Олимпийн аваргатай боксчид ордныг эзэгнэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргатай боксчид ордныг эзэгнэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Жар гаруй жилийн түүхтэй Монголын олимпийн боксын холбооны 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн лхагва гаригт Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Улсын аваргын тоглолтууд мягмар гаригт эхэлсэн боловч албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш өдөр нь болсон юм. Шинэ бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай болсон Монголын олимпийн боксын холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил 37 байгууллагын 237 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөж байгаа. Түүнчлэн Өвөр Монголын Хөх хотоос эмэгтэйчүүдийн нэгдүгээр шигшээ багийн тамирчид ньирж, Монголын эмэгтэй баг тамирчидтай сорилт тоглолт хийхээр болжээ. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг энэ холбоог удирдах болсон гэсэндээ тэмцээний орчин, зохион байгуулалтад ахиц гарсан харагдав.

    Лхагва гаригт болсон нээлтийн ёслолын ажиллагаанд МОБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. Энэ үеэр холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх “Лондон-2012” олимпийн наадам эхлэхэд 1,5 жил үлдээд буй энэ үед ширэн бээлийтнүүд Британи аралд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулах том хэрнээ хүндхэн зорилт тавьсан гэдгийг хэлээд МОБХ шинэчлэгдсэнээс хойш зохион байгуулж буй анхны тэмцээн болох УАШТ нээснийг албан ёсоор мэдэгдсэн юм. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд нийт 26 шүүгч багтсан бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр ОУ-ын шүүгч Б.Мягмарсүрэн ажиллаж байна. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр шүүгчдийг төлөөлж Х.Алтанхуяг, харин тамирчдыг төлөөлж олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба нар тангараг өргөсөн. Нээлтийн ажиллагааны дараа улсын аваргын тоглолтууд үргэлжлэн явагдсан бөгөөд улсын аваргад оролцохоор эх орондоо ирээд буй дэлхийн аварга мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тулаанаа хийж, ялалт байгуулсан юм.

    Улсын аварга шалгаруулах тэмцээн 6-ныг дуустал өдөр бүр Спортын төв ордны А зааланд үргэлжлэх бөгөөд улсын аварга тамирчид ням гаригт тодорно. Улсын аваргад түрүүлсэн жин, жингийн шилдэг тамирчид шигшээ багт орох бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээний амжилтыг харгалзан үзэж, олон улс, тивийн тавцанд эх орноо төлөөлөх ширэн бээлийтнүүдийг сонгох учиртай. Тиймдээ ч улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй, тамирчдын ур чадвар ахиж дээшилсэн, ширүүн тэмцэл дунд үргэлжилж байна. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хөдөө, орон нутгаас долоон байгууллагын тамирчид ирж, оролцож байгаагаас гадна боксын спортоор сонирхон хичээллэж буй тамирчдын нас залуужсан зэргээс харахад олимп, дэлхий, тивийн аваргатай болсон Монгол Улсад боксын спорт эрчимтэй хөгжиж байна гэж хэлж болохоор байлаа. Албаны хүмүүс ч энэ тухай ярьж, 2012 оны Лондонгийн олимпийн наадмын өмнөх жил Монголын ширэн бээлийтнүүд өнгөтэй байгааг онцолж байлаа.

    Олимпийн аварга улсын аваргыг өнжсөн ч Европын цувралд тулалдана

    Харамсалтай нь, Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган энэ жилийн улсын аваргыг өнжиж байгаа. Олимпийн наадмаас хойш бэртлийн улмаас багагүй хугацаанд эмчилгээ, сувилгаа хийлгэж, өрсөлдөөний талбараас хол байсан тэрбээр улсын аваргад оролцохоор бэлтгэлээ эхлүүлээд байсан ч жин хасч, ачаалал нэмэгдэхийн хэрээр нурууны бэртэл нь сэдэрсэн учир эмчийн дүгнэлтийн дагуу улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөс аргагүйд хүрчээ. Гэхдээ тэрбээр энэ сарын сүүлчээс эхлэх Европын цувралд оролцохоор зэхэж байгаа гэнэ. Монголын ширэн бээлийтнүүд улсын аваргын дараа Европын цувралд оролцохоор хилийн дээс алхах бөгөөд эхний тэмцээн нь Албанид энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд болох юм. Үргэлжлүүлээд боксчид Польш, Сербид очиж, тулалдах ажээ.

    Н.Төгсцогт улсын аваргад оролцохоор дэлхийн лигээс чөлөө авав

    “World Series of Boxing” тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн эх орныхоо нэрийг гаргаж яваа Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Азербайжаны “Баку Файерс” багтай гэрээ байгуулсны дагуу Бакуд амьдарч байсан боловч улсын аваргадаа оролцохоор “чөлөө аваад” нутагтаа ирээд байна. Тэрбээр WSB тэмцээний гурав дахь тулаанаа өнгөрөгч бямба гаригт Сөүл хотноо хийж, ялалт байгуулсан. Сөүл хотын Боловсрол, соёлын төвд “Похан Посейдонс” багийг буулган авсан “Баку Фаейрс” багийнхан нутаг буцаж, 4-нөөс Бакуд бэлтгэлээ эхлүүлэх бөгөөд манай тамирчны хувьд Сөүлээс шууд нутгийн зүг зорьжээ. Мягмар гаригт Монголд хөл тавьсан тэрбээр шууд боксын зааланд очиж, бэлтгэлээ хийсэн бөгөөд уржигдар улсын аваргын рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгуулсан юм. Байнгын бэлтгэлтэй байж, дэлхийн шилдгүүдтэй тулалдаж буй Н.Төгсцогтын хувьд рингэнд гараад л ур чадвар, техникээр илт илүүрхэж, залуу өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан. 

    Д.Ганзоригийг ахлах дасгалжуулагчид санал болгожээ

    Ардын багш Д.Банди шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул өдгөө Монголын боксын үндэсний шигшээ баг ахлах дасгалжуулагчгүй байгаа билээ. Журам ёсоор ахлах дасгалжуулагчид нэр дэвшүүлэх хүнийг тухайн спортыг хариуцсан холбооноос эхлээд санал болгодог тул Монголын олимпийн боксын холбоо хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Д.Ганзоригийг шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилуулахаар БТСГ-т уламжлаад байгаа гэнэ. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарыг дунд сургуулийн сурагч байхаас нь боксын спортын анхны багшаар ажиллаж, шигшээ багийн тамирчин болтол нь бэлтгэж, сургасан Д.Ганзориг багш өдгөө өсвөр, залуучуудын шигшээ багт хүчин зүтгэж байгаа билээ.

    Боксчид улсын аварга дуусгаад гуравдугаар сарын сүүлээр энэ жилийн томоохон тулаанд тооцогдох Европын цуврал тэмцээнүүдэд оролцохоор хилийн дээс алхах тул шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг томилох асуудлыг яаравчлахаар спортын удирдлагууд ярилцаж байгаа гэнэ. Эх сурвалжийн хэлснээр БТСГ-ын шигшээ багийн алба ойрын хугацаанд хуралдаж, боксчдыг Лондонгийн олимпийн цикльд бэлтгэх хариуцлагатай албаны эзнийг тодруулах юм байна.

    С.Цэлмэг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж