх тэмцэгчид халдаж, байсан бүх хүнсийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Энэ удаа НҮБ-ын зүгээс агаараар нийт 31 тонн эд материал, хүнс хоолыг илгээж байгаагийн дотор  хуванцар хучлага, хөнжил, дэвсгэр зэрэг эд зүйлс багтсан ба тусламжийн онгоц Могадишугийн нисэх буудалд даваа гаригийн үдээс хойш газарджээ.

НҮБ өнгөрсөн хугацаанд Могадишуруу далайн болон газрын тээврээр тусламж хүргэдэг байсан ч энэ удаа нийслэлд очигсдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан яаралтай тусламж хүргэхийн тулд агаарын замыг сонгосон байна. Сомалид одоогоор өлсгөлөнгийн онц байдал зарласан таван бүс нутаг байгаа бөгөөд ойролцоогоор 3,2 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна. Харин Африкийн эврийн орнуудад сүүлийн 60 жил тохиогоогүй ган гачгийн улмаас нийтдээ 11 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байдалтай байна.

НҮБ-ын зэрэгцээ АНУ ганд нэрвэгдсэн мужуудад 105 сая ам.долларыг хандивлахаар шийдсэн тухайгаа зарласан. Харин өлсгөлөнгийн хажуугаар Этиопын зүүн өмнөд хэсэгт улаан бурхны дэгдэлт маш далайцтай явагдаж, хүмүүс олноороо дүрвэж байгаа талаар НҮБ-аас мэдэгджээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж