“4-11” уулзалтыг ЭНЭШТ-д хийв

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

“4-11” уулзалтыг ЭНЭШТ-д хийв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намаас сар бүр сэтгүүлчидтэй хийдэг “4-11” уулзалтыг өчигдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд зохион байгууллаа. Уулзалтад намын дарга Н.Алтанхуяг болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон ЭНЭШТ-ийн удирдлагууд оролцсон. Учир нь энэ удаагийн уулзалтаар Ардчилсан намаас улс орон даяар зохион байгуулж эхлээд байгаа “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэгт санал нэмэрлэх зорилгоор “Эрүүл чийрэг Монгол хүн” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

    “Монгол хүн 2020” Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Дорнод, Булган, Дорноговь аймагт сум бүрийн төлөөллийг оролцуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн бүс нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндсөн дэд хөтөлбөрүүдийг эхлүүлсэн билээ.

    “Эрүүл чийрэг-Монгол хүн”­­­ сэдвийн хүрээнд болсон энэхүү уулзалтад намын дарга, УИХ-ын гишүүдээс гадна “Эрүүл чийрэг-Монгол хүн” ажлын хэсгийн ахлагч Т.Батмагнай болон ЭНЭШТ-ийн захирлын орлогч Ш.Энхтөр, Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн захирал н.Санждорж,  Хүүхдийн дотор, мэс заслын клиникийн захирал Д.Ганчимэг нар оролцож, саналаа нэмэрлэлээ.

    Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг уулзалтын эхэнд “Энэ удаа бид ЭНЭШТ-ийг сонгосны учир нь монгол хүний эрүүл байх асуудал эрүүл төрж, эрүүл орчинд өсч бойжихоос эхэлдэг. Өнгөрсөн онд бид 65.889 шинэ иргэнээ өлгийдөж авсан. Эдгээр хүүхдүүдийг эрүүл энх байлгах нь бидний нэн тэргүүний асуудал” гэлээ. Дараа нь намын дарга нар ЭНЭШТ-ийнхнөөс сонирхсон мэдээллээ асууж тодруулсан юм.

    Н.Алтанхуяг: -1990 оноос хойш хүүхдийн өвчлөлд хэр өөрчлөлт орж байна? Яг өнөөдрийн нөхцөлд эмчллүүлэгчдийн дунд ямар өвчин зонхилж байна?

    Ш.Энхтөр: -1990 оноос хойш хүүхдийн өвчлөлийг дөрвөн үндсэн бүлэгт хувааж болохоор байна. Хамгийн нэгдүгээрт, амьсгалын замын өвчлөл, түүн дотроо амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу бидний хэлж заншсанаар томуу, томуу төст өвчнүүд зонхилж байна. Дараа нь, хоол боловсруулах эрхтний эмгэг, эмгэгийн өвчнүүд, мэдрэлийн өвчин, дөрөвт бусад эрхтэн, тогтолцооны өвчнүүд орж байна. 2010 онд ч томуу, томуу төст өвчнүүд хүүхдийн өвчлөлийг тэргүүлсээр байсан. Гэхдээ цочмог халдвар нь архаг, хууч болох шинж давамгайлж байна. Мөн гаж хөгжил, ахуйн гэмтлүүд ихээр бүртгэгдэх болсон.

    Ч.Сайханбилэг: -Засгийн газраас санаа­чилсан Эрүүл мэндийн багц хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд яваа. Ер нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал дээр хууль эрхзүйн ямар зохицуулалт шаардлагатай байна?

    Ш.Энхтөр: -Хүн болгон олон сэдвээр ярьдаг. Гэсэн ч эцэстээ нэг л зүйл дээр санал нийлдэг. Энэ нь Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал байдаг. Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үүн дээр өндөр хөгжилтэй орны практикийг Монголынхоо хөрсөн дээр буулгаж ирэх шаардлага байна гэсэн юм. Тэдний дараа сэтгүүлчид ЭНЭШТ-ийн удирдлагуудаас сонирхсон асуултаа асууж хариулт авсан.  Намын удирдлагууд ч “Монгол хүн 2020” хөтөлбөрийн Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай, орлоготой, Аюулгүй орчинтой Монгол хүний тухай хэлэлцүүлэгтээ мэргэжлийн байгууллагууд, үйл явдлын “халуун цэгээс” мэдээлэл авч, хөтөлбөртөө тусгаж ажиллахаа амласан.

    Г.ДАРЬ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж