-Юуны өмнө Монголд тогтмол хэвлэл үүсгэн байгуулагдсаны ойн баярын мэндийг урьдчилан хүргэе. Та өнөөдөр ч бас баахан бичиг баримт, мэдээлэлтэй ноцолдож суух шиг байна. Ер нь бидний амьдарч буй энэ цаг үеийг хүмүүс мэдээллийн дарангуйллын үе гэдэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Дарангуйллын гэх нь ч юу юм. Хашилтанд хэлж байгаа байх. Үнэхээр дэлхий мэдээлэлд булагдсан уу гэвэл үнэн л дээ. Ийм үед бүх мэдээллийг олж авах боломж хомс. Тэгэхээр сонгохоос өөр замгүй. Иргэдийн сонголт өндөр шаардлагатай байх ёстой. Сэтгүүл зүйд маш хүчтэй орж ирсэн зүйл бол цахим мэдээллийн хэрэгсэл. Ийм үед сонин, радио, телевиз аль нь ч өөр өөрийн ухаалаг бодлого боловсруулахгүй бол цацсан бүх хөдөлмөр нь талаар болж мэднэ. Тиймээс манай сонин бол ийм л юмыг авч явах ёстой гэсэн нийтлэлийн мундаг бодлого, стратегитэй байх ёстой. Жишээлбэл, “Монцамэ” гээд жижиг сонин байна. 21 аймаг, 329 суманд хүрдэг. Шуудангаар түгээхэд сонины үнийн 70-80 хувийг тээврийн зардалд авчихдаг. Ингэж тээврийн зардалдаа шатаж байхаар гээд ихэнх сонинуудад зар рекламаа тавиад нийслэлд гол төлөв тарааж байх нь ашигтай. Гэхдээ нийслэлийнхэнд ч, Баян-Өлгий аймгийн Сагсай сумынханд ч мэдээлэл хэрэгтэй байгаа шүү дээ.
-Блогийн бичлэг гэж нэг юм бий болсон. Та үүнийг хэр уншдаг вэ?
-Миний блог гэж нэг юм бий. Шинэчлэх зав болохгүй юм. Блог бол мэдээллийн нэг сонирхолтой хэлбэр, сэтгүүлзүйд гарч ирж байгаа нэг шинэ төрөл. Ийм үед харин сэтгүүлч гэдэг мэргэжил мөн үү гэдэг асуулт гарч ирж байна. Бараг хүн болгон сэтгүүлч болчих гээд байгаа юм биш үү? Цахим мэдээллийн хэрэгсэл хүнд мэдээлэл түгээх, авах боломж олгож байна. Тиймээс ийм үед сэтгүүлч хүн тал бүрийн мэдлэгтэй, мэдрэмжтэй байх ёстой болж байна. Сэтгүүлч бол хос мэргэжил. Сэтгүүлч байхын хажуугаар сумо тайлбарлагч, сэтгүүлч-агрономич, сэтгүүлч эмч гээд давхар мэргэшихгүй бол хол явахгүй болж байна л даа.
-Та олон газраар явж, аян замын тэмдэглэл бичиж байсан. Таны хамгийн дуртай бичлэгийн төрөл жанр юу вэ. Бас таны үеийн мундагчуудтай харьцуулаад ч тэр юм уу сэтгүүлзүйн төрөл жанрууд устах нь гэж халаглах хүмүүс байдаг?
-Сэтгүүлзүйн төрөл жанр устаж алга болж байгаа тухай их ярьдаг. Устаж алга болж байгаа юм биш. Жамсраны Цэвээнээс эхлээд Б.Ренчин, М.Бизьяа, Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв гуай нарын бүх нийтлэлийг судалж үзээд бичлэгийн төрөл зүйл алга болохгүй юм байна гэдэгт итгэх болсон. Гагцхүү тэр бичлэгийн төрлийг дээд зэргээр чадмаг эзэмшээд мэргэжлийн төвшинд бичиж чаддаг хүн цөөрсөн. М.Бизьяагийн “Өвлийн нүүдэл” гээд сайхан зураглал, найруулал байдаг. Яг л зохиол шиг. Тэгсэн мөртлөө баримтад тулгуурласан бүтээл. Ш.Цэрэнпил агсан хөрөг найрууллыг ямар сайхан бичдэг байлаа. Гэтэл түүнийг бурхан болсон чинь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хөрөг найруулал гарахгүй байна шүү дээ. Бидний ойлгодог шиг аян замын тэмдэглэл дэлхийн сэтгүүл зүйд байдаггүй. Үүнийг Орост ч юм уу, Америкт өөрөөр ойлгодог. Харин Монголд хамгийн их хөгжсөн нь аян замын тэмдэглэл. Утга зохиолын дүр, дүрслэл ихтэй. Хаад ноёд маань хүртэл аян замын тэмдэглэл их хийдэг байж. Хориод орноор аялсан аян замын тэмдэглэлээ би ном болгож хэвлүүлсэн. “Интерном” дэлгүүрт тавихаар дорхноо л алга болчихсон байдаг. Аян замын тэмдэглэл ер нь их сайхан төрөл. Сэтгүүлзүйн төрөл жанрууд нэг нэгэндээ уусч нэгдэж байгаа зүйл олон байдаг. Би шавь нартаа сэтгүүлзүйн бүхий л төрөл жанраар бичихийг захидаг. Мэдээг тоохгүй байж болохгүй. Сэтгүүлзүйн амин сүнс нь шүү дээ. Тиймээс сэтгүүлч хүн мэдээнээс авахуулаад хөрөг найруулал хүртэл бичиж чаддаг л байх ёстой. Тухайлбал, мэдээнд хамгийн өргөн хэрэглэгддэг 17 лид байсан. 1945 онд Польшууд Берлинийг эзлэх үеийн сонины лид их сонин байдаг. Оросын сэтгүүлч “Берлин уналаа” гээд ердөө хоёрхон үгээр бичсэн байхад Польшийн сэтгүүлч “Би энэ мөрүүдийг Берлин хотоос Гитлерийн сууж байсан ширээн дээр бичиж байна” гэж эхэлсэн байдаг. Хэлбэр нь их сонин байгаа биз.
-Одоогийн сэтгүүлчдийг голдог шүүмжлэл ч бий. Та ч жанр устах биш сайн бичдэг нь ховорджээ гэж хэлж байна. Ингэхэд сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй сэтгүүлч уран бүтээлчдийн талаар судалгаа явуулдаг уу? Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн хэдэн хувь нь мэргэжлийн, мэргэжлийн бус хүмүүс байгаа бол?
-Одоогоос 15 жилийн өмнө Данийн Данида төслөөс санхүүжүүлж, Хэвлэлийн хүрээлэнг байгуулсан. Сэтгүүлчдийн байгууллагаас социологийн судалгаа явуулж байсан нь үгүй. Радио телевиз, сонины нийтлэл нэвтрүүлгийн байдалд мониторинг хийх үүргийг Хэвлэлийн хүрээлэн дангаараа гүйцэтгэж байна. Энэ нь ч зөв юм. Яагаад гэвэл тэд өөрсдийн арга зүйтэй, эрдэм шинжилгээний багтай. Харин судалгаа, баримтаас нийт сэтгүүлчид, сэтгүүлчдийн байгууллага авч ашиглаж байна. Нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлдэг хамгийн хүчтэй хэрэгсэл бол радио, телевиз. Нийтлэл, нэвтрүүлгийн бодлого гэдэг чинь шинжлэх ухаан шүү дээ. Уг нь хамгийн хүчтэй нөлөөлдөг юм бол шүүмж судлал л даа. Судлал нь бол манайд бий. Гуч гаруй эрдэмтэд байна. Харин шүүмжлэл бол огт байхгүй. Ганц сэтгүүлчдийн холбоо ч биш, зохиолчдын холбоо, кино зохиол бүгдэд л шүүмжлэлийн бодлого үгүйлэгдэж байна. Би зүгээр өөрийнхөө жишээг л хэлье. Доктор, профессор Л.Норовсүрэнгийн номыг би гурван сар уншаад шүүмж бичсэн. Түүнийгээ хэвлүүлэх сонин олддоггүй. Ийм том хэмжээний шүүмжийг яаж нийтлэх юм бэ, та мөнгө өг тэгвэл хэвлэнэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм тамын ажилд гурван сар зарчихаад тэрийгээ хэвлэх газар олохгүй, мөнгө төлж байж хэвлэх бол хэн шүүмж бичих юм бэ? Явахгүй байна шүү дээ. Өөрөө дуртай, үйлийн үртэй эрдэм шинжилгээний ажил хийсэн хүн зүтгэж байгаа болохоос биш. Одоогоор СНЭ-ийн дэргэд шүүмж судлалын нэг клуб байна. Дээр үед их идэвхтэй ажиллаж байсан. Сайхан нийтлэл номыг магтдаг, муухан нэгийнх нь алдааг шүүмжилдэг байлаа. Шүүмж судлалыг хөгжүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Их, дээд сургуульд шүүмж судлалын чиглэлээр онцгой амжилт олох авьяастай хүүхдүүд байна. Сайн залаад чиглүүлээд өгвөл сайн шүүмж бичих хүүхдүүд гараад ирнэ. Тэдний сургалтын зардлыг төр хариуцдаг ч юм уу, механизм манайд хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн нэг сонин, редакцийн асуудал биш нийгмийг цэвэршүүлэхэд хэрэг болно. Тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсаны ойгоор миний тавих илтгэлийн нэг сэдэв л дээ.
-Ойн баярын өмнөх энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, сэтгүүлзүйн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцах нь зүйтэй байх?
-Сэтгүүл зүйн салбар бол уран бүтээлийн байгууллага. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Монголын сэтгүүлчдийн шилдэг нийтлэл” гэсэн 99 ботийг хэвлэж эхлээд байна. Үүнийг 60 жилийнхээ ойд барьж буй том бэлэг гэж ойлгож байгаа. Энэхүү ботид 1913-2013 он хүртэлх сэтгүүлзүйн бүтээлүүдийг оруулж байгаа. Сэтгүүлзүйг үндэслэгч Ж.Цэвээн, анхны ерөнхий сайд Д.Бодоо, Д.Бадрахбаатар зэрэг хүмүүсийн сэтгүүлзүйн бүтээлийг ботилж гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 14 боть гарчихаад байна. Энэ бол олон жилийн хөдөлмөр. Монголын сэтгүүлзүйн түүхэнд ийм том хэмжээний цуврал боть өмнө нь гаргаж байгаагүй. Сэтгүүлзүйн чиглэлээр ажиллаж буй уран бүтээлч, оюутан сурагчдад маш том гарын авлага болох биз ээ. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах МҮЭ-ийн бүлэг байгуулж, МҮЭХ-той гэрээ байгуулан ажиллаж байна. Сэтгүүлчдийн анхан шатны салбар сэтгүүлчдийг ажилд авах ажлаас халах эрхтэй болж байна. Сэтгүүлчдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх давтан сургалт гэдэг юм байхгүй болсон. Өмнө нь мэргэжлийн сургууль төгссөнөөс хойш таван жилийн дараа шинэ мэдлэг мэдээлэл олгох давтан сургалтад заавал хамрагддаг байсан. Үүнийг сэргээхээр 14, 30, 45 хоногийн сургалт, орон нутагт явуулын хэлбэрээр сургалт зохион байгуулж байна. Сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлдэг нь байхад үнэлдэггүй нь зөндөө байна. 60 жилийнхээ ойн өмнө бид сэтгүүлчдэдээ төрийн одон олгож, Хөдөлмөрийн баатар, гавьяат сэтгүүлч төрүүлэхээр тодорхойлолт оруулчихаад байна. Гэвч энэ бидний шийдэх асуудал биш.
Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өөрийн уран бүтээлийн шагналтай байх ёстой гэж үзээд сэтгүүлзүйг үндэслэгч Жамсраны Цэвээний нэрэмжит дээд шагнал бий болгосон. Гэрэл зургийн сайн сурвалжлагч, баримтат киноныхонд олгодог Магсарын Цэрэнцамцын нэрэмжит шагнал, сонины редактор, орлогч эрхлэгч нарт олгодог Цэндийн Намсрайн нэрэмжит шагналыг өнгөрсөн жил хоёр гурван хүнд олгосон. Улс төр, эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд анхны сэтгүүлч ерөнхий сайд байсан Д.Бодоогийн нэрэмжит шагнал олгоно. Мөн шилдэг сайхан эссэ, хөрөг найруулал бичдэг хүнд Ш.Цэрэнпилийн нэрэмжит шагнал зэрэг долоон төрлийн шагнал бий болгосон. Дэлэг гуайн нэрэмжит шагналыг шилдэг ном, нийтлэл нэвтрүүлэг хийсэн хүнд олгохоор болсон.
-Хэвлэлийн консултай болох тухай нэг хэсэг яригдаж байсан?
-Бид Ёс зүйн хороо, Хэвлэлийн консултай болъё гэж олон жил ярьж байна. Одоо ч ярьсан хэвээр. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэд байх мэргэжлийн сэтгүүлчдийн ёс зүйн хороо, орон нутгийн сэтгүүлчид, сонин, телевизүүдийн холбоо зэрэг салбар болон редакторуудын зөвлөлийн дэргэд гэсэн гурван шатанд ёс зүйн хороотой болъё гэсэн санал байгаа. Сэтгүүлчтэй холбоотой янз бүрийн гомдол санал тасардаггүй. Ийм тохиолдолд шүүхээр орохгүйгээр ёс зүйн хороотойгоо зөвшилцөх, хэрэв редакцидаа гомдлыг шийдэж чадахгүй бол мэргэжлийн хороогоор оруулах тухай яригдаж байна. Дэлхийн бүх ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн тухай хуульд хэвлэл мэдээлэл, сонин, радио,телевизийн үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлсон байдаг. Манай сэтгүүлчдийн эвлэл сэтгүүлчдээс ирсэн саналыг үндэслэн дөрвөн хууль санал болгож байгаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл орж ажиллаж байна. Улс төрийн намуудын хүчний харьцаа тэнцвэртэй байгаа үед ийм хууль гарах боломжтой байдаг. Одоо ийм тэнцвэртэй байгаа үед багц хуулиа гаргаад авъя гэж ажиллаж байна.
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэг талаасаа нийгэмд маш нөлөөтэй, хүчтэй байгууллага. Харин санхүүгийн чадамжийн хувьд хэр байдаг юм бэ?
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маань санхүүгийн хувьд үнэндээ ядруухан байгууллага. Манайх анх байгуулагдсан цагаасаа улсаас санхүүжилт авч байгаагүй. Орон тооны ганцхан ерөнхий нарийн бичгийн даргатай. Түүнийхээ цалинг ч өгч чадахгүй хэмжээний шахуу. Хэвлэл мэдээллийг дэмждэг сэтгэлтэй байгууллага, хүмүүсийн хандиваар л үндсэндээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жаран жилийнхээ ойн баярыг л гэхэд хандиваар хийхээс өөр аргагүй. Уран бүтээлийн бусад эвлэл холбоо ч иймэрхүү байдлаар явж байгаа. Урьд бол Сэтгүүлчдийн эвлэлийн мэдэлд 20 гаруй сэтгүүлч амруулдаг хоёр давхар амралттай, 160-170 хүнийг гадаадад явуулдаг хүчтэй байгууллага байсан. Одоогийн та нар сайн мэдэхгүй байх л даа. Тухайн үед олон улсын сэтгүүлчдийн сугалаа гаргадаг, түүнээсээ санхүүждэг байсан. Түүгээрээ харин ч ядарсан зүдэрсэн орны сэтгүүлчдэд тусламж үзүүлдэг байж.
Харин шилжилтийн үед дарга нар нь бүгдийг нь зараад Эрээнээс барааны саван зөөгөөд дуусгасан даа. Нийгэм хямарсан үед бүх байгууллага хямардаг. Сэтгүүлчдийн холбоо ч түүний хөлд үрэгдсэн. Одоо суух байр ч байхгүй л байна. Бид Сэтгүүлчдийн ордонтой болохоор хотын даргад хүсэлт тавьж газар авч байна. Хотын дарга Г.Мөнхбаяр сэтгүүлчдийн ажлыг хамгийн сайн ойлгодог хүмүүсийн нэг. Бид хотын асуудлаас болж түүнийг үхтэл муулдаг ч шүүмжлэлд огт эмзэглэдэггүй хүн шүү.