Тэргүүн зэрэглэлийн устгал

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Тэргүүн зэрэглэлийн устгал

Америкийн тусгай албаныхан 2011 оны тавдугаар сард нууц ажиллагаа явуулан Пакистаны нутаг дэвсгэрт “Аль-Каида”-гийн лидер Осама бин Ладеныг устгасан юм. Энэ ажиллагааны үр дүнгийн талаар New Yorker гэх долоо хоногийн сэтгүүл тусгай ажиллагааг бэлтгэн явуулсан хүмүүсийн яриан дээр үндэслэсэн “Тэр шөнө Абботтабадад юу болов” гэсэн гарчигтай материалыг наймдугаар сарын эхний дугаартаа нийтэлсэн байна. Түүнийг танилцуулья.

Тавдугаар сарын 1-ний шөнийн 12 цагийн эхээр Афганистаны зүүн нутгийн Жалалабад хотын цэргийн нисэх буудлаас MH-60 Black Hawk загварын хоёр нисдэг тэрэг хөөрч Осама бин Ладеныг устгах нууц даалгавараа биелүүлэхээр Пакистаны зүг нислээ. Тэдний дотор албан ёсоор DEVGRU-АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны ажил­лагаа явуулах хэрэгсэл ба тусгай арга боловсруулах хэсэг нэртэй “Далайн муурнууд” ба “Отряд 6” ангийн 23 тусгай албан хаагчид байв. Дайчдын хамт орчуулагч АНУ-ын иргэн пакистан түүнийг Ахмед гэж нэрлэе, мөн Каир нэртэй бельги овчарк-малинуа нохой явжээ.

Шөнө саргүй, шөнийн харах төхөөрөмжтэй нисгэгчид нь гэрлээ асаалгүйгээр нисдэг тэргүүдээ Па­кис­­таны хилийн зүг заллаа. Радио холбоо бараг хэрэглэгдээгүй ба ма­ши­­­нууд дотор чимээ аниргүй дүнсгэр. Нисдэг тэрэгнүүд 15 ми­ну­­­­тын дараа уулын хөндийгөөр Пакис­таны агаарын орон зайд орж ирэв. Сүүлийн зургаан жилийн турш нутгийн цэргийнхэн зүүн хөрш Энэтхэгийн хилийн хичээнгүйлэн сахиж байгаа. Тиймээс ч “Зөрөлдөн тулсан илдүүд: Пакистан ба түүний арми ба дотоод сөргөлдөөн” номын зохиогч Шужи Навазын хэлснээр “Агаараас эсэргүүцэн хамгаалах гол хүч нь зүүн хэсэгтээ төвлөрсөн ажээ”. Энэ санааг Пакистаны өн­дөр тушаалын албан хаагчид ба цэргийнхэн хуваалцаж байгаа. Гэхдээ Рабалпиндид надтай ярилцсан тус орны цэргийн удирдлагын нэгэн төлөөлөгч үүнтэй санал нийлэхгүй байв. Түүний хэлснээр “хилийг мэдэгдэлгүй даваж болохгүй” гэнэ. Пакистаны радарууд хаана бай­даг хаашаа чиглэгдсэнийг тэр тодруу­ла­хаас татгалзлаа. “Учир утга нь хаана радар байгаа, хаана байхгүй гэдэг­тээ биш” хэмээн тэр онцлов. Түүний үзэж байгаагаар америкчууд улс оронд амжилттай нэвтэрсэн нь “АНУ-ын техникийн давуу талын үр дүн” ажээ.

“Шөнийн мөрдөгчид” гэж нэрлэгд­сэн 160 дугаар нисэх хорооны нисгэгчдийн жолоосон машинууд нь Black Hawk-ийн сайжруулагдсан хувилбарууд юм. Тэдний ярьж бай­гаа­гаар бол техникийн өөрчлөлтөөр дулааны ялгарлыг бууруулсан ба дуу чимээ багатай болгон машинуудыг мэдэгдэхээргүй болгож чадсан байв. Хоёр нисдэг тэрэг өнцөг булантэй хэлбэр бүхий радио долгионыг шин­гээх тусгай материалаар бүрэгдсэн байна.  

“Далайн муурнуудын” очих газар нь Пакистаны нийслэл Исламабадаас хойд зүгт, Пир-Пенжал нурууны бэлд, хилээс 160 км-ийн зайтай жижигхэн хот Абботтабад байв.  Зуны халуунаас аврал хайсан өмнөд нутгийнхан тийшээ гэр бүлээрээ очдог. Британийн хошууч  Жеймс Аббот 1853 онд Абботтабад хотыг үндэслэжээ. Хожим 1947 онд байгуу­лагдсан Пакистаны эрх баригчид тэнд цэргийн нэр хүндтэй сургуулийг байгуулсан байлаа. Тагнуулын төв газрын мэдээгээр гурван давхарт нь бин Ладены нуугдаж байсан байшин нь цэргийн сургалтын төвөөс ойролцоогоор километрийн зайтай. Байгууламж нь дунд гарын чинээлэг хүмүүс амьдардаг Билал-Тауны районд Какул гэх авто замын дэргэд байсан ба нэг акр талбайг эзэлж байв. Төлөвлөгөөний дагуу тусгай хүчний дайчид нисдэг тэрэгнээс байрны хашаанд бууж бин Ладены хамгаалалтыгжагсаалаас гаргасны да­­раа түүнийг өөрийг нь шууд буудан уст­гаад цогцсыг нь Афганистанд авчрах ёстой байв.

Нисдэг тэрэгнүүд Пакистаны долоон омгийн нэгийн нутаг дэвс­гэр Момандын дээгүүр нисэн Пеше­ва­рыг хойд талаас нь тойроод зүүн тийш нисэж байлаа. DEVGRU Улаан эскадрилийн дарга түүнийг Жеймс гэе, 10 дайчдынхаа хамт Ахмед, Каир хоёртой зэрэгцэн шалан дээр суужээ (тусгай ажиллагаанд оролцогсдын нэрийг өөрчилсөн байгаа). Гучин настай Жеймс гоолин “далайн муурнууд”-тай огт адилгүй өргөн чээжээрээ зэрэнцэг шидэгч тамирчинг санагдуулж байв. Тэр шөнө тэрээр өнгөлөн далдлах зориулалтын цамц, өмдөөр хувцаслажээ. Жеймс дуу намдаагчтай SIG-Sauer P226 гар буу, нэмэлт дайз, нөөц ус ба хүч оруулах гелтай CamelBak үүргэвч авсан байв. Түүний бүсэнд эмийн сан нь бэхлэгдаж, гартаа богино голтой, дуу намдаагчтай Т4 автомат (бусад нь  Heckler & Koch MP7 автоматыг илүүд үзсэн байв) барьжээ. Түүний нэг халаасанд нь Бин Ладены байшингийн зураг, нөгөө халаасанд нь байшинд байж болох хүмүүсийн гэрэл зураг, “Сэтгэл зүйн зураглал” гэсэн товхимол байлаа. Даргын толгойд дуу чимээний эсрэг чи­хэвч зүүгдсэн байсан нь зүрхний цохилтоос нь бусад дуу авиаг дарна.

Нислэг үргэлжилсэн бүтэн хагас цагийн дотор Жеймс ба түү­ний албаныхан ажиллагааны төлөв­лөгөөг дахин дахин  дотроо давтаж явлаа. Алба нь тэднийг 2001 оноос хойш Афганистанд, Иракт, Йеменд, Африкийн орнуудад  явуулж байлаа. Тэднээс  наад зах нь гурван хүн “Маерск Алабама” хөлгийн ахмад Ричард Филлипсийг чөлөөлөх на­рийн ажиллагааг Сомалийн эрэгт явуу­лахад оролцож байв. Тэр ажил­­лагаагаар ахмадыг чөлөөлөн гурван далайн дээрэмчинг устгасан байлаа. DEVGRU отряд 2010 оны аравдугаар сард Афганистан зүүн хэсэгт талибуудад барьцаалагдсан буяны байгууллагын ажилтан шот­ланд эмэгтэй Линда Норгроувыг чө­лөө­лөхөөр оролдсон юм. Дай­рах ажиллагааны үеэр “далайн муур­нуудын” нэг нь дайчдын дунд гар бөмбөг шидэхдээ тэдний хажууд Норг­роув байгааг анзаарсангүйгээс тэр эмэгтэй дэлбэрэлтэд өртөн амиа алдсан юм. Тусгай албаныхан өөрс­дийн энэ алдаагаа удтал санаж явлаа. 

Пакистанд тэд бас орж байв. “Далайн муурнууд” тэр оронд 10-12 ажиллагааг явуулсан гэж тэдний аяныг сайн мэдэх нэг дайчин ярьж байна. Тэдний ихэнх ажиллагааг Өмнөд ба Хойд Вазирстанд явуулсан байна. Тагнуулын мэдээгээр тэнд бин Ладен ба “Аль-Каидагийн” бу­сад гишүүд нуугдан орогнож байв (Хэвлэлээр 2008 оны есдүгээр сард Өмнөд Вазирстаны Ангур-Ада тос­гонд хийгдсэн ажиллагааг л өргөнөөр бичжээ). Ер нь бол тэдэнд Пакистаны гүнд ингэж гүнзгий нэвтэрсэн тохиолдол байсангүй. Тусгай ажил­лагааны Нэгдсэн командлалаас (JSOC) “Коленвал”-гэж бин Ладены нэ­рийг кодлосон өнөөгийн энэ ажил­лагааны оролдлого нь 2001 оны өвлөөс хойших хамгийн ноцтой нь болж байна. Тэр өвөл террористыг Зүүн Афганы Тора-Бора бүсээс барих гэсэн ба тэр нуугдаж чадсан юм. Тэр цагаас хойш бин Ладеныг мөрдөн хайх нь амжилтгүй байлаа. Тэр эц­сийн дүнд нь хэрхэн Абботтабадад суурьшсан нь огт ойлгомжгүй хэвээр.

Black Hawk нислэгт гарснаас 45 минутын дараа Желалабадын тэр нисэх буудлаас дөрвөн нисдэг тэрэг MH-47 Chinook хөөрлөө. Тэдний хоёр нь хил нэвтрэлгүй ойролцоо нь буусан байна. Хоёр нь цааш Пакистаны гүн рүү нислээ. Тэднийг нислэг шийдвэрийг ерөнхийлөгч Барак Обамагийн шаардлагаар сүүл­­чийн эгшинд гаргажээ. Төрийн тэргүүн америкчуудад “Пакистанаас мултран гарах” боломжийг ханга­хаар давхар баталгаа гаргасан нь тэр байлаа. Хил дээр үлдсэн хоёр нисдэг тэргэнд Афганистанд байрлах эскад­рильд хамаарагдсан DEVGRU-ийн 25 дайчид байв. Энэ “шуурхай ажил­лагааны отряд” нь хэрэг яв­дал өөрөөр эргэвэл ажиллагааг үргэлж­лүүлэх зорилготой байжээ. Гурав ба дөрөв дэх Chinook нисдэг тэрэгт хурдан буудлагатай M134 Minigun пулёметууд ачигдсан байв. Тэд эхлээд  Black Hawk-ийн замыг давтан нисч байгаад Баруун хойд Пакистаны эзгүй хөндийн ширгэсэн голын гольдрилд урдаас төлөвлөсөн цэгт газарджээ. Тэдэнд хамгийн ойр байшин км гаруй зайтай байсан юм. Машиныг буулгаад нисгэгчид нь хөдөлгүүрээ унтраасангүй хүлээв. Дотор нь байсан дайчид Пакистаны нисдэг тэрэгнүүд эсвэл сөнөөгч онгоцнуудыг гарч ирэхийг мөрдөн ажиглаж байлаа. Нэг Chinook-т нь шатахууны нэмэлт сав ачсан ба хэрэг гарвал машинуудыг шатахуунаар цэнэглэх боломжтой байв.

Тэр цагаар хоёр Black Hawk, Абботтабадын хойт уулсаар халхлаг­дан нуудсаар хотод хурдан  ойртож байлаа. Нисгэгчид баруун талаа барин машинуудаа өмнө зүг эргүүлэн Абботтабадыг зүнээс нь хүрээлсэн уулын дагуу нисэв. Толгод дууссаны дараа тэд дахин баруун тийш эргэн нислэгийн  сүүлийн хэсэгт нь хотын төв рүү нислээ. Дараагийн дөрвөн минутад нь Black Hawk дотор цэнэглэгдэж байгаа буу зэвсгийн тө­мөр хавилдах чимээ л сонсогдоно. Эх­ний нисдэг тэрэгний онгорхой хаал­ганы дэргэд мастер бөгөөд гол ахлагч, отрядын дарга Марк суужээ. Бээлий, шөнийн харах төхөөрөмж өмссөн тэр ба түүний 11 дайчид трос буулгах командыг хүлээн бин Ладены байрны хашаанд буухаар бэлтгэсэн байлаа. Гэвч байрны дээр зогсоод доошилж эхэлсэн эхний нис­­дэг тэрэгний нисгэгч машиныг баруун тийш нь агаарын урсгал авч явааг мэдэрлээ. Ослоос гарах аргагүй байв.

2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө тэр үед сенатор байсан Обама Нэшвилийн Бельмонтын их сургууль дээр Жон Маккейнтай халз маргаан хийж байх үеэр үзэгч нэгэн эмэгтэй асуул­тад хариулсан юм. Тэр цагт “тэнд” нуугдаж байгаа “Аль-Каи­да­гийн” лидерүүдийг устгахын тулд Пакис­танд нэвтрэн ороход бэлэн байна уу?” гэсэн асуудал  иржээ. Хариуд нь сенатор хэлэхдээ “Хэрэв бид бин Ладеныг мөрдөн мөшгөж оллоо гэхэд Пакистаны Засгийн газартүүнтэй холбогдохыг хүсэхгүй буюу чадах­гүй бол бид өөрсдөө түүнийг устгах хэрэгтэй гэж би бодож байна. Бид бин Ладеныг устгана. Бид “Аль-Каидаг” сүйрүүлнэ. Энэ нь бидний аюулгүй байдлын бодлогын гол чиглэл байх болно” гэсэн юм. Гадаад бодлогодоо хэтэрхий гэнэн гэж Обамаг байнга шахуу хэлж байсан Маккейн түүний амлалтыг тэнэг гээд “Би бол өөрийн эрмэлзлэлээ үзүүлээд байхгүй байсан” гэж нэмэн хэлсэн байлаа.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Ш.МЯГМАР




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж